Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2015/08744/И |
Дугаар | 102/ШШ2016/05065 |
Огноо | 2016-09-08 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/05065
2016 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2016/05065 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоотод оршин суух, Х овогт Ж Д-ын
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, , Х овогт Ц Н холбогдуулан гаргасан,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Ц.Н шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 оны 7 дугаар сард Ц.Н танилцсан. 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү Н.Х, 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бага хүү Ц.Э төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаандаа таарамж муутай байдаг байсан. Ц.Н гэр орондоо хонохгүй, өөр хүнтэй явж хуурч мэхэлж, архи уухаараа хэд хоногоор явдаг байсан. Үүнийг би амьдралд тохиолдох зүйл гэж бодоод өнгөрөөдөг байсан. Сүүлийн 2-3 жилд үглэх, уурлах, сэтгэл зүйн дарамт өдөр болгон тохиолдох болсон. Үүнээс болоод Ц.Н архи уухаараа агсам тавьдаг болсон. Би Ц.Н архи уусан үед нь би хоёр хүүхдээ дагуулаад ах, дүүгийнхээрээ хоночихоод, эрүүл болохоор нь гэртээ ирдэг болсон. Миний салах болсон хамгийн том шалтгаан бол миний том хүү Н.Х ингэж амьдрах хэцүү юм байна. Би амиа хорлоно гэж ярьдаг бөгөөд аавыгаа буудаж байгаа зураг хүртэл зурдаг болсон. Би үүнийг хараад цаашдаа ингэж амьдарвал хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх юм байна гэж бодоод салахаар шийдсэн. Ц.Н намайг хамгийн сүүлд золбин нохой минь манайхаас зайл гэж хөөснөөс хойш дахиж гэртээ эргэж очоогүй. Бид 2014 оны 9 сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Хамт амьдраагүй хугацаанд шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрч амьдрах боломжгүй. Яагаад ч ойлголцож чадаагүй.
Тиймээс гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Бид тусдаа амьдарч байх хугацаандаа хоёр хүүхдээ өөрийн асрамжид байлгасан. Заримдаа хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг байсан боловч Ц.Н санхүүгийн туслалцаа авч байгаагүй учир 2 хүүхдээ өөрийн асрамжид байлгаж, Ц.Н 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.
Бид гэрлэхэд өрөө байртай байсан. Тус байр болох дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот өрөө сууцыг Ц.Н Солонгос Улсад ажил хийж олсон мөнгөөрөө худалдаж авсан. Энэ хугацаанд Ц.Н спорт бараа зарж, наймаа хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд өртөөд, мөнгөний хэрэгцээ маш их болж, найз нөхдөөсөө мөнгө зээлсэн. Гэхдээ мөнгөний хэрэгтэй үед аль аль талаасаа мөнгө зээлж, бараа авч, түүнийгээ зарж амьдарсан. Гэтэл эдийн засгийн хямралтай байсан учраас бараа зарагдахгүй, эргэлтийн мөнгөгүй болж, бүр түрээсээ ч төлж чадахаа больсон.
Нэг өдөр манай найз та 2 санхүүгийн хэцүү байдалд байгаа юм чинь жилийн 7 хувийн хүүтэй 100.000.000 төгрөг зээлэх үү гэсэн санал тавьсан. Би энэ талаар Ц.Н ярилцаж, манай найз 100.000.000 төгрөг зээлэх боломж олгож байна гэж хэлэхэд Ц.Н зээл авч газар аваад, нийтийн байр баръя, их ашигтай юм байна. 5 жилийн дотор төлж дуусах юм байна гэж хэлсэн. Тиймээс бид 100.000.000 төгрөг зээлж авсан. Үүний дагуу Сансарт газар худалдаж аваад нийтийн байр барьсан. Гэтэл нийтийн байр 160 сая төгрөгөөр боссон. Илүү гарсан 60.000.000 төгрөгийг хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж байж байраа барьж дуусгасан. Ингээд бүр санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнийг Ц.Н ах Ц.Н та хоёр санхүүгийн хувьд хэцүү байдалтай байгаа юм чинь банкнаас зээлсэн 100.000.000 төгрөгийн 50.000.000 төгрөгийг би төлөөд бэлнээр 60.000.000 төгрөг өгөөд байрыг чинь авъя гэж хэлсэн. Ингээд ахдаа 110 сая төгрөгөөр өрөө байраа зарсан. Одоо зээлийг төлөөд дууссан гэсэн.
Би явснаасаа хойш банкны мөнгөтэй холбогдоогүй. Учир нь лангуу ажиллуулж байсан бүх барааг хариуцагч авсан. Мөн Ц.Н нийтийн байраа өөрөө ажиллуулаад үлдсэн. Би гэрээсээ явахдаа найз нөхдөөсөө авсан 18.000.000 төгрөгийн өртэй салсан. Би одоо хүртэл энэ мөнгийг төлсөөр байгаа.
Тусдаа байх хугацаандаа Ц.Н 18.000.000 төгрөгийг нэхэж байгаагүй. Харин Ц.Н үргэлж над руу банкны мөнгийг төл. Намайг чи өрөнд оруулсан, миний амьдралыг сүйрүүлсэн, чамд өгөх юм байхгүй, чи надаас мөнгө авах ямар ч эрх байхгүй гэх зэргээр олон удаа дарамталдаг байсан.
Би гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох дүүрэг, дугаар хороо, хаягт байрлах айлын нийтийн байрнаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгээ гаргуулахыг хүсч байна.
Тус байрыг шинжээч 480,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан боловч уг үнэлгээг бодит биш гэж үзэж байна. Хариуцагч нь хөрөнгө зуучлалын Осмо төвөөр үнэлүүлэхэд өнөөдрийн зах зээлийн үнэлгээ 110,000,000 төгрөг байна гэж байсан.
Энэ нийтийн орон сууцыг барихад 160,000,000 төгрөг орсон учир би байрыг 150,000,000 төгрөгөөр үнэлээд уг мөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулна.
Сүүлийн зээлийн үлдэгдэл 10 сая төгрөгийг Ц.Н ах төлсөн учир би өөрт ногдох хувиас 5,000,000 төгрөгийг ахад нь өгөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх 5 сая төгрөгийг Ц.Н өөрт ногдох хувиасаа ахдаа өгөх байх гэв.
Хариуцагч Ц.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2004 оны 7 дугаар сард Ж.Д танилцаж, гэрлэлтээ батлуулж, хамт амьдарсан. 2005 оны 11 дүгээр сарын 14-нд том хүү Н.Х, 2009 оны 7 дугаар сарын 15-нд бага хүү Н.Э төрсөн. Би хоёр хүүхдээ төрснөөс нь хойш гар бие оролцож хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарч ирсэн. Ж.Д 2 хүүхдээ төрүүлээд удаагүй байж байгаад ажилдаа орчихдог. Ажилтай байна гээд байнга оройтож ирээд гэр орон, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Би 2 хүүхдээ өөрийн гараар өсгөсөн. Гадаа гарч эр болж, гэрт орж эм болж бүх, амьдралаа авч явдаг байсан.
Үүнээс болоод би маш их сэтгэлээр унаж, архи уудаг болсон. Би архи уусан үедээ бухимдаад үнэнийг нь хэлэхээр Ж.Д уурлаад хэд хоног алга болчихдог. Би Ж.Д нийлснээсээ хойш байнга өрөнд ордог болсон.
Би гэр оронгүй учир хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхээр шийдвэр гаргасан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй учир хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй.
Ж.Д байнга энэ тэндээс зээл авъя гэж хэлдэг. Би зээл авах хэцүү амьдралд тооцоотой байвал амьдралаа авч явж болно гэж хэлэхээр огт хүлээж авдаггүй. Намайг арчаагүй, аймхай, юм үзээгүй гэх зэргээр доромжилдог.
Би Ж.Д танилцахаасаа өмнө 3 өрөө байртай, ажлын байртай, унах унаатай, 2 дэлгүүртэй байсан. Гэтэл одоо би үр хүүхдээсээ ч хол орох орон ч байхгүй хэцүү байдалтай байна. Миний 2 дэлгүүрийг Ж.Д ажиллуулдаг байсан. Гэтэл орлого олохгүй байна гээд олсон мөнгөө үрэн таран хийгээд л энэ тэнд өр зээл тавьдаг. Би дандаа тавьсан өрийг нь дараад явж байсан. Би зээлийг нь арай гэж дарахаар дахиад л өр гаргаад ирдэг. Бид сүүлдээ бүүр таарч тохирохоо болиод 2014 оны 9 дүгээр сарын 01-нд салсан. Салахдаа миний лангууг барааг хүлээлгэж ч өгөөгүй. Данс тооцооны дэвтэр ч өгөөгүй. Шууд хаяад л явсан. Би ямар ч эргэлтийн хөрөнгөгүй болж бараагаа хураасан.
Би хүмүүсээс авсан өр, зээлээ арай хийж дараад овоо нэг гайгүй болоод байж байтал Ж.Д намайг дуудаж, хүрээд ир ярих юм байна гээд байсан. Тэгтэл Ж.Д 100.000.000 төгрөг зээлье гэж хэлсэн. Би ийм их өндөр зээл аваад сар бүр өндөр хүү төлнө зээл аваад хэрэггүй гэсэн чинь уурлаж, доромжилсон. Ингээд би 100.000.000 төгрөгийн зээл авч, сансарт газар аваад 21 өрөөтэй нийтийн байр барьсан. Нийтийн байр нь 160.000.000 төгрөг болсон. Үүнээс болоод байраа ахдаа зарсан. Манай ах та 2 өр зээл ихтэй, хүндхэн байгаа юм чинь 60.000.000 төгрөг бэлнээр өгөөд, 100.000.000 төгрөгийн зээлээс 50.000.000 төгрөгийн нь төлье гэж тохиролцоод би байраа 110.000.000 төгрөгт тооцож ахдаа зарсан. Бэлнээр өгсөн 60.000.000 төгрөгөөр нь хүмүүст тавьсан байсан өр, зээлээ дарсан.
Банкнаас зээлээ төл гэж дарамтлаад байсан учир ах маань төлсөн. Одоо ахдаа 10 сая төгрөгийн зээлтэй үлдсэн. Ах Ж.Д бид хоёрт та хоёроос хүү авахгүй, боломжтой үедээ өгөөрэй гэж хэлсэн. Одоо н.Самбуу ахаас авсан 10,000,000 төгрөгийн өр нэхэгдэж байгаа.
Нийтийн байрыг зарж борлуулаад хувааж авна гэж байна. Энэ байранд Ж.Д сэтгэл шингэсэн юм огт байхгүй. Зээлээс нэг ч удаа төлж байгаагүй. Тиймээс энэ хүний хүсээд байгаа зүйлийг өгч чадахгүй. Хэрэв нийтийн байрыг зарж борлуулбал хоёр хүүхдэдээ ногдох хувийг өгнө. Мөн өөртөө орон байртай болно. Би амьдралынхаа төлөө морь шиг зүтгэсэн.
Газар, нийтийн байраа үнэлгээний газраар үнэлүүлэхэд 400 гаруй сая төгрөгөөр үнэлсэн байсан. Энэ үнэлгээ нь одоогийн зах зээл дээр байгаа ханшнаас хол зөрүүтэй үнэлгээ юм. Осмо ХХК-иар үнэлүүлэхэд 110,000,000 төгрөгөөр зарагдах боломжтой гэж хэлсэн гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь Ц.Н гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг тодорхойлуулан гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим хэсэг буюу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ж.Д, Ц.Н нар 2004 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, эрх бүхий байгууллагад 2005 оны 8 дугаар сарын 29-ний албан ёсоор бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү Н.Х, 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бага хүү Н.Э нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх дүгээр тал/
Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос тусдаа амьдарсан байх ба талуудын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахаар орсон ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-13 дугаар тал/
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн ... байнга архи ууж агсан тавьдаг, ... том хүү маань аавыгаа буудаж байгаа зураг зурдаг болсон, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх юм байна ... гэх тайлбарыг үгүйсгэхгүи байхын зэрэгцээ шүүх хуралдааны үеэр гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:
Хүү Н.Х, Н.Э нар эхийн асрамжид эрүүл бойжиж байх ба том хүү Н.Хүслэн асрамжийн хувьд эхтэйгээ амьдрах санал өгчээ. /хх-26, 94-96 дугаар тал/
Хариуцагч Ц.Н нь хүүхдийн асрамжийн асуудлаар марган, шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хүсэлтээсээ татгалзан, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрдөг тул гэрлэгчдийг хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон гэж үзэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү Н.Х, Н.Э нарыг эх Ж.Д асрамжид үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Х, Н.Э нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, уг тэтгэлгийг эцэг Ц.Н гаргуулахаар шийдвэрлэв.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хариуцагч зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
3.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ж.Д дүүргийн дугаар хороо, айлын нийтийн орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан.
Уг эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байгаа хэдий ч Ц.Н үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгтэй маргаагүй, харин ногдох хэсгээс нэхэмжлэгчид өгөхгүй гэх үндэслэлээ ... түүний хүсэлтээр банкнаас зээл авч, нийтийн байрыг барьсан, ... Ж.Д сэтгэл шингэсэн юм огт байхгүй, ... бусдад өр төлбөртэй байгаа ... гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд гэрлэгчид хамтран амьдарч байх хугацаандаа дүүргийн дугаар хороо, айлын нийтийн орон сууцыг барьснаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болжээ. /хх-41-42, 76-77, 104-105 дугаар хуудас/
Талууд уг үл хөдлөх эд хөрөнгийг барихдаа Хас банкнаас 100,000,000 төгрөг, мөн бусдаас 60,000,000 төгрөгийн зээл авсан, мөн хариуцагчийн ахад өөрсдийн амьдарч байсан орон сууцаа зарж, түүний бэлнээр өгсөн мөнгөөр бусдад төлөх өр төлбөрөө төлж дуусган, үлдэх банкны төлбөрийг ахтайгаа хувааж төлж дуусгасан болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог. /хх-67-73, 105-106 дугаар хуудас/
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилон нийтийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгоход маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 481,212,492 төгрөгөөр үнэлснийг Ж.Д үндэслэл бүхий болоогүй гэж үзэн, тухайн объект 160,000,000 төгрөгөөр боссон учир 150,000,000 төгрөгөөр үнэлэн гэр бүлийн гишүүдийн ногдох хэсгийг тодорхойлуулахыг хүсч байна. /хх-45-63, 76 дугаар хуудасны ар тал, 105 дугаар хуудасны ар тал/
Ц.Н мөн шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй болсон гэж тайлбарлан, Осмо ХХК-иас асуухад 110,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүйн гадна талуудын хэн аль нь дахин шинжээч томилуулахыг хүсэхгүй байна. /хх-76 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч нь иргэн н.Самбуу гэгчид 10,000,000 төгрөгийн өртэй, нийтийн байр барихад зээлсэн гэх боловч уг үйл баримтаа баримтаар нотлохгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Д хариуцагчийн ах Ц.Н төлөх 10,000,000 төгрөгийн өрний 50 хувийг төлөхийг зөвшөөрч, өөрт ногдох хэсгээс 5 сая төгрөг хасахыг хүлээн зөвшөөрдөг учир нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа 5 сая төгрөгөөр багасгасан гэж үзлээ. /хх-106 дугаар хуудас/
Шүүх нэхэмжлэгчийн, нийтийн орон сууцыг 150,000,000 төгрөгөөр үнэлэн, ногдох хэсгээ тодорхойлуулах гэж буйг буруутгах боломжгүй гэж үзэн, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнийг 4 гишүүнд адил хэмжээгээр хуваахад Ж.Д, хүү Н.Х, Н.Э нарт нийт 112,500,000 төгрөг /150,000,000 :4=37.500,000 х 3/ ногдож байх ба нэхэмжлэгчид ногдох хэсгээс 5,000,000 төгрөгийг хасч тооцон, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.Н 107,500,000 /нэг зуун долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. /хх-105 дугаар хуудасны ар тал/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Н 645,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Харчин овогт Ж Д, хариуцагч овогт Ц Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү Н.Х, Н.Э нарыг эх Ж.Д асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Х, Н.Э нарт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, уг тэтгэлгийг эцэг Ц.Н гаргуулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хариуцагч зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.Н 107,500,000 /нэг зуун долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д олгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 645,450 төгрөг гаргуулан Ж.Д буцаан олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД