Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1094

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  С.Нямсүрэн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч У.Болормаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1903 00423 0240 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Б, 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шар 1-17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 07:20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд “Тоёота приус-30” маркийн, 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Болормааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ” гэв.

Хохирогч У.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны даваа гарагт 7 цаг 20 минутийг үед хөдөө аж ахуйн үед гарцаар гарч байхад гуравдах эгнээний машин зүүнээс баруун тал руу явж байсан. Намайг мөргөөд би унасан. Нэг мэдсэн хөл минь машины доогуур орсон тэгээд би уйлсан. Тэгээд машины жолооч машинаасаа бууж ирээд намайг замаас гаргаад Гэмтлийн эмнэлэг рүү явья гэхэд нь надад эмнэлэг рүү явах боломжгүй байсан. Яагаад гэвэл гэрт жаахан хүүхэд минь байсан. Тэгээд би хэргийн газраас шууд яваад охиноо сургуульд нь хүргэж өгөөд дараа нь хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгсөний дараа би Гэмтлийн эмнэлэг рүү очиж цагдаад бүртгүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт намайг дотор гадар шагайны яс хугарсан гэж хэлсэн. Тэгээд тэнд үзүүлчихээд ахиад чи хувийн эмнэлэгт үзүүл гээд Мөнгөн Гүүр эмнэлэгт очиж үзүүлэхэд заавал хагалгаанд орох шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр нь Мөнгөн Гүүр эмнэлэгийн хариуд итгээгүй. Дахин өөр эмнэлэгт үзүүлэхээр шийдсэн. Дараа нь Цагдаагаас хэргийн газарт үзлэг хийнэ гэсан мөн дараа нь шүүх эмнэлэгт үзүүүлэхэд гэмтлийн зэрэг тогтоосон. Тэгээд би эмнэлэг судлаад “Хюндай” эмнэлэгт  хагалгаанд орж болно гэж хэлсэн. Тэгэхлээр нь Солонгост эмнэлэг судалсан. Монголд гарах зардалтай ижил байсан учир би Солонгос явж хагалгаанд орсон. Намайг шүүгдэгч талаас тохиролцъё гэж хэлсэн гэж хэллээ. Надад урьдчилгаа хэдэн төгрөг өгье гэж хэлээгүй зүгээр хэдэн төгрөг өгчөөд шууд та гомдолгүй гэж бичээд өг гэж хэлсэн. Миний хөл одоо хүртэл удаан зогсож чадахгүй байгаа. Ядаж миний санхүүгийн зардлыг барагдуулах ёстой. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилсэн. Би гомдолтой байна” гэв.

Хохирогч У.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд явган хүний гарцаар хойноос урагш чиглэлтэй 8 настай охин Гоомаралын хамт зам хөндлөн гарч явтал 1, 2-р эгнээгээр явж байсан машинууд зогссон, би цааш явж байтал 3-р эгнээгээр Тоёота приус маркийн автомашин орж ирээд миний зүүн гар талаас мөргөсөн. Миний охин баруун гар талд явж байсан болохоор мөргүүлээгүй” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд Тоёота Приус-30” маркийн, 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодоод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 3-р эгнээгээр явж байгаад явган хүний гарц дээр хүүхэд дагуулсан хүнийг машиныхаа баруун урд хэсгээр түүний зүүн хөлийг мөргөсөн..." гэх мэдүүлэг /хх 44/,

Гэрч Д.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд манай найз залуу Б.Б манай ахын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн, 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодоод би машин дотор зүйрмэглээд явж байтал машин тоормослоод нэг эмэгтэй хүн хашгирах чимээ гарахад сэрээд хартал Баянзүрх дүүргийн нутаг Хүнс хөдөө аж ахуйн яамны урд явган хүний гарцан дээр машинд мөргүүлсэн эмэгтэй уйлаад сууж байсан…” гэх мэдүүлэг /хх 46/,

Иргэний хариуцагч Д.Пунцагбалжир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ““...Б.Б нь миний дүү Д.Нямсүрэнгийн найз байгаа юм. Намайг эзгүйд миний “Тоёота приус-30” маркийн, 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг дүү болон Батбаяр нар унадаг байсан. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад тусалж дэмжинэ...” гэх мэдүүлэг /хх 41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5003 дугаартай дүгнэлт:

1. У.Болормаагийн биед зүүн шилбэний шаант, тахилзуурын доод булууны гадна хавчаар ясны далд хугарал, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна.

           4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 51/, Мөрдөгчөөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх 2-6/, Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-11/, Хохирогч У.Болормаагийн Солонгос улсад эмчилүүлсэн эмчилгээний зардлын талаарх нотлох баримтууд /хх-23-39/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 62/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 07:20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд “Тоёота приус-30” маркийн, 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Болормааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч У.Болормаагийн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд явган хүний гарцаар хойноос урагш чиглэлтэй 8 настай охин Гоомаралын хамт зам хөндлөн гарч явтал 1, 2-р эгнээгээр явж байсан машинууд зогссон, би цааш явж байтал 3-р эгнээгээр Тоёота приус маркийн автомашин орж ирээд миний зүүн гар талаар мөргөсөн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Нямсүрэнгийн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд манай найз залуу Б.Б манай ахын эзэмшлийн “Тоёота приус-30” маркийн, 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодоод би машин дотор зүйрмэглээд явж байтал машин тоормослоод нэг эмэгтэй хүн хашгирах чимээ гарахад сэрээд хартал Баянзүрх дүүргийн нутаг Хүнс хөдөө аж ахуйн яамны урд явган хүний гарцан дээр машинд мөргүүлсэн эмэгтэй уйлаад сууж байсан…” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч У.Болормаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг Солонгос улсад эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 9.845.182 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 9.845.182 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбат нь хохирогчийг гадаад улсад эмчлүүлэх шаардлага байхгүй байсан бөгөөд Монгол Улсад эмчлүүлэх бүрэн боломжтой байсан, хохирлын нийт дүн өндөр байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн бөгөөд хохирогч У.Болормаа нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг хэрхэн эмчлүүлэх нь тухай хүний эрхийн асуудал бөгөөд хөндлөнгийн аль нэг этгээд түүнийг буруутгах нь зохимжгүй гэж шүүх дүгнэв.

Мөн хохирогч У.Болормаа нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Б-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас нийт 9.845.182 /есөн сая найман зуун дөчин таван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Болормаад олгосугай.

 

  1. Хохирогч У.Болормаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР