Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00317

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/04824 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, торгуульд 15,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гүйцэтгэсэн ажлын хөлс буюу зардалд 65,868,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч бөгөөд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. *******, ******* нараар 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******* палас барилгын гадна метал фасадны төмөр рамыг 75,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт Лексус Аар экс 400 Эйч /Lexus RX 400H/ маркийн автомашиныг 55,000,000 төгрөгт тооцож өгсөн ба үлдэгдлийг ажил дуусахаар ажлын гүйцэтгэлээр тооцохоор тохиролцсон.

1.2. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хариуцагч нар ажлаа хийгээгүй. Машинаа аваад алга болсон ба хариуцагч руу утсаар залгахад ажил эхлэх гэж байна, би гадуур ажилтай явж байна гэх тайлбарыг хэлж байсан. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч ******* өргөх ажлыг нэг удаа ирж угсарчихаад явсан бөгөөд үүнээс хойш нэг ч удаа ирээгүй.

1.3. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захиалагч ******* ХХК-иас шалгалт хийхэд тухайн барилгын рам болон нүүр, хажуу тал далий байсан учраас үүнийгээ зас, засахгүй бол гэрээ цуцлана гэх шаардлагыг ирүүлсэн.

1.4. Хариуцагч нар нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бидэнд танай байгууллага тусгай зөвшөөрөлгүй юм байна, зөвшөөрөлгүй учраас бид танай байгууллагатай хамтарч ажиллахгүй, та нар бидний нийгмийн даатгалыг төлсөнгүй гэх тайлбарыг имэйлээр ирүүлсэн. Эхлээд ажлаа хийж дуусгах шаардлагыг тавьсан боловч чадахгүй гэх хариу өгсөн.

Иймд гэрээний үүрэгт төлсөн 55,000,000 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д заасан 20 хувийн торгууль болох 15,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

1.5. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс 60,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Энэ талаар баримт байхгүй. Гэрээг хариуцагч талтай хүчээр байгуулаагүй. Гэрээ гэдэг бол хоёр талын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл. Гэрээ байгуулчихаад ажлаа хийж чадахгүй болохоороо асуудал ярьж байна. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. ******* ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Чулуун овоо барилга, үйлдвэрээс материалуудыг авч хоёр өдөр угсарсан. Угсарсны дараа төхөөрөмжийг баталгаажуулж өгөөч гэх хүсэлтийг тавьсан. Тухайн өргөх төхөөрөмжийг Барилгын хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж угсарч магадлагаа хийсний дараа ажиллагаанд оруулна гэж заасан.Үүний дагуу шаардлага хүргүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа эхэлсэн. Нэхэмжлэгч талаас Барилгын тухай хуулийн дагуу хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөх ёстой байсан боловч нэг ч удаа зааварчилгаа өгөөгүй.

2.2. Ажил чанаргүй хийгдсэн, мөн засах талаар бидэнд нэг ч удаа хэлээгүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлд барилгын үйл ажиллагаа эрхлэгч нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байна гэж заасан байтал тухайн байгууллага зөвшөөрөлгүй байсан, хууль зөрчсөн гэдгийг нь бид нар мэдсэн даруйдаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан бичиг өгсөн. Зөрчлөө арилгатал ажлыг хийхээ түр хугацаанд зогсоох талаар бичиг хүргүүлснээс ажлыг нь хийхгүй, хаяж явах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй.

2.3. Барилгын рам болон нүүр, хажуу тал далий байсныг нэхэмжлэгч нотлоогүй. Хэрвээ далий байсан бол тухайн үед нь ажлыг зогсоох талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боломжтой байсан.

2.4. Шилэн фасад далий хийсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Уг ажлыг манай тал хийгээгүй.

2.5. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол гэрээний дагуу төлсөн 55,000,000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрнө. Хууль зөрчсөн байгууллагын үйлдлээс болж ажил зогссон учир торгууль төлөх хууль зүйн үндэслэлгүй.

2.6. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын талбай дээр нийт 10 гаруй хүн ажиллаж, тухайн хүмүүст цалин хөлс, хоол болон бусад зардал гарч, зарим нэгэнд нь байр түрээслэх шаардлага гарч байсан. Өнөөдрийн нөхцөл байдалд нэг удаа хоолонд ороход 14,000-15,000 төгрөгийн зардал, өдөрт 140,000-170,000 төгрөгийн хоолны зардал гарч байсан. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллахад нэг ч удаа ажил доголтой талаар албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Хийсэн ажлынхаа хөлсийг авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч талын 1300 м.кв талбайг хүлээн зөвшөөрч буй хэмжээгээр ажлын хөлсөд 62,653,500 төгрөг, зээлийн хүүд төлсөн 3,215,000 төгрөг, 65,868,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 55.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.000.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, ******* ХХК-иас 37.500.000 төгрөг гаргуулж *******, ******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 28.368.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 507.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 432.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-иас 345.450 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч тал гэрээний 12.7-д зааснаар гэрээг цуцалж гэрээний 7.6-д тохиролцсон үнийн дүнгийн 20 хувь болох 15,000,000 төгрөгийн анз нэхэмжилсэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан нь гэрээний хариуцлага үгүй болох бөгөөд харин гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой гэсэн нь талуудын байгуулсан гэрээг шүүгч өөрийн үзэмжээр өөрчлөн, тайлбарлаж 15,000,000 төгрөгийн анзыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа дээрх ажлыг хийхдээ нэр бүхий хүмүүсийг ажиллуулсан цалин, хоол, хувцас хэрэглэлд одоогийн байдлаар 37,000,000 төгрөг зарцуулсан. Бидний гүйцэтгэсэн ажлын хөлс одоогийн зах зээлийн үнэлгээгээр 62,653,500 төгрөг гэж нэхэмжилсэн бөгөөд 2024 оны 04 сарын 29-ний өдөр 57,406,960 төгрөг болгон багасгасан. Уг зардал бодитоор гаргасан талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

4.3. Зулмөнх ХХК-иас хариуцагч нарын хийж байгаа ажлын шалгахад маш их алдаа дутагдал байсан тул манай компанид шаардлага хүргүүлсэн байдаг тус шаардлагыг хариуцагч нарт мэдэгдэхэд ******* нь би 55 сая төгрөгийн ажлаа хийсэн, танайх Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани бидэнтэй гэрээ хийсэн нь хууль зөрчиж байна. Тиймээс гэрээг хүчин төгөлдөр бус болохыг мэдмэгц энэхүү бичгийг хүргүүлж байна гэж ажлаа хаяж явсан байхад шүүх ...захиалагч хийсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй... гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар талууд орон сууцны метал фасадны рамны ажлыг 75,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон гүйцэтгэлийн 50 хувийг хариуцагчийг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд тийм хэмжээний зардал гарсан гэж үзэж, /75.000.000:2/=37.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж гэсэн нь шүүх ямар нотлох баримтыг үндэслэж хариуцагч нар нийт ажлын 50 хувийн хийж гүйцэтгэсэн, ажлаа хэнд хүлээлгэж өгсөн гэж үзсэн нь ойлгомжгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Иргэний хуульд заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд ажлын хөлсийг авах ёстой. Хариуцагч нарын зүгээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл захиалагчаас өрөх төхөөрөмжийн баталгааны хуудас, ажлын байрны зураг, барилгын үйл ажиллагаанд эрхэлж буй материал, тохирлын гэрчилгээг шаардаж, үүргээ хэрэгжүүлсэн.

2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг зөрчлөө арилгах хүртэл өргөх төхөөрөмжийн ажлыг хийж дуусгаад, хамтран ажиллахад хүндрэлтэй байгаа учраас ажлыг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хариуцагч нарыг барилгын талбай руу оруулж болохгүй гэж хэлээд, ажлыг зогсоосон. Уг нөхцөл байдлын улмаас хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид анзын төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй.

5.2. Тухайн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй гэж үзсэн тохиолдолд 10 хоногийн өмнө хугацаа заасан мэдэгдэл өгч, чанаргүй хийсэн тохиолдолд засаж сайжруулах мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд хүлээн авах боломжтой байсан. Хариуцагч нарыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тухайн талбайд нэвтрүүлээгүй учраас ажиллах боломжоор хангаагүй.

5.3. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажлыг засуулсан гэж тайлбарлах боловч хэдэн м.кв талбайг, яаж засварлуулж, хэдэн төгрөгийн зардал гарсан талаарх үйл баримтыг нотолж чадаагүй.

5.4. Мөн захиалагчийн зүгээс хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажлыг дутуу, буруу гэх шаардлага тавьж байгаагүй. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа учраас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчилгүй гэж үзээд ажлын хүлээн авсанд тооцсон.

5.5. Хариуцагч нарын зүгээс ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай нотлох баримтуудыг шаардсан. Мөн хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу объем хэмжээгээр 1,770 м.кв талбай хэмжээтэй бөгөөд уг талбайн хэмжээний 70 хувийг хийж гүйцэтгэсэн. Ажлын үр дүн, доголдолтой байсан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс доголдолтой талбайн хэмжээг дурдаж, албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн тохиолдолд уг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргах ёстой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн автомашины үнэд 55,000,000 төгрөг, торгуульд 15,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний хөлс 62,653,500 төгрөг, хохиролд 3,215,000 төгрөг, нийт 65,868,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн аль аль нь тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Учир нь:

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Баянгол дүүргийн ******* хороо, *******ын гудамж, ******* тоот хаягт баригдах үйлчилгээтэй 16 давхар орон сууцны зориулалттай барилгад ажил гүйцэтгэгч нь металл фасадны рам хийх ажлыг барилгын тогтоосон стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр, захиалагч нь ажлын нийт хөлсөд 75,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч талыг гэрээнд заасан ажлыг дутуу, чанарын шаардлага хангаагүй гэж гэрээнээс татгалзах үндэслэлийг заасан байхад хариуцагч талаас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,306 м.кв талбай бүхий хэмжээтэй ажлыг хийж гүйцэтгэсэн гэж маргадаг. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургаас дүгнэвэл тодорхой хэмжээний ажлыг хариуцагч тал гүйцэтгэсэн байх боломжтой боловч тэдгээрийн хооронд гэрээгээр тохиролцсон нийт ажлын хэмжээ, хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, уг гүйцэтгэсэн ажил доголдолтой гэвэл бүрэн хэмжээгээр эсхүл тодорхой хэмжээгээр тогтоогдох боломжтой эсэх, хийж гүйцэтгэх ажил тодорхой үе шаттай эсэх, ажил бүрээр үнийг тодорхойлох боломжтой зэргийг тодорхойлох боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзах болсон үндэслэл, хариуцагч гэрээг цуцалсан гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл бүрээр мэтгэлцүүлж, үйл баримтыг тогтоох байжээ.

Гэтэл анхан шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн нь үйл баримтыг зөв тогтоогоогүйтэй холбоотой байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж буй бол талууд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэж дүгнэхээр байхад сөрөг нэхэмжлэлээс ажлын хөлсний зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь тэдгээрийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хийсэн ажлын хэмжээгээр үр дагаврыг тодорхойлсон агуулгатай болжээ. Зүй нь талуудын аль нэг нь гэрээнээс татгалзах эсхүл гэрээг цуцлах эрхийн аль нэгийг хэрэгжүүлэхтэй холбоотой үр дагаврыг шийдвэрлэх учиртай бөгөөд гэрээнээс татгалзах эсхүл цуцлах эрхийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй гэж заажээ.

 

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хийсэн ажлын үр дүнг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилж, шинжээчийн дүгнэлт гаргах хүртэлх хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

4.2. Улмаар Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/1322 тоот албан бичигт Шүүх шинжилгээний тухай хуулийн ******* зүйлийн 19.1.8-д заасны дагуу шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, мөн тус төвийн чиг үүрэгт хамааралгүй тул шинжээчээр ажиллахаас татгалзаж байна. Уг асуудлаар Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д хандана уу гэжээ. Иймээс анхан шатны шүүх шинжээч томилуулахаар гаргасан захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Учир нь шинжээчээр нэрлэн заасан Барилгын хөгжлийн төвийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуудлаар ажиллах боломжгүй гэсэн нь шинжээч томилсон захирамжийг биелэгдэх боломжгүй гэсэн агуулгагүй бөгөөд тусгай мэдлэгтэй өөр этгээдийг томилох үүрэгтэй байжээ.

 

5. Үүнээс гадна, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******аас гэрчийн мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцсон шүүгч, тэмдэглэл хөтөлсөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурсан атлаа гэрч *******аар гарын үсэг зуруулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж заасан журмыг зөрчсний улмаас түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй болгожээ.

 

6. Иймд материаллаг эрх зүйн дүгнэлтийн талаар гаргасан нэхэмжлэгч "*******" ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.

 

7. Дээрх алдаанууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй, 168.1.7-т заасан шүүх нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлд тус тус хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/04824 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,500 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА