| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1039 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Баярмаа
улсын яллагч: Н.Гэрэлмаа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт А А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806100561243 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт А А, 19 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн 1 дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн , дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж үлдэх 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
А.А нь 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрах зуучлал ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2.197.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би анх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Фейсбүүк зараас үл хөдлөхийн компанид ажилд авна гэсэн зарыг хараад зар тавьсан газар луу ярьсан. Гэтэл маргааш нь ирж уулзаарай гэсэн. 2018 оны 8 дугаар сарын 21-ны өглөө би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 6 дугаар хороо барилга.мн оффис гэх байрны 4 дүгээр давхарын 403 тоот хаяг дээр эхнэр Б хамт очиж уулзсан. Тэр өдрөө бид хоёр ажилд орсон. Би хэсэг хугацаанд ажилласан. Манай эхнэр ажиллаж чадахгүй байсан болохоор гарсан. Манай эхнэр 28 хоног л ажилласан. Би хэсэг ажиллаж байтал 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр гэрт идэж уух юмгүй болчихоор нь гэрээнээс 50.000 төгрөг авсан. Тэр мөнгийг гэртээ зарцуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр би дахиад хүнтэй гэрээ хийсний дараа 100.000 төгрөгийг хувьдаа авсан. Дараа нь хоёр ч удаа мөнгө авсан. Мөн манай эхнэр ажиллаж байх хугацаандаа захирлын эхнэрийн дэлгүүрээс 170.000 төгрөгний хувцас авсан. Тэгээд хүмүүстэй гэрээ хийгээд уг мөнгөнүүдийг нь өөрөө аваад байсан. Ажлынхаа газрын залуучуудаас 1.0 сая төгрөг зээлж аваад өгөлгүй ажлаасаа гарчихсан юм. Би авсан мөнгөө буцааж өгөхийн тулд Дундговь аймаг руу жоншны уурхайд ажиллахаар явсан юм. Би төлбөрийг төлнө гэжээ. /хх-ийн 22/
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын дундуур би шинэ үл хөдлөх зуучлалын компани байгуулж ажилтан авсан юм. Фейсбүүкээр ажилтан авна гэж зар тавьсан. Ингээд зарын дагуу А, эхнэр Б хамт ирсэн. Эдгээр хүмүүс дажгүй санагдахаар нь хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болсон. Ажлаа эхний сард маш сайн хийцгээсэн. Дараагийн сараас нь А гэрээ хийсэн мөнгийг хувьдаа аваад байсан. Би түүнийг нь мэдээд хэлтэл надаас уучлалт гуйгаад мөнгийг төлнө гэсэн. Тэгэхээр нь би уучилсан. Гэтэл эхнэр нь болох Б ажил таслаад байхаар нь би өрөөндөө дуудаад загнасан чинь миний өөдөөс хэрэлдэж байгаад хаалга шидээд гарч явсан. Тэгтэл тэр хоёр 20-иод хоног ажилдаа ирээгүй. Тэр хооронд нь ширээг нь шалгатал гэрээ хийгээд байнга мөнгө авдаг байсан нь илэрсэн. Гэрээ хийсэн хүмүүс нь манай байгууллагатай холбогдож эхэлсэн. 20-иод хоногийн дараа А өөрөө ирээд байдлыг мэдээд цалингүй ажиллий гэсэн. Би өөрөө нялх хүүхэдтэй болохоор өрөвдсөн. Тэгээд баталгаа бичүүлж аваад ажилд нь эргүүлж авсан. Гэтэл 10-д хоног ажиллах хугацаандаа мөн дахин мөнгө ашиглаж эхэлсэн. Тэгээд алга болчихсон. Би утсаар нь холбогдоход хар тамхины хэрэгт холбогдсон гэж хэлсэн. Ер нь бол олон хүнтэй гэрээ хийж мөнгө авсан байж болзошгүй болоод байна. Одоогийн байдлаар 2.197.000 төгрөгний өртэй байгаа гэжээ. / хх-н 15-18/
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би У үл хөдлөх зуучлалын компанид ажилладаг юм. Манай ажлын газрын Онадаас 85.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд би мөнгөө нэхсэн чинь А авчих надад 235.000 төгрөгний өртэй байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед А ажлаас гарчихсан байсан юм. А хуурамч гэрээ байгуулаад хүмүүсээс мөнгө аваад цааш нь захиралд мөнгөө өгдөггүй байсан юм гэсэн гэжээ. /хх-н 19-20/
А.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41 /, оршин суух газрын тодорхойлолт /хх-н 43/
А.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 30-34/
А.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85/ прокурорын тогтоол /хх-н 24-25/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-29/ зэрэг болно.
А.А нь 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрах зуучлал ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2.197.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ажлаа эхний сард маш сайн хийцгээсэн. Дараагийн сараас нь А гэрээ хийсэн мөнгийг хувьдаа аваад байсан. Би түүнийг нь мэдээд хэлтэл надаас уучлалт гуйгаад мөнгийг төлнө гэсэн. Тэгэхээр нь би уучилсан. Гэтэл эхнэр нь болох Батцэцэг ажил таслаад байхаар нь би өрөөндөө дуудаад загнасан чинь миний өөдөөс хэрэлдэж байгаад хаалга шидээд гарч явсан. Тэгтэл тэр хоёр 20-иод хоног ажилдаа ирээгүй. Тэр хооронд нь ширээг нь шалгатал гэрээ хийгээд байнга мөнгө авдаг байсан нь илэрсэн. Гэрээ хийсэн хүмүүс нь манай байгууллагатай холбогдож эхэлсэн. 20-иод хоногийн дараа А өөрөө ирээд байдлыг мэдээд цалингүй ажиллий гэсэн. Би өөрөө нялх хүүхэдтэй болохоор өрөвдсөн. Тэгээд баталгаа бичүүлж аваад ажилд нь эргүүлж авсан. Гэтэл 10-д хоног ажиллах хугацаандаа мөн дахин мөнгө ашиглаж эхэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/, Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... А хуурамч гэрээ байгуулаад хүмүүсээс мөнгө аваад цааш нь захиралд мөнгөө өгдөггүй байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/
Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. Би хэсэг ажиллаж байтал 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр гэрт идэж уух юмгүй болчихоор нь гэрээнээс 50.000 төгрөг авсан. Тэр мөнгийг гэртээ зарцуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр би дахиад хүнтэй гэрээ хийсний дараа 100.000 төгрөгийг хувьдаа авсан. Дараа нь хоёр ч удаа мөнгө авсан. Мөн манай эхнэр ажиллаж байх хугацаандаа захирлын эхнэрийн дэлгүүрээс 170.000 төгрөгний хувцас авсан. Тэгээд хүмүүстэй гэрээ хийгээд уг мөнгөнүүдийг нь өөрөө аваад байсан. Ажлынхаа газрын залуучуудаас 1.0 сая төгрөг зээлж аваад өгөлгүй ажлаасаа гарчихсан юм гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
А.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
А.А хохирогч Б.Г хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял шийтгэл оногдуудахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт А А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 450.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН