| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2024/05245/И |
| Дугаар | 210/МА2025/00222 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00222
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05384 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
237,385,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Бартераар сэндвич хавтан авах буюу хөөс нийлүүлэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Бартераар блок хийх тоног төхөөрөмж авах буюу хөөс нийлүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр нэхэмжлэгч нь сэндвич хавтан болон блок хийх тоног төхөөрөмжийг *******-д нийлүүлэх, ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хөөс нийлүүлэх үүргийг хүлээсэн.
1.2. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээгээр тохирсоны дагуу блок хийх тоног төхөөрөмжийг 79,600,000 төгрөгт, сэндвич хавтанг 78,476,840 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн.
1.3. Харин хариуцагч нь хөөс нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд одоо хөөс хэрэггүй болсон учир гэрээгээр шилжүүлсэн тоног төхөөрөмж болон сэндвич хавтангийн үнэ болох 158,346,840 төгрөг, гэрээний 3.3-т зааснаар алданги 79,038,420 төгрөг нийт 237,385,260 төгрөгийг нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2.1. *******-тай 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бартераар блок хийх тоног төхөөрөмж авах буюу хөөс нийлүүлэх гэрээ байгуулсан. 79,600,000 төгрөгийн тоног төхөөрөмж хүлээн авсныг хүлээн зөвшөөрнө, үүнд маргахгүй.
2.2. Мөн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бартераар сэндвич хавтан авах буюу хөөс нийлүүлэх гэрээ байгуулсан, энэ гэрээний хувьд 78,476,840 төгрөгт маргана. Нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийн шаардлага дээр тооцоо нийлсэн актаа үйлдэж өгөөгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн журмаар талууд хоорондоо эд материал, мөнгөн үнийн дүнгээр тодорхойлж болох хөрөнгийг солилцсон тохиолдолд тооцоо нийлсэн акт үйлддэг. Мөн нэхэмжлэгч зөвхөн сэндвич хавтанд зориулж хөөс авсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага эргэлзээтэй, алинд нь зориулж хөөс авсан, аваагүй гэдгээ нотолж чадаагүй байна.
2.3. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч нь тайлбар гаргахдаа анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх машин өгөх түүнчлэн тооцоо хийх талаар агуулгыг тайлбарлан явсан. Гэтэл нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэх боломжгүй хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргээ шийдвэрлүүлэх саналтайгаар оролцсон. Иймд 78,476,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.4, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 119,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 117,985,260 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 754,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Талууд блок хийх тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхдөө бичгээр акт үйлдсэн, харин сэндвич хавтанг өгөхдөө бичгээр акт үйлдээгүй байдаг.
Хэдий бичгээр сэндвич хавтанг хүлээлгэн өгсөн баримт үйлдэгдээгүй боловч хариуцагч компаниас анхнаасаа энэ үйл баримт буюу сэндвич хавтанг хүлээн аваагүй гэж маргадаггүй. Уг хэрэгт хариуцагчийн зүгээс тайлбар бичгээр огт өгөхгүй явж байгаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх нэг өгүүлбэрийг шүүх хуралдаанд бичгээр гаргадаг. Тухайн маргааны хувьд анхны шүүх хуралдаанаас хойш хариуцагчийн байр суурь дараах байдалтай явсаар ирсэн.
Алдангийн хэмжээг багасгавал эвлэрч болно, бартераар хар замаск, плитан цавуу зэргийг нийлүүлэх боломжтой, хөөсний үйлдвэр зогссон байгаа, нэхэмжлэгчээс барилгын материалын оронд автомашин, байр бартераар өгөх боломжтой эсэхийг тодруулахад автомашин өр төлбөрт суутгуулаад эвлэрч болох байх гэсэн тул талууд эвлэрлийн хугацаа авч, шүүх хуралдааныг хойшлуулсан.
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас сэндвич хавтангийн оронд хөөс нийлүүлсэн гэж маргасан бөгөөд талуудын мэтгэлцээн энэ үйл баримт дээр өрнөсөн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд талуудын тайлбар, асуулт зэргээс тодорхой харагддаг. Гэтэл шүүх хуралдаан засварлахаас өмнө хариуцагч гэнэт байр сууриа өөрчлөөд, сэндвич хавтанг авсан эсэхээ мэдэхгүй, аваагүй гэсэн тайлбар хэлсэн.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, тайлбар, байр суурь, түүнийг тэмдэглэсэн шүүх хуралдааны тэмдэглэл нь өөрөө нотлох баримт болно. Эдгээр нотолгооны хэрэгслээс хариуцагч нь сэндвич хавтанг хүлээн аваагүй гэж маргаагүй буюу хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүд, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогддог.
Анхан шатны шүүх хуралдаан завсарлахаас өмнө гэнэт байр сууриа өөрчилж шүүхэд худал мэдүүлсэн хариуцагчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 117,985,260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, өмнөх шүүх хуралдаануудын тэмдэглэл зэргийг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжтой байсан гэж үзэж байна.
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурал завсарлахаас өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн сүүлийн мөчид гэнэт өөрчлөгдөж байгаа тайлбарыг баримтын хүрээнд няцаах бодит боломж байхгүй байхад шүүх нэхэмжлэгч нь сэндвич хавтан өгснөө нотолсонгүй гэж үзсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжилж буй үнийн дүнд хамаарах сэндвич хавтан хүлээлгэн өгсөн талаар баримт өгөөгүй атлаа хариуцагчаас хөөс авснаа үгүйсгэж байгаагаа мөн нотолж чадаагүй, түүнчлэн шүүх хурал дээр хөөс авсан ч буцаагаад өгсөн зэрэг зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь ойлгомжгүй.
5.2. Харин хариуцагч нь дээрх 2 гэрээг байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, мөн нэхэмжлэгч *******-иас тоног төхөөрөмж, сэндвич хавтан хүлээн авсан гэдгээ шүүхэд мэдэгдэж, тооцоогоо зөв гаргавал эвлэрэх, төлбөр барагдуулах боломжтой талаар мэдэгддэг боловч нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгсөн хөөсний хэмжээг мэдэх боломжгүй байснаас шүүх тооцоо хийх боломжгүй нөхцөлд хүргээд байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 158,346,840 төгрөг, алданги 79,038,420 төгрөг нийт 237,385,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талууд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Бартераар сэндвич хавтан авах буюу хөөс нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 78,476,840 төгрөгийн үнэ бүхий сэндвич хавтан нийлүүлэх, ******* нь 80,334,500 төгрөгийн үнэ бүхий хөөсийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлж, төлбөр барагдуулахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 6-7 дугаар тал/
3.2. Мөн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Бартераар блок хийх тоног төхөөрөмж авах буюу хөөс нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 79,600,000 төгрөгийн үнэ бүхий блок хийх тоног төхөөрөмж нийлүүлэх, ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 79,600,000 төгрөгийн үнэ бүхий хөөс нийлүүлж төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоож, нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.
4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.2. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлийг тайлбарласан хариу тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүх хуралдаанд 79,600,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч, хариу үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, харин 78,476,840 төгрөгийн үнэ бүхий гэрээний хувьд нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэх агуулгаар тайлбар гаргажээ.
Талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас 79,600,000 төгрөгийн үнэ бүхий блок хийх тоног төхөөрөмжийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь хариу үүрэг болох 79,600,000 төгрөгийн үнэ бүхий хөөсийг нийлүүлээгүй талаарх зохигчийн тайлбарыг үндэслэн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн оронд гэрээний үнэ 79,600,000 төгрөг, алданги 39,800,000 төгрөг нийт 119,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар хариуцагч байгууллага гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд мэтгэлцэх зарчим нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа нотлох журмаар хэрэгжинэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэй танилцсан, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодруулах шаардлагатай бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж, ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх ба өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, эвлэрэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан.
Гэтэл хариуцагч байгууллага нь хэрхэн, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой бус нөхцөлд нэхэмжлэлийг татгалзсан тайлбар гаргаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарласнаар талуудын хооронд мэтгэлцээн өрнөж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхойлогдох учиртай.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлагаа нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлээс 117,985,260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт нийцээгүй.
Түүнчлэн, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцохдоо алдангиас татгалзвал бенз и-класс-200 маркийн автомашин өгч, үлдсэнийг хугацаа тохирч өгөх агуулга бүхий эвлэрэх хүсэл зориг илэрхийлсэнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцээгүй гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч байгууллагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчээс 78,476,840 төгрөгийн сэндвич хавтан хүлээн авсан, хариу төлбөр болох хөөс нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
4.4. Иймд хариуцагч байгууллага гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас уг үүргийн гүйцэтгэл нэхэмжлэгчид шаардлагагүй болсноор нийлүүлсэн эд хөрөнгийн үнийг үүргийн гүйцэтгэлийн оронд шаардсан нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Талууд гэрээний 2.5-д ******* тал гэрээний 2.4-т заасан үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй, 4.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол буруутай талаас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардах эрхтэй гэж тус тус тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт нийцнэ.
Энэхүү тохиролцооноос үзэхэд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй болон гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй аль ч тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн хариуцлага болохоос гадна үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хохирол шаардах эрхийн үндэслэл болсон байна.
Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор өөрийн мэдлээс гарсан эд хөрөнгийн үнийг шаардсан тул уг үнээс алданги шаардах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөрчихгүй.
Иймд гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алдангийг тооцоход үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн алдангийг тооцож, хариуцагчаас гаргуулна.
6. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас гэрээний үүрэгт 158,346,840 төгрөг, алданги 79,038,420 төгрөг, нийт 237,385,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.
Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлж, үүргээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохирлыг арилгах нийтлэг журмыг зохицуулсан хуулийн зүйл, хэсэг баримталсан нь оновчтой бус болсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05384 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 237,385,260 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,880 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,344,880 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 748,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА