Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Хохирогч М.Ү

Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн С-н Нд холбогдох 1916002000096 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ....харьяат, ....-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... сургуульд тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух хаягтай,  төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,*** овогт ***-гийн Н, РД: .....гэв.

  Шүүгдэгч С-н Н нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Сутай хорооны **-** тоот хашаанд хадам эгч Үын биед баруун чамархай, толгойн оройд хуйхны зөөлөн эдийн гэмтэл, үсний халцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.Н нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Сутай хорооны **-** тоот хашаанд хадам эгч М.Үын биед баруун чамархай, толгойн оройд хуйхны зөөлөн эдийн гэмтэл, үсний халцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

        Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Н гэм буруутай болох нь:

        Шүүгдэгч С.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...06 дугаар сарын 02-ны өдөр манай хадам эгчийнд дархан бэрийн цайллага болсон. Манай нөхөр бид 2 тэнд очиж цай уугаад манай нөхөр зээтэйгээ муудалцаад байхаар нь цагдаа дуудаад өгсөн. Тэгтэл М.Ү цагдаа дуудаж өглөө гээд хоорондоо маргалдаад нэг нэгэнтэйгээ өшиглөлцөж үстэлцсэн чинь үснээс нь уначихсан. Миний буруу. Буруутай гэдгээ мэдэж байгаа. Уучлалт гуйсан. Орлого багатай. Зээл ихтэй доод хэмжээгээр торгож өгнө үү” гэсэн мэдүүлэг,  

Хохирогч М.Үын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “06 дугаар сарын 02-нд ажил дээрээ байж байтал 4 өнгөрч байхад манай дүү хотоос ярьсан. Ээжийн гэрт зодоон болоод байх шиг байна. Та оч гэсэн. Би завгүй байна гэж хэлчихээд орой 6 өнгөрч байхад гэртээ очсон байхад манай дүү дахиж залгаад та одоо болтол очоогүй юм уу? ээжийн гэрт зодоон болоод байна оч гэхээр нь очтол энэ хэд сууцгааж байсан. Юу болсон юм гэхэд ийм зүйл болсон гээд гэр гэр лүүгээ явцгаа орой болсон байна гэж энэ хэдийг тараачихаад ээжийг авч явах гэтэл ээж зул барьчихсан байна. Зул жаргахаар араас чинь очъё гэсэн. Тэгээд гараад иртэл Ганзоригийн эхнэр машин дотор хүүхдүүдтэйгээ сууж байсан. Та нар яагаад яваагүй юм. Зоригоо яасан юм гэхэд Билгээ ахынх руу явчихлаа гэсэн. Та нар яагаад согтуу хүн явуулчихаж байгаа юм одоо очоод зодолдох байх гэхэд нараа эгч түлхүүр аваад явчихлаа араас очиж аваарай гэсэн. Тэгэхээр нь бид хэд араас нь яваад очтол Ганзориг энэ хэдтэй хэрэлдээд орилоод зогсож байсан. Би аваад явах гэтэл миний үгэнд орохгүй. Билгээ ахын машин руу чулуу шидээд багаажин дээр нь оносон. Тэгэхээр нь чи яагаад хүний машин руу чулуу шидэж байгаа юм чи өөрөө хохирно биз дээ гээд бариад авахад манай ах бас ирээд барьж авсан. Манай дүү *** ирж ***-оог аваад би *** ахыг аваад 2 тийшээ болгосон. *** манай дүүг аваад явахад Н чи дүүдээ зодуулчихаад араас нь очооч гэсэн согтуу араас нь гүйчихээр нь би араас нь очсон. Цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд нөгөө хоёрыг аваад явчихаар нь би уурандаа чи хоёрын хоёр хүнийг цагдаад бариулж явуулчихаад надтай хэрэлдээд зогсож байхаар араас нь очооч согтуу авгай минь гээд хэлчихсэн. Тэрнээс болж маргалдсан. Одоо надаас уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээсэн. Санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Үын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бэр эгч Н миний зүүн хөл рүү баруун хөлөөрөө нэг биш удаа өшөглөөд, цээжрүү 3 удаа хөхний доод талд өшгөлсний дараа, үснээс доошоо дарж зулгааж байхад миний үс унасан байсан...”  гэсэн мэдүүлэг /хх5-рт/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай ах Б ах, Г хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн тухайн үед Н цагдаа дуудсан асуудлаас болоод, Ү, Н 2 хоорондоо хэрэлдэж байгаад нэгнээ үсдээд унагаахаар нь би дундуур нь орж салгаад би гэртээ харьсан. Намайг салгах хооронд нэг нэгнээ өшөглөөд байсан надад өөр мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх14-рт/,

Гэрч Ж.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг гэрээс гарч ирэхэд Ү, Н нар хоорондоо зодолдож байхаар нь М, Б, С бид нар салгасан юунаас болж зодолдсон талаар надад мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх15-рт/

Гэрч Г.С-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай найз Г-н ээж “Дархан бэр” болсон гээд бид цайллаганд очсон туайн үед Г нагац ахтайгаа маргалдаад цагдаа ирээд аваад явсан. Намайг гэртээ харих гээд машиндаа сууж байхад Ү эгч Нэгч 2 хоорондоо зодолдоод унасан тухайн үед би шууд машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх18-рт/ болон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 185 дугаартай акт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдах нь зүйтэй байна.

Уг хэрэг 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарсан байх ба гомдол мэдээлэл авсан баримт дээр 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авлаа гэсэн, мөн шинжээчээс мэдүүлэг авахдаа 4 дүгээр сарын 26 гэж хэрэг гарахаас өмнө мэдүүлэг авсан байдлаар бичигдсэн, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хохирогч, холбогдогч нарт танилцуулаагүй, шинжилгээг хугацаа хэтрүүлж гаргасан, хэргийн материал танилцуулснаас хойш хийгдсэн ажиллагааг хуульд заасны дагуу оролцогч нарт танилцуулаагүй зэрэг зөрүүтэй болон хууль зөрчиж хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа байгааг дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн С-н Нг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 150.000 төгрөгөөр гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА