Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/05214

 

2016 оны 09 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05214

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байр, 123 тоотод оршин суух, Хатигин овогт Орсоогийн Зоригтбаатар /РД-ЦВ81090810/-ын,

Х.Бөртэ-Үжингийн эцэг мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Зоригтбаатар шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 онд Франц улсад амьдарч байхдаа Т.Хулантай танилцаж үерхэж эхэлсэн бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр охин Х.Бөртэ-Үжин Франц улсад төрсөн. Охиноо төрөх үед би Монгол Улсад байсан. Бид охинтой болсон учир эхнэр, хүүхдээ авчрах зорилгоор Франц Улсад очиж, 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 02 дугаар сар хүртэл хамт амьдарсан бөгөөд би түрүүлэн Монголд ирж, эхнэр хүүхэд маань араас ирэхээр болсон боловч Т.Хулан ирээгүй. Би 2013 оноос хойш дахин Франц яваагүй.

Үүнээс хойш Т.Хулантай холбоотой байж байгаад, хэсэг хугацаанд холбоо тасарсан. Энэ хугацаанд Т.Хулан Швейцар улсад очиж амьдарсан байсан бөгөөд миний охиныг өөрийн ээж н.Эрдэнэнэмэхэд үлдээгээд явсан байсан.

Т.Хулангийн ээж 2014 оны хавар надтай холбогдож, би чиний охиныг харж байгаа, ээж нь тоохгүй байна чи ав гэсэн тул Т.Хулантай холбогдоход чи охиноо ав гэсэн бөгөөд Т.Хулан манай эмээ энд эмчлүүлээд Монгол буцах гэж байгаа, эмээгээр охиноо авахуул гэсэн.

Ингээд би Монголоос охиныхоо тийзийг захиалж, миний охин 2014 оны 7 дугаар сард ирж, түүнээс хойш охин бид хоёр хамт амьдарч байсан.

2015 оны 12 дугаар сард Т.Хулангийн эмээгийн бие муу байна гэж манай ээжтэй ярьж, ээж охиноо өндөр эмээтэй нь уулзуулах хэрэгтэй гэхээр нь охиноо аваачиж уулзуулсан. Эмээ, өвөө хоёр нь охиныг хоноод яв гэхээр нь үлдээгээд маргааш нь очиж авах гэтэл миний охиныг өгөхгүй, уулзуулахгүй байсан.

Сүүлдээ миний охиныг надаас нуух, бултуулах зэрэг аргыг хэрэглэж, бүр цагдаагийн байгууллагад зохиомол хэрэг үүсгэж охины минь нэр хүнд, миний төрөл төрөгсдийн нэр хүндэд халдаж байна.

Одоо Х.Бөртэ-Үжин, Т.Хулангийн эцэг, эхтэй хамт амьдарч байгаа. О.Зоригтбаатар нь Х.Бөртэ-Үжингийн асрамжинд маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа тул О.Зоригтбаатарыг Х.Бөртэ-Үжингийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

О.Зоригтбаатар нь Х.Бөртэ-Үжингийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 5991 дүгээр дүгнэлтээр О.Зоригтбаатар нь охин Х.Бөртэ-Үжингийн биологийн эцэг магадлал нь 99.99 хувьтай гарсан байна. /15 дугаар хуудас/

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн лавлагаанаас харахад 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Хулангийн Бөртэ-Үжин /РД-ЦЖ12240486/-г, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баасанжавын Эрдэнэнэмэхэд үрчлүүлсэн байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хүсэлт гаргагч О.Зоригтбаатарыг охин Э.Бөртэ-Үжингийн төрсөн эцэг мөн болохыг тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хариуцагч О.Зоригтбаатарыг охин Гурванмэргэд овогт Эрдэнэнэмэхийн Бөртэ-Үжин /РД-ЦЖ12240486/-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД