| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/03313/И |
| Дугаар | 210/МА2025/00322 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00322
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05827 дугаар шийдвэртэй,
*******ы нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******гийн гудамж, ******* байрны 5 тоот хаягт байрлах 44.2 м.кв талбайтай орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх, 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарын дагуу ******* гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Тус орон сууцыг 92,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа 80,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон.
Ингээд байрандаа нүүж орох болоход бусдад түрээслүүлсэн байгаа гэж байсан бөгөөд хариуцагч ******* нь тухайн үед удахгүй нүүнэ, би хууль ёсны өмчлөгч нь биш, нялх хүүхэдтэй тул түр хүлээгээч гэсэн санал тавьсаныг хүлээн авч өвлийн сар дуустал буюу 3 сар хүртэл хүлээсэн. Тухайн үед хариуцагчаас түрээсийн төлбөр төлнө гэсэн ба *******ын төлөөлөгч гэх гэх хүн төлж байсан.
Гэтэл өнөө маргаашгүй нүүнэ гэж байсан хүмүүс гэнэт бид нар энэ байрны үнийг төлсөн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлмээр байна гэсэн.
Манай зүгээс худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Ямар нэг эрхийн зөрчил байхгүй. Биднийг худалдаж авах үед өмчлөх эрхийн гэрчилгээ нь худалдагч тал болох ******* гэж хүний нэр дээр байсан. Бид банкны зээлээр худалдаж авсан бөгөөд үнийг бүрэн төлж барагдуулсан.
Бидний хувьд өмчлөх эрхээ удаан хугацаанд хэрэгжүүлж чадаагүй тул зах зээлийн дундаж хэмжээ болох 1 сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцож, 5 сарын түрээсийн төлбөрт олох байсан орлогод 5,000,000 төгрөг нэхэмжилж байна.
Иймд иргэн *******ын эзэмшлээс Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******гийн гудамж, ******* байрны 5 тоот хаягт байрлах 44.20 м.кв орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Энэ байрыг манай эгч нь 100 хувь төлөлт хийж 2019 оны 2 сард худалдаж авсан. Гэтэл бидний зөвшөөрөлгүй байрны өмчлөх эрхийг бусдад шилжүүлж өгсөн байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэтэл цар тахал гарч хил хаагдсаны улмаас шилжүүлж өгөх боломжгүй гэж байсан. Энэ хугацаанд ХХК-ийн захирал бидний зөвшөөрөлгүй барьцаанд тавьсан асуудал үүссэн.
Энэ орон сууцны асуудлыг будилуулсан ХХК-ийн төлөөлөгч , ХХК-ийн гүйцэтгэх захирал нарыг бусдыг залилсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад, орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн үнэлгээнээс хэтрүүлэн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан г Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байгаа. Мөн 5 тоот орон сууцны шударга өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөнөө захирал хүлээн зөвшөөрч өөр орон сууц өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл мөн л биднийг хуурсан хэвээр байна.
Хариуцагчаар тодорхойлсон ******* би тус орон сууцны эзэн биш бөгөөд байрны төлбөрийг ах , нар төлдөг болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол // *******гийн гудамж ******* байр, 5 тоот хаягт байрлах 44,20 мкв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,350 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...1. Анхан шатны шүүх хариуцагчийн зөв тодорхойлоогүй. Хариуцагч ******* намайг тухайн байранд амьдарч байгаа эсэхийг бүрэн тогтоогоогүй. Шүүх хуралдаанд дээрх байрны төлбөрийг эгч , ах нар төлдөг талаарх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Учир нь ******* миний бие нь тус байранд амьдардаггүй. Өөрийн эгчийнхээ хууль ёсны өмчийг хамгаалах, өмчлөх эрхээ сэргээлгэх зорилгоор худалдан авсан орон сууцаа харгалзан хамгаалж байх талаар өгсөн чиглэлийн дагуу түр амьдарсан ба өнөөдөр тус байранд амьдардаггүй. Тиймээс энэ хэргийн хариуцагч гэж үзэх хууль зүйн боломжгүй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч хариуцагчийг хэрхэн тодорхойлсон талаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад шүүх намайг хариуцагч гэж тодорхойлсон нь хууль зөрчиж байна.
2. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдааны зааланд товлогдсон цагаас өмнө хүрэлцэн ирсэн байсан боловч шүүх хурал болох танхимыг зарлаагүй, хуралд оролцох нөхцөл боломжоор хангаагүйгээс хариуцагчийн эрх ашиг хохирсон, мэтгэлцэх зарчим хангагдаагүй.
3. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий 5 тоот орон сууцны өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгүүлэх, хэргээс нотлох баримт гаргуулах талаар хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүхээс хангахаас татгалзсан нь хариуцагч татгалзлаа нотлох боломж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг маргаж буй 5 тоот орон сууцанд холбогдуулан гаргасан. Ийнхүү уг хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг гардаж аваад өмгөөлөгч, төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүхэд энэ талаар яриагүй байж давж заалдах шатны шүүхэд тухайн орон сууцанд амьдардаггүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас бүх оролцогчдыг 14 цаг 30 минутаас эхэлж 15 цаг хүртэл нийт 3 удаа дуудахад хариуцагч байгаагүй. Хариуцагчийг хэсэг хүлээж байгаад хуралдаан 15 цаг 07 минутад эхлэхэд хариуцагч ирээгүй байсан. Хариуцагч хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж, мэдээд явсан учраас цагтаа ирээгүй нь өөрийнх нь хариуцлагагүй үйлдэл болохоос ямар нэгэн процессын алдаа гэж үзэхгүй.
Мөн хариуцагчийн гаргасан хэрэг нэгтгүүлэх хүсэлтийг шүүхээс 3 удаа хэлэлцэж, энэ талаар нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгосон боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тухайн хэрэгт гаргасан хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр буюу манайхтай огт хамааралгүй өөр этгээдтэй холбогдуулж гаргасан нэхэмжлэлээ манайхтай холбож, хэргийг нэгтгэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******гийн гудамж, ******* байр, 5 тоот хаягт байрлах 44.2 м.кв талбайтай орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх, мөн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******гийн гудамж, ******* байр, 5 тоот хаягт байрлах 44.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 92,000,000 худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /х.х-ийн 5-6/
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг зохигч нарын маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасантай нийцсэн.
4. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* энэхүү орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд хариуцагч *******ын эзэмшил нь хууль бус байх тохиолдолд буцаан шаардах эрхтэй.
Энэ талаар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсэхийг тогтоох шаардлагатай.
5. Хариуцагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтад өөрийн оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, Гэгээ 39-5 тоот гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлоогүй, тухайн орон сууцанд би амьдардаггүй гэсэн гомдлыг хүлээн авахгүй. /х.х-ийн 9/
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар хариуцагч *******ыг дээрх орон сууцанд эгч , хүргэн ах нарын зөвшөөрлийг үндэслэн амьдарч байгаа гэж үзнэ. /х.х-ийн 13/
Тодруулбал, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж зааснаар тухайн орон сууцыг шууд эзэмшиж байгаа этгээдэд тооцогдоно.
6. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар , нар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн -тэй, мөн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ХХК-тай дээрх орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, төлбөрт 61,847,000 төгрөгийг төлсөн байна. /х.х-ийн 85-115/
Улмаар , нар ХХК, БНХАУ-ын иргэн нарт холбогдуулан уг хуулийн этгээдээс 32,828,000 төгрөг, иргэнээс 98,484,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/13256 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /х.х-ийн 76/
Түүнчлэн ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 125 тоот албан бичигт дурдсанаар тус компани энэхүү 5 тоот хаягт байрлах 44.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг т өгөх боломжгүй болсон учир талууд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 13 тоот хаягт байрлах орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 83/
Өөрөөр хэлбэл, , нар дээр дурдсан компани болон иргэнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаснаас гадна уг орон сууцны оронд өөр орон сууц худалдан авахаар тохирчээ.
Тиймээс , нар ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний дагуу тухайн орон сууцыг эзэмшиж байсан боловч шүүхэд гэрээнээс татгалзсан нэхэмжлэл гаргасан, мөн өөр орон сууц шилжүүлэн авахаар тохирсон цагаас уг орон сууцыг эзэмших эрхгүй тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар орон сууцыг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй.
Үүнээс гадна хариуцагч *******ын хүргэн ах нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *******д түрээсийн төлбөр гэсэн утгаар 800,000 төгрөгийг төлсөн байна. /х.х-ийн 16/
Дээрхээс дүгнэвэл, хариуцагч *******ын , нарын ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээ, хэлэлцээрийг үндэслэн тухайн орон сууцыг эзэмшиж байгаа гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.
7. Хэдийгээр хариуцагч ******* нь , нар ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа талуудын маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, мөн ******* болон ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн гэж тайлбарласан боловч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрхүү өөрчилсөн шаардлагыг шүүх хүлээн авсан эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн хариуцагч *******ын эзэмшлийг хууль бус гэж үзсэн дүгнэлтийг буруутгахгүй учир шийдлийг өөрчлөхгүй.
8. Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/30346 тоот захирамжаар тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагт товлож, энэ талаар хариуцагч *******т мэдэгдсэн ба тэрээр тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зуржээ. /х.х-ийн 154/
Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг 15 цаг 07 минутад эхэлсэн талаар тэмдэглэсэн байна. /х.х-ийн 155/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.2.3-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэйгээс гадна шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хариуцагч *******ыг шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
9. Түүнчлэн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2022/24097 тоот захирамжаар ...хэрэг нэгтгэх хүсэлтийн тухайд, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тодорхойгүй, ...шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авсан, өөрчилсөн шаардлагатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж дүгнэх боломжгүй... гэх үндэслэлээр, /х.х-ийн 67-69/
мөн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/25703 тоот захирамжаар ...хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй... гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан хэрэг нэгтгүүлэх тухай хүсэлтийг хангахаас тус тус татгалзжээ. /х.х-ийн 124-125/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.
10. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан бусдын өмчийг хууль бусаар эзэмшиж, өөрийн зардлыг хэмнэсэн гэсэн үндэслэлээр орон сууц хөлслөх гэрээний хөлсөнд 5,000,000 төгрөгийг олох ёстой байсан гэж нэхэмжилсэн байхад энэ талаар баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд уг шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжих харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлага гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05827 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дахь заалтад 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчааас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР