Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 575

 

 

                                                           

 

 

 

 

 

2019         07         10                                    2019/шцт/575

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овгийн Энхээгийн Мандалд холбогдох эрүүгийн 1911015340686 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ЭМСИД ХХК”-д автобусны жолооч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжны 1070 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Макс” супер маркет байрлах гудамжны, нийтийн байрны 20 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугтан овгийн Э.М. /РД:............,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих Эрдэнэ” дэлгүүрийн үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Бадамхандтай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, үүдэн баруун дээд талын 2 дугаар шүдний булгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөө  би өөрийн найз Амарсанаагийн хамт 12 цагийн орчим 17 дугаар сургуулийн автобусны буудал орчим уулзаад Хайлааст орчим байх манай ээжийн амьдардаг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоотын 77-1070 тоотод хамт хоёулаа архи уусан юм. Тэгээд найз Амарсанаа манай ээжийнхээс гэр лүүгээ явна гээд гараад явсан. Би гэртээ харих гэсэн чинь архи уусан машинтай явсан болохоор хамаатны хүүхэд болох Гантогтохоор машинаа бариулж гэртээ хүргүүлсэн. Хүргүүлэх замдаа ойролцоо байдаг Арвижих Эрдэнэ дэлгүүрт орж нэг шил архи авахаар үүдэнд нь очиход хаалттай байсан. Дэлгүүрийн үүдэнд сууж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс машинаа холдуул гэж хэл ам хийж маргалдаад байсан бөгөөд нэг эрэгтэй хүн намайг барьж аваад ноцолдож байтал хажуугаар нь хамт байсан эмэгтэй буюу Бадамханд гэж эмэгтэй надтай ноцолдоод байсан. Надтай ноцолдоод байсан эрэгтэйг цохих гэж байгаад санаандгүй Бадамхандын нүүрэнд нэг удаа цохисон. Тэгсэн чинь уг эмэгтэй амаа дараад шүд уначихлаа гээд байсан. Манай хамаатны дүү Гантогтох намайг салгаж аваад машиндаа суулгаад гэрт минь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 36-37х/,

Хохирогч Ч.Бадамханд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... Уг өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамжинд байх Арвижих-Эрдэнэ дэлгүүрийн гадаа тамхи авах гээд сууж байсан юм. Тухайн үед дэлгүүр хаалттай байсан. Пүрэвтулгатай юм яриад сууж байтал 20 цагийн орчим уг дэлгүүрийн гадаа нэг цагаан өнгийн 98-14 УНП улсын дугаартай машин ирж зогссон бөгөөд уг машины цаад талд овоолсон шороон дээр манай найз Сайханаагийн хүүхэд болон Номингийн хүүхэд 2 тоглож байсан бөгөөд тэд нарыг би харж байсан. Тэгээд уг машин халхлаад байсан нь уг машины жолооч болон хажууд нь сууж явсан эрэгтэй хоёрт “наад машинаа холдуулчих цаад талд чинь хоёр жаахан хүүхэд тоглож байна. Та хоёр таглаад байна” гэж хэлсэн чинь жолоочийн хажууд сууж явсан хар хувцастай эрэгтэй сүүлд Мандал гэдгийг мэдсэн хүн “чамд ямар хамаатай юм бэ янхан минь” гээд байхаар нь би өөдөөс нь хэрэлдэж маргалдаж байсан чинь дэлгүүр онгойж уг залуу дэлгүүрлүү орсон. Мандалыг дэлгүурээс гарч ирж байхад нь Пүрэвтулга тэр хоёр маргалдаж ноцолдож эхэлсэн юм. Тэгээд би тэр хоёрын голоор нь салгах гэж байтал Мандал гэх залуу намайг “зайл чи цаашаа” гээд миний амруу нэг удаа цохисон бөгөөд амаа дараад доошоо болсон чинь амнаас шүд унаж цус гарсан. Гэтэл уг машинтай хоёр хүн машинаа унаад яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...”,  Намайг Мандал гэх залуу нэг удаа цохисон. Өөр хэн нэгэн зодож цохисон зүйл байхгүй...” /хх-ийн 18-19х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Гантогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би машин дотор сууж байтал нэг согтуу эмэгтэй хүн хүрч ирээд “яасан яасан гээд байгаа юм. миний хүүхдийг юу юу гээд байгаа юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би түүнд би яагаачгүй шүү дээ гэсэн. Хажуу талын овоолсон шороон дээр 2 хүүхэд тоглож байсан юм. Ах Мандалыг дэлгүүрээс гарч ирэх үед дэлгүүрийн үүдэнд байсан нэг эрэгтэй хүн хоргоогоод юм яриад байсан. Тэгээд нөгөө хүн Мандал хоёр маргалдаад зууралдаад байхаар нь би салгах гэж очоод татаж байтал араас нэг эмэгтэй хүн миний куртикнаас зууралдаж татаад байсан. Тэгээд уг эмэгтэй Мандал ахруу дайраад байсан. Нөгөө залуу Мандал ах хоёр хоорондоо бие биенээ цохиод байсан шиг байснаа гэнэт миний хувцасны араас зуурч татаад байсан эмэгтэйн амнаас цус гарчихсан “шүд уначихлаа” гээд байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

Гэрч Д.Пүрэвтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Жолоочийн хажууд сууж явсан Мандал гэх залуу “чамд ямар хамаатай юм бэ гичий минь” гэхээр нь би голоор нь ороод “хүн чамд зөв л юм хэлж байна шүү дээ” гэж хэлсэн чинь уг залуу надтай хэрэлдээд хэл амаар доромжилж байсан. Энэ үед дэлгүүр онгойж уг залуу дэлгүүр лүү яваад орсон. Намайг шатан дээр зогсож байтал уг залуу дэлгүүр дотроос буцаад гараад ирэхээр нь би түүнд “чи намайг банди байхыг хаана харсан юм бэ” гэж хэлээд түүнийг заамдаж аваад ноцолдож байсан чинь хажуугаар Бадамханд орж ирээд бид хоёрыг салгах гэж оролдож байх үед уг залуу Бадамхандын нүүрэнд нэг удаа гараараа цохисон чинь Бадамханд “шүд уначихлаа шүү дээ” гээд амаа дарж байхад нь амнаас ць цус гарч байсан юм Тэгээд удалгүй уг машинтай 2 залуу машинтайгаа яваад өгсөн...” “...Бид хоёрыг салгаж байх үед нь Мандалтай хамт явсан дүү нь намайг бариад авсан. Харин Бадамханд Мандал гэх залууг бариад авсан чинь Бадамхандын нүүрлүү нь нэг удаа цохисон. Яг ямар шалтгаанаар цохисон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х /,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6174 дугаартай “...Ч.Бадамхандын биед үүдэн баруун дээд талын 2 дугаар шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн ЗОх/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-15х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Э.Мыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Тугтан овгийн Э.М-ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД