| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2016/00528/И |
| Дугаар | 102/ШШ2016/05254 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2016/05254
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/05254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 65-14 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Ганзоригийн Энэрэл /рд: УХ89031401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 22-10 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Жигд овогт Нямсайханын Тэмүүлэн /рд: УЗ92031574/-д холбогдох,
Хүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энэрэл, хариуцагч Н.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Н.Тэмүүлэнтэй танилцаж, 2010 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Т.Тэнүүн төрсөн.
Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлаас 2014 оноос салж тусдаа амьдрах болсон бөгөөд тэр үеэс хойш хүү Т.Тэнүүн миний асрамжид амьдарч байна.
Цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Т.Тэнүүнд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Тэмүүлэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Энэрэлийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрч байна.
Г.Энэрэл бид хоёр 2014 оноос хойш тусдаа амьдрах болсон бөгөөд хүү Т.Тэнүүн Г.Энэрэлийн асрамжид байгаа.
Энэ хугацаанд би хүүтэйгээ тогтмол уулзан чадахаараа тусалж ирсэн. Одоогийн байдлаар миний бие эрхэлсэн ажилгүй тогтмол орлого муу байгаа тул хуульд заасан бага хувиар тэтгэмжийн хэмжээг тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энэрэл нь Н.Тэмүүлэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргадаггүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
Учир нь Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг бөгөөд эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилж өгсөн.
Иймд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Н.Тэнүүнд 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Н.Тэмүүлэнгээс гаргуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Г.Энэрэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Тэнүүнд 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Н.Тэмүүлэнгээс гаргуулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц хувийг нь гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |