Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00305

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/05316 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

Эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1985 дугаар шийдвэрээр *******өөс 463,497,252 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай 7 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22410097/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 22410097/03 дугаар тогтоолоор хураан авсан.

1.3. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан зарчмыг баримтлаагүй, хөндлөнгийн гэрч нарт уг ажиллагаанд гэрчээр оролцож байгаа эрх үүргийг нь тайлбарлан өгөөгүй, гэрчүүдийн санал хүсэлтийг асууж тодруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээ баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс хууль зөрчсөн тогтоол үйлдэж улмаар өмчлөгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн.

1.4. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин хураах тогтоолыг үйлдсэн. Эд хөрөнгө хураах тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцсон Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ******* байр ******* хаягт оршин суух гэх *******, Хан-Уул дүүрэг, хороо, ******* байр ******* хаягт оршин суух гэх нартай уулзах зорилгоор хаягаар нь очиход дээрх гэрчүүд тухайн хаягаар тодорхойлсон газарт огт амьдарч байгаагүй, тэдгээрийг огт танихгүй, энэ хаягт 10-н жил амьдарч байгаа гэсэн хариуг оршин суугч нь өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгө хураах ажиллагаад оролцуулсан хоёр хөндлөнгийн гэрчүүд нь тус шийдвэр гүйцэтгэх байгууллагад урт хугацааны дадлага хийж байсан ба дадлага удирдагчаар ажилласан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч уг тогтоол үйлдэхдээ хувийн ашиг сонирхолтой этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан тул тэрээр хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна.

Иймд эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч н.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдийг өгсөн бөгөөд тухайн хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, *******ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ******* хороо, гудамж, *******од байрлах 303 м.кв талбайтай 7 өрөө орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хураасан бөгөөд ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нийцсэн.

Хөндлөнгийн гэрчийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд оролцуулаад улсын бүртгэлээс лавлагаа авах тухай хүсэлт гаргасан байсан ч шүүхээс уг хүсэлтийг хүлээж аваагүй учраас маргаан үүсэхгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******т холбогдох эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болгуулах тухай *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцвол зохих этгээдүүдийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй.

4.2. Эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон этгээдүүд уг ажиллагаанд оролцсон нь тогтоогдоогүй байхад хураах ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх нотлох баримтыг үнэлж, дүгнэлт өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хөндлөнгийн гэрч нь тухайн хаягт байдаггүй бөгөөд энэ хэрэгт хамааралгүй. Гэрчээр асуулгах хүсэлт гаргахын тулд Улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Шүүгч хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй. Хөндлөнгийн гэрчүүд тухайн байгууллагад дадлага хийдэг байсан эсэхийг нэхэмжлэгч нотолж, нотлох баримт гаргаж өгөөгүй. Хувийн ашиг сонирхолтой гэдэг нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дэх дүгнэлтийн зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01985 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1790 дүгээр магадлалаар төлбөр төлөгч *******өөс 463,427,052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* гудамж, ******* байрны *******од байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай долоон өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Шийдвэр гүйцэтгэгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ГХ2022/00326 дугаар гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 183/ШЗ2022/03443 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүсгэж, *******ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* гудамж, ******* байрны *******од байршилтай, орон сууцны зориулалттай 303.38 м.кв талбайтай долоон өрөө орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22410097/02 дугаар тогтоолоор битүүмжилжээ. Дээрх ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22410097/03 дугаар тогтоолоор дээр дурдсан орон сууцыг хураан авахдаа хөндлөнгийн гэрчээр *******, нарыг оролцуулсан талаар тэмдэглэж, гарын үсэг зуруулжээ.

 

6. Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр ******* нь хариуцагчаар тодорхойлогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч тал юм.

 

7. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан эд хөрөнгө хураан авах ажиллагаанд мөн зүйлийн 44.3 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, мөн хуулийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид ... гомдол гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргаагүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай. Гэвч тухайн эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хураан авч, тогтоол үйлдсэн байх бөгөөд уг тогтоолыг өмчлөгч *******д гардуулж өгөөгүй боловч тэрээр уг ажиллагааг явуулсан гэдгийг 1 жил 2 сарын хугацаанд мэдээгүй гэж дүгнэхээргүй байна. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй буюу шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

9. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хөндлөнгийн гэрч оролцуулах журам зөрчсөн гэж тайлбарласныг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо мөн зүйлийг баримталсныг буруутгахгүй болно.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/05316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА