Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Халиун,

ялтан А.Төгөлдөр, Э.Золбоо, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, 

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Төгөлдөр, Э.Золбоо, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нарт холбогдох 201625022236 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овогт Амараагийн Төгөлдөр, 1995 оны 10 дугаар сарын 6-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон улсын Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 46-6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: УХ95100611/;

 

2. Жаамаа овогт Эрдэнэзоригтын Золбоо, 1996 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон улсын Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-269 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: УШ96082091/;

3. Шархайнборжигин овогт Номинсувдын Умедджон, 1996 оны 2 дугаар сарын 24-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, өвөө, эгч нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 108 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: УМ96022416/;

 

            А.Төгөлдөр нь Э.Золбоотой бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг тодорхой шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж унагаан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан,

Э.Золбоо нь А.Төгөлдөртэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг тодорхой шалтгаангүйгээр ухаан алдан унасан байхад нь толгой хэсэг рүү нь 2 удаа өшиглөн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан,

Н.Умедджон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг ухаан алдан унасан байхад нь өмдний зүүн халаасанд байсан “Самсунг нөүт 5” загварын гар утсыг хулгайлан авч 1,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: А.Төгөлдөр, Э.Золбоо нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5 дахь хэсэгт зааснаар,  

Н.Умедджонд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Амараагийн Төгөлдөр, Жаамаа овогт Эрдэнэзоригтийн Золбоо нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шархайнборжигин овогт Номинсувдын Умедджоныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Умедджонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Умедджоныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар А.Төгөлдөр, Э.Золбоо нарыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Төгөлдөр, Э.Золбоо нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Умедджон нь төлөх төлбөргүй, А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий хоёр ширхэг сидиг /CD/ хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, хохирогч Ө.Идэрбаяр нь гэм хорын хохиролд 16,000,000 төгрөг нэхэмжилснээс А.Төгөлдөр, Э.Золбоо нараас 3,400,000 төгрөг төлснийг дурдаж, үлдэх бусад гэм хорын хохирлыг хангахгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Н.Умедджонд авсан бусдын батлан даалтд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А.Төгөлдөр, Э.Золбоо нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Төгөлдөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дүү нартаа муу үлгэр дууриалал үзүүлэх зүйл хийж байгаагаа ойлгож байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Олон улсын Улаанбаатар их сургуулийн хот чимэглэлийн дизайны мэргэжлээр суралцаж 5 дугаар сард төгсөх байсан. Өөрийн ухамсаргүй үйлдлээс болж сургуулиа төгсөж чадахгүйд хүрч байгаад үнэхээр харамсаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Э.Золбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олон улсын Улаанбаатар их сургуулийн хот чимэглэлийн дизайны мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд 5 дугаар сард сургуулиа төгсөх байсан. Өөрийн буруутай үйлдлээс болж хохирогч Идэрбаярт учруулсан хохирлоо төлсөн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Ялтан А.Төгөлдөр, Э.Золбоо нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. А.Төгөлдөр, Э.Золбоо нарын хувьд анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, А.Төгөлдөр, Э.Золбоо нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.Төгөлдөр, Э.Золбоо нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлээд тэдгээрийг гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

А.Төгөлдөр, Э.Золбоо нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг тодорхой шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж унагааж, унасан байхад нь толгойн тус газар нь өшиглөж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан,

Н.Умедджон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг ухаан алдан унасан байхад нь өмдний зүүн халаасанд байсан “Самсунг нөүт 5” загварын гар утсыг хулгайлан авч 1,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч  Ө.Идэрбаярын “...2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Оранже” караокед үйлчлүүлж байгаад найз Магнай, Гончигдорж нарын хамт “Оранже” караокены урд зогсоод бид нар хоорондоо юм ярьж байсан чинь хоёр гар дээрээ шивээстэй үл таних залуу ганцаараа гүйж ирээд “зүгээр үү хөгшөөн” гээд хэрүүл өдөөд байж байсан чинь цаад талаас 3 үл таних залуу бид нар дээр ирээд дайрсан, яагаад та нар ингээд байгаа юм гэж хэлээд байсан. Би тэр үед танихгүй гайхаад бид нар хоорондоо маргалдаад байж байх хооронд нэг үл таних залуу цохих гэж дайраад байхаар нь би арагш ухраад цамцаа тайлаад “за хүрээд ир” гэсэн чинь Төгөлдөр гэх залуу за тийм юм байхгүй гэж хэлчихээд миний зүүн гарнаас баруун гараараа барьж байгаад миний баруун шанаа орчим нэг удаа цохиод унагаасан. Би тэгээд ухаан алдаад гэмтлийн эмнэлэг дээр 2 цагийн дараа ухаан орсон. Намайг унасан байх үед нэг үл таних залуу миний толгой руу өшиглөсөн гэж манай найз Магнай, Гончигдорж 2 хэлсэн. ...Маргаан эхлэх үед миний гар утас зүүн урд талын өмдний карманд байсан...” /1-р хх-ийн 15 тал/,

гэрч А.Магнайбаярын “...Би 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талын замын хажууд Гончигдорж, Идэрбаяр нарын хамт зогсож байх үед замын цаад талаас 4 үл таних залуучууд зогсож байгаад бид нар луу нэг туранхай, бие нь дээрээ битүү шивээстэй нэг залуу нь бид нар дээр ирээд “асуудалгүй биз дээ” гэж байсан. Тэгтэл цаанаас нь нөгөө үлдсэн гурван залуу хүрч ирээд бид нартай юм ярьж байгаад муудалцсан. Би нэгэнтэй нь юм ярьж байгаад больё гэж хэлж байгаад эргээд харсан чинь манай найз Идэрбаяр нь ухаан алдсан байх үед 20-25 насны орчим 165-168 см өндөртэй, 2 гарнаас цээжин бие хүртэл шивээстэй залуу нь өшиглөж байхаар нь би очоод “та нар хүн алчихлаа” гэж хэлээд би тэр залуугийн цээжин хэсэгт нэг удаа цохиод цаашаа зугтаагаад буцаад ирсэн чинь нөгөө залуучууд явсан байсан. Бид 3 зогсож байх үед нэг залуу /Золбоо/ нь ирээд зүгээр үү гэж хэрүүл эхлүүлсэн. Тэгээд ар талаас нь нөгөө 3 залуу ирж маргаан эхлүүлсэн...” /1-р хх-ийн 16, 226 тал/,

гэрч О.Гончигдоржийн “...Би 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талын замын хажууд Магнай, Идэрбаяр нарын хамт зогсож байх үед 21-23 орчим насны, 170 см өндөртэй, туранхай, хоёр гарны шуун дээрээ шивээстэй нэг үл таних залуу ирээд “зүгээр үү, ямар нэгэн асуудалгүй биз дээ” гэсэн. Би тэгэхээр нь “зүгээр зүгээр” гэж хэлээд цааш нь түлхсэн. Тэгсэн чинь цаанаас нь 3 үл таних залуу нэмэгдэж ирээд Идэрбаяр, Магнай хоёртой маргалдаад байсан. Би тэгэхээр нь Идэрбаярыг машин руу дагуулаад авж явах гэтэл ар талаас гурван залуу нь ирээд “зодолдоё, ална” гэж хэрүүл өдөөд байсан. Би буцаад эргэж харах хооронд Идэрбаярыг 20-23 насны 172-175 см өндөртэй, буржгар үстэй, туранхай өндөр залуу нь цохиод унагаасан байхаар нь тэр цохисон залуу руу харсан чинь миний хажуу талаас буржгар үстэй туранхай залуу намайг хажуу талаас цохисон. Би тэгээд тэр залууг хальт өшиглөөд зогсож байсан чинь хажуу талаас нэг залуу тоосго барихаар нь би тоосгийг бариад унагаасан. Тэгээд эргээд Идэрбаярыг харсан чинь анх хэрүүл өдөөд 21-23 насны орчим, 170 см өндөртэй, ганцаараа ирсэн залуу нь Идэрбаярын толгойн тус газар нь өшиглөж байсан. Тэгээд тэр залуучууд яваад өгсөн...” /1-р хх-ийн 17, 227 тал/,

гэрч А.Билэгтөгөлдөрийн “...Би 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Оранже” караокед өөрийн найз Гончигдоржтой уулзах гэж ирээд дотор караокед сууж байхад манай найз Гончигдорж над руу залгаад гадаа зодоон болоод байна. Цагдаа дуудаарай гэхээр нь гарч очсон чинь Гончигдоржтой Солонгос цуг ажиллаж байсан ах /Идэрбаяр/-ыг зодох гээд үл таних залуучууд дайрч байгаа харагдсан. Тэгээд өндөр малгай өмссөн залуу /Төгөлдөр/ нь Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ын толгой руу нь нэг удаа цохисон чинь Гончигдоржийн ах /Идэрбаяр/ нь газар ухаан алдаад унах шиг болсон. Тэгээд Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ынх нь найз гэх залуу /Магнайбаяр/ болиулах гээд очсон чинь тэр үл таних залуучууд тэр залууг цохих гэж дайраад араас нь хөөсөн. Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ыг цохисон залуу /Төгөлдөр/ “...би угаасаа ганц цохиод унагаачихдаг юм. Аминдаа хайртай бол араа мэдээрээ, ахтайгаа адилхан болмоор байна уу...” гэж хэлээд байсан чинь хоёр гартаа шивээстэй, майкаа тайлсан байсан залуу /Золбоо/ нь Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ыг газар унасан байх үед нь толгой руу нь 1-2 удаа өшиглөсөн...” /1-р хх-ийн 223 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 12107 дугаар “...Ө.Идэрбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 24 тал/,

 “...Ө.Идэрбаяр, О.Гончигдорж, А.Магнайбаяр нь зогсож байх үед замын цаад талаас Э.Золбоо нь хүрч ирээд А.Магнайбаяр, Ө.Идэрбаяр хоёрын баруун, зүүн мөрөн дээр нь баруун, зүүн гараа тавиад доош буулгаж, хамт зогсож байхад нь цаад талаас нь З.Баярсайхан, А.Төгөлдөр, Н.Умедджон нар нь ирээд зогсож байгаа харагдаж байна.

2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены гадна талын хуулбарлаж авсан камерийн бичлэгийг эхлүүлэхэд IMG _4835 зүүн дээд буланд бичигтэй. Хяналтын камерийн дүрс бичлэг дээр Ө.Идэрбаяр, З.Баярсайхан нар нь өөд өдөөсөө харсан зогсож байхад нь хажуу талаас Э.Золбоо, А.Төгөлдөртэй хамт гарч ирээд хохирогч Ө.Идэрбаяр луу ойртох үед О.Гончигдорж нь дундуур ороод А.Төгөлдөрийг түлхээд цааш салгахад А.Төгөлдөр нь Ө.Идэрбаярын баруун гарыг нь барьж байгаад зүүн гараараа, зүүн эрүүн тус газарт нь нэг удаа цохиход Ө.Идэрбаяр нь арагш ар талаараа газар унахад О.Гончигдорж нь ар тийш Ө.Идэрбаярыг харах үед А.Төгөлдөр нь О.Гончигдоржийг зүүн гараараа баруун шанаа орчим нэг удаа цохиод цааш болсны дараагаар Э.Золбоо нь улбар шар өнгийн майкаа тайлаад Ө.Идэрбаярыг газар хөдөлгөөнгүй, ухаан алдсан хэвтэж байхад нь явж очоод толгойн баруун талаас нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөд баруун талаас нь А.Магнайбаяр нь гүйж очоод Э.Золбоогийн баруун шанаа орчим 1-2 удаа цохих үед З.Баярсайхан нь А.Магнайбаяр луу 1-2 удаа цохиж байгаа харагдаж байгаад Э.Золбоо, З.Баярсайхан нар нь А.Магнайбаярын араас цааш хөөж цааш явах үед Н.Умедджон баруун гартаа барьсан тоосго мэт зүйлийг арагшаа хаяхад, Э.Золбоо нь буцаж ирээд Ө.Идэрбаярыг газар /ухаан алдсан/ хэвтэж байхад толгойн баруун талаас нь дахин нэг удаа өшиглөөд А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нар нь О.Гончигдорж руу алхах үед З.Баярсайхан нь Э.Золбоо А.Төгөлдөр, Н.Умедджон нарыг татаад зуурхад А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нар нь буцаад явж байхдаа Н.Умедджон газар хэвтэж байсан хохирогч Ө.Идэрбаярын хажуу талаас юм авч байгаа нь харагдаж байна. Цаашид бичлэгийг үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл харагдсангүй...” /1-р хх-ийн 222 тал/ гэх хэргийн болсон цаг хугацаанд болсон үйл явдлыг бэхжүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 219 тал/,

эд зүйл түр хураан авсан тэмдэглэлээр “...“Самсунг нөүт-5” загварын гар утсыг Н.Умедджоноос хураан авч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахаар тогтов. Эд зүйл хураалгасан Н.Умедджон...” /1-р хх-ийн 12 тал/,

эд зүйлийн үнэлгээ “...“Самсунг галакси нөүт-5” загварын гар утас-1,000,000 төгрөг...” /1-р хх-ийн 121 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

А.Төгөлдөрийн Э.Золбоотой 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талд А.Төгөлдөрийн Э.Золбоотой бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Идэрбаярыг тодорхой шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж унагаан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан,

Э.Золбоогийн А.Төгөлдөртэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Идэрбаярыг тодорхой шалтгаангүйгээр ухаан алдан унасан байхад нь толгой хэсэг рүү нь 2 удаа өшиглөн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “...бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” гэсэн “Танхайрах” гэмт хэргийн 181.2.1 дэх заалтад заасан “...догшин авирлаж...”, 181.2.5 дахь заалтад заасан “...бүлэглэж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,

Н.Умедджоны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг ухаан алдан унасан байхад нь өмдний зүүн халаасанд байсан “Самсунг нөүт 5” загварын гар утсыг хулгайлан авч 1,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус бүрэн агуулжээ.

 

Н.Умедджоны үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан...” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 6 сарын хугацаа анхан шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан шийдвэрлэхэд дууссан байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Умедджоныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нарын үйлдлийг зөв зүйлчилсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан А.Төгөлдөр, Э.Золбоо нар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч “...нэхэмжлэх зүйлгүй...” болсон болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 108 тал/ -аар нотлогдож байх ба тэдний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, “...дээд сургуулийн төгсөх ангийн оюутан...” зэрэг хувийн байдлуудыг харгалзан ялтан А.Төгөлдөр, Э.Золбоо, тэдний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын “...хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч,  А.Төгөлдөр, Э.Золбоо нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар А.Төгөлдөр, Э.Золбоо нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 3 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Амараагийн Төгөлдөрт хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст, Эрдэнэзоригтын Золбоод хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус үүрэг болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

            2. А.Төгөлдөр нь 35 хоног, Э.Золбоо нь 35 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

            3. А.Төгөлдөр, Э.Золбоо нарыг нэн даруй сулласугай

 

            4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                         Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                  Д.ОЧМАНДАХ