Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0045

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 810 дугаар шийдвэрээр: ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасныг тус тус баримтлан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан гаргасан “Т” ХХК-ийн “Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661 дүгээр болон 11-ний өдрийн 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59,950,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул дараах байдлаар тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-тэй Захирагчийн албан дээр уулзан дээрх гэрээний дагуу байрлуулсан 2 самбарын төлбөрийг төлүүлэхээр нягтлан бодогчоороо 3 хоногийн хугацаатай төлбөрийн нэхэмжлэхийг бичүүлэн өгсөн байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны болон 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн нэхэмжлэхийн дагуу 2 самбарын төлбөрийг төлж барагдуулсан. Ийнхүү “Т” ХХК нь төлбөрөө зохих ёсоор төлсний дараа зохих журмын дагуу эдгээр самбаруудаа ашиглаж байсан болно.

Гэтэл гэнэт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний болон 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Захирагчийн албанаас төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр дээрх зөвшөөрлийг хүчингүй болгож, гэрээг цуцалж байгаа талаар албан бичиг ирүүлсэн байдаг.

Гэвч шүүх "...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь бодит байдалд тогтоогдож байхад нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нягтлан бодогчоос төлбөрийн нэхэмжлэх бичиж өгсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөж...нийцэхгүй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж үзсэн.

Шүүх ийнхүү дүгнэхдээ нягтлан бодогч гэрч Б.Х болон хариуцагчийн төлөөлөгч Г.Б нарын мэдүүлгийг үндэслэсэн боловч шүүх эдгээр мэдүүлгийг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч өөрөө бичүүлсэн, Захирагчийн албанаас нэхэмжлэх гарган өгөөгүй, хариуцагчаас төлбөрийн нэхэмжлэх гаргаж өгөх хүсэл зориг байгаагүй гэсэн дүгнэлт бодит байдалд нийцдэгтүй юм.

Нэг талын мэдүүлгээр эргэлзээтэй, тодорхойгүй байсан нөхцөл байдлыг тодорхой болгож, болсон бодит байдлыг тайлбарлан хэлүүлэхээр шүүхээс нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.Б-ийг гэрчээр дуудан оролцуулсан юм. Улмаар Н.Б уг 2 нэхэмжлэх нь Энхтайваны гүүрний 2 талын самбарын нэхэмжлэх гэдгийг хэлдэг бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Г.Б тус 2 самбарын төлбөр дээр нэхэмжлэх авч өгөхөөр нягтлан бодогч дээрээ очсон гэдгийг батлан мэдүүлсэн юм. Гэтэл шүүх гэрч Н.Б-ийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн нэг талын тайлбар, мэдүүлгийг авч үзэж, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн бодитой үнэлж чадаагүй юм.

Үүнээс гадна шүүх актад тусгагдсан зөрчил болон акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах ёстой байхад актад заагаагүй самбар угсралтын гэрээг хянасан нь үндэслэлгүй болсон билээ

Хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... шүүхээс Н.Б-ийг гэрчээр асуусан ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1, 34.5-д заасныг үндэслэн шүүх Н.Б-ий мэдүүлгийг үнэлээгүй” гэж дурджээ. Гэрч Н.Б-ий хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасанчлан хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан 2 хүний нэг юм. Өөрөөр хэлбэл Захирагчийн алба аль гэрээний аль самбарын төлбөрийг төлүүлэхээр болж, нэхэмжлэх бичүүлснийг хариуцагчийн төлөөлөгч болон гэрч Н.Б нар л мэдэж байсан. Тиймээс гэрч Н.Б-ий мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, үнэн зөвөөр тогтооход зайлшгүй ач холбогдолтой болно.

Захирагчийн албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь иргэн Н.Б-ий гаргасан нэхэмжлэл биш бөгөөд харин “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл билээ. Тиймээс Н.Б-ийг нэхэмжлэгч гэж үзэхгүй бөгөөд хэргийн талаарх үнэн, бодитой нөхцөл байдлыг тодруулан авсан түүний мэдүүлгийг шүүх үнэлэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход нэн ач холбогдолтой.

Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч “Т” ХХК-аар Энх-тайваны гүүрний 2 талын самбарын мөнгийг төлүүлэхээр нэхэмжлэх бичиж өгсөн үйл баримтыг шүүх үнэн зөвөөр тогтоож чадаагүй болно. Үүнээс үүдэн итгэл хамгаалах зарчим зөрчигдөж, нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хохирч үлдэх болоод байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

       ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-аас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан “Зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгосон 01/725 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, учирсан хохиролд 59,950,000 төгрөгийг гаргуулах, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-661 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК-д 2017 оноос хойш Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар 6 байршилд нийт 7 ширхэг гадна зар сурталчилгааны тулгуурт байгууламж байршуулах зөвшөөрөл олгож, “Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ” байгуулж, жилд төлөх хураамжийн хэмжээг тогтоож, гэрээнд заасан хугацаанд “Т” ХХК-аас хураамжийг төлөхөөр үүрэг хүлээсэн байна.

Энэ маргааны тухайд дээр олгогдсон зөвшөөрөлтэй байгууламжуудаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/188 дугаар тушаалаар олгогдсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун доод, зүүн доод, нарын зам дагуу байршилд 4*9 хэмжээтэй 2 талт тулгуурт байгууламжийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүйтэй холбоотой бөгөөд хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/661, 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/725 дугаар албан бичгүүдээр “Т” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 18/06-233 дугаартай “Иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээ”-ний 1.3 дахь заалтаар гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор гадна зар сурталчилгааны байгууламжийн 1 жилийн хураамж болох 5,760,000 төгрөгийг Төрийн сан банкинд төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлаж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг эс зөвшөөрч “...гэрээнд заасан төлбөрийг төлсөн байхад гэрээг цуцалсан, итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн, сонсох ажиллагааг хийлгүйгээр шууд хэн нэгний үүрэг даалгавраар акт гаргасан...” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлан маргасан нь үндэслэлтэй биш байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь гадна зар сурталчилгааны байгууламжийн хураамжаа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь тогтоогдсон төдийгүй гэрээ батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гадна зар сурталчилгааны байгууламжийг барьж байгуулах үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс “...хариуцагч нэмэлт хугацаа олгосон бөгөөд уг хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангасан” хэмээн тайлбарлан маргасан байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчид нэмэлт хугацаа олгосон гэх үйл баримт нотлогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нягтлан бодогчоос төлбөрийн нэхэмжлэх бичиж өгсөн нь нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим нь хуулийн дагуу хийж буй үйлдэл нь хууль, эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт иргэн итгэлтэй байх, өөрчлөгдсөн хууль, эрх зүйн акт нь иргэнд үүрэг хүлээлгэж байгаа эсхүл сөрөг үр дагавар үүсгэхээр байгаа бол түүнийг захиргааны байгууллагаас буцааж хэрэглэхийг хориглох гэсэн үндсэн хоёр нөхцөлөөр илэрхийлэгдэх бөгөөд энэхүү зарчмыг хууль ёсны хэмээн тодотгосны учир нь хэрэв хууль бус үйлдэл бол хамгаалахгүй гэдгийг тодруулан зааж байгаа тодотгол юм.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, түүний улмаас гэрээг цуцалж, зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Н.Б-ийг нэхэмжлэгч гэж үзэхгүй бөгөөд ...түүний мэдүүлгийг шүүх үнэлэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход нэн ач холбогдолтой” гэх гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-д “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй”, 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж заасны дагуу үгүйсгэгдэх бөгөөд “Т” ХХК-ийн захирал Н.Б-ийг тухайн хэрэгт гэрчээр дуудаж, мэдүүлэг авах нь нотолгооны ач холбогдолгүй, учир нь Н.Б нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бөгөөд уг хэргийн хэргийн оролцогч учир өөрийн тайлбар, мэдүүлгээ шүүх хуралдааны явцад гаргаж мэтгэлцэх эрх нь нээлттэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасныг үндэслэн Н.Б-ий мэдүүлгийг үнэлээгүй анхан шатны шүүхийн буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

                                      ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА 

                                       ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ