Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/0078

 

Ө.О, Э.Н*** нарын

гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан

шалгагч Ш.Г***-т холбогдох захиргааны хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                      П.Соёл-Эрдэнэ 

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа           

                                                         Г.Банзрагч                         

                                                         Д.Батбаатар 

Илтгэгч шүүгч:                        Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0325 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0234 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б***, хариуцагч Ш.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц***, Н.Д*** нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1.Иргэн Ө.О, Э.Н*** нараас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г***-т холбогдуулан “... тус ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ****, ****  дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.О***, С*** нараас Санхүүгийн зохицуулах хороонд хаяглан, “2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “***” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн Тооллогын комисс 01 дүгээр тогтоолоор саналын эрхгүй хувьцаа эзэмшигч гэж үзэн, тогтоол гарган санал хураалтад оруулаагүй, саналыг эрхийг хассан, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх эрхийг зөрчсөн” гэх агуулгаар гомдол гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор “***” ХК-д холбогдуулан ****** дугаартай зөрчлийн хэрэг нээж, ажиллагаа явуулсан байна.

2.1.Тус ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Ө.О*** тооллогын комиссын гишүүн нь хууль бус тогтоол гаргасан болох нь мэдүүлэг, тогтоол, баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн таван зуун нэгж (5,000,000 сая төгрөг)-ээр;

2.2.Тус ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.Н*** нь тооллогын комиссын гишүүн нь хууль бус тогтоол гаргасан болох нь мэдүүлэг, тогтоол, баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн таван зуун нэгж (5,000,000 сая төгрөг)-ээр тус тус торгожээ.

3.Гомдол гаргагч Ө.О, Э.Н*** нараас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... зөрчлийн шийтгэл хүлээх субъект биш, зөрчлийн үйлдлийг буруу тодорхойлсон, Компанийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн, Тооллогын комисс нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын аль үүргийг гүйцэтгээгүй гэж үзсэн, эсхүл хориглосон ямар хэм хэмжээний актыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй, үндэслэлээ тайлбарлаагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд бие дааж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээдийн хувиар оролцоогүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комисст Компанийн тухай хуулиар олгосон эрхийн хүрээнд хамтын шийдвэр гаргасан болохоос хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг гишүүн тус бүрд хариуцлага ногдуулах байдлаар хэрэглэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрээр эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг тогтоосон тул гэрээгээр шилжих хууль зүйн үндэслэлгүй, иймд иргэн С***, О*** нарын худалдан авсан гэх хувьцааг саналын эрхгүй гэж хамтын шийдвэр гаргасан, хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг Тооллогын комисс хассан бус анхнаасаа саналын эрхгүй хувьцаа гэж Улсын дээд шүүхийн тогтоолоор дүгнэсний дагуу саналын ирцэд оруулан тооцоогүй, гэтэл хариуцагчаас Тооллогын комисс хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг хассан шийдвэр, тогтоол гаргасан гэж дүгнэсэн нь буруу ...” гэж тайлбарлан маргажээ.

4.Хариуцагчаас “... Тооллогын комиссын гишүүд Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан хувьцаат компанийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй гэж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээд биш бөгөөд хуулиар эрх олгоогүй ...” гэж гомдлыг эс зөвшөөрч маргажээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 10.11 дүгээр зүйлийн 6, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 63.4, 67 дугаар зүйлийн 67.3.2, 71 дүгээр зүйлийн 71.5, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.6 дахь хэсгийг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай ***, ***  дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч Ө.О, Э.Н*** нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

7.Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0234 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.Гомдол гаргагч Ө.О, Э.Н*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***, түүний өмгөөлөгч Б.Б***-аас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр дараах хяналтын журмаар гомдол (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

8.1.Анхан шатны шүүхээс хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэлийг баримтаар бус хуулийг буруу хэрэглэх байдлаар өгч хэргийг шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь 2023 оны 03 дугаар сарын 09, 16-ны өдрүүдийн ***, *** дугаартай албан бичгүүдээр саналын эрхтэй гэж тодорхойлсоор байтал нэхэмжлэгч нь эдгээр баримтуудын хүрээнд бус бие дааж хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарласан байна гэж илэрхий зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

8.2.Хариуцагчийн үйлдлийг зөвтгөхдөө хуулийг буруу тайлбарласан тухайд: Анхан шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу компанийн хувьцааны саналыг эрхтэй, эрхгүй гэдгийг тодорхойлох эрх бүхий этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо байхад гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаатай дүгнэлт өгсөн байна.

8.3.Санхүүгийн зохицуулах хороо нь аль нэг хувийн хувьцаат компанийн хувьцааг эрхтэй, эрхгүй болохыг тогтоох, хөндлөнгөөс нөлөөлөх эрхтэй этгээд биш хуулийн дээрх заалт нь эрх бүхий байгууллага болох шүүх, хууль хяналтын байгууллагаас саналын эрхгүй хувьцаа болохыг тогтоосон шийдвэр, тогтоол гарсан тохиолдолд тэрхүү шийдвэр, тогтоолыг үндэслэн саналын эрхгүй талаар нийтэд мэдээлэх үүргийг хуулиар хүлээлгэсэн зохицуулалт болохоос бие дааж хэрэгжүүлэх эрхийг хуульчилсан зохицуулалт биш юм. Тооллогын комисс нь саналын эрх бүхий байх хувьцааны тоог тодорхойлох хуульд заасан эрхийн хүрээнд хамтын шийдвэр гаргадаг онцлог бүтэц юм. Гэтэл саналын эрхтэй, эрхгүй хамаагүй хувьцааны тоог л тоолж бүртгэхээс өөр эрх, чиг үүрэг байхгүй мэтээр хуулийн зохицуулалтыг хэт явцуу байдлаар тайлбарлан хэрэглэж буй нь буруу.

8.4.Маргаан бүхий актыг үйлдэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухайд: Хариуцагч нь зөрчлийн хэрэг нээн шалгахдаа анх “***” ХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоол үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан, гэтэл явцын дунд буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны ээлжит хурлын тогтоолын комиссын гишүүд нарт холбогдуулан шийтгэл оногдуулсан нь хуулийн болон зөрчлийн процесс ажиллагааг зөрчсөн гэж үзнэ.

8.5.Учир нь тухайн зөрчлийн холбогдогч этгээд нь компани байтал тооллогын комиссын гишүүд болгон өөрчилсөн болох нь тодорхойгүй, энэ талаар холбогдогч өөрчлөгдсөн тухай шийдвэр, эрх бүхий этгээдийн тогтоол үйлдэлгүйгээр шууд хариуцлага ногдуулсан, мөн Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэх боловч тухайн зөрчилд холбогдох шалгалтын ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр шууд шийтгэл ногдуулах байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг ноцтой зөрчсөн байдаг.

          8.6.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0325 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9.Хариуцагчаас гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгон гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

11.“***” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр товлон зарлаж, тус хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцүүлэхээр, мөн тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны 2023 оны 01 дүгээр шийдвэрийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын даргаар Ө.О, гишүүнээр Э.Н, О.Д нарыг томилжээ.

12.Өмгөөлөгч Б.Б, Ц.Э*** нараас “***” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хаяглан “… хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох О, С нар нь саналын эрхгүй хувьцаа эзэмшигч” гэх талаар зөвлөмжийг хүргүүлж, Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тогтоолыг хавсарган өгсөн байна.

13.“***” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** дүгээр тогтоолоор … тус хуралд 174,136 ширхэг буюу 1,567,224 саналын эрх бүхий энгийн хувьцаа эзэмшдэг 364 хувьцаа эзэмшигчид оролцохоос 95,502 ширхэг буюу 859,918 саналын эрхтэй 9 хувьцаа эзэмшигчид, 624,816 буюу 2 саналын эрхгүй хувьцаа эзэмшигч /О***, С***/ өөрөө болон итгэмжлэлээр оролцож байгаа талаар дурдаж, Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.1, 69.1, компанийн дүрмийн 7.4, Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тогтоолыг тус тус үндэслэн хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцож, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 01 дүгээр тогтоолоор уг Тооллогын комиссын тогтоолыг баталжээ.

14.Иргэн О***, С*** нараас “... хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд томилогдсон гэх тооллогын комиссоос хувьцааг саналын эрхгүй гэж тогтоол гарган, хуралдааны санал хураалтад оруулаагүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргажээ.

15.Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2301000023 дугаар тогтоолоор ... дээрх хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч С***, О*** нарын төлөөлөгч нарыг оролцуулаагүй талаарх гомдол мэдээллийг шалгаад, “***” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигчдийг хэлэлцсэн асуудлаар санал хураалтад оролцуулаагүй, Хорооны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6, 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус зөрчсөн үндэслэлээр “***” ХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

16.Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Ганхуягийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ***, *** дугаартай шийтгэлийн хуудсаар “... тооллогын комиссын гишүүн Ө.О, Э.Н*** нь хууль бус тогтоол гаргасан” гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн тус тус 500 нэгжээр (таван сая төгрөг) торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргагч нараас маргажээ.

Хууль хэрэглээний тухайд:

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Гомдол гаргагч нарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийн шинжийг хангасан эсэх тухай байна.

17.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус зааснаас үзвэл зөрчлийн шинжийг Зөрчлийн хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлох бөгөөд тэрхүү зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан бол зөрчилд тооцохоор байна.

18.Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д “Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, ... бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг уг хуулийн зорилготой холбон тайлбарлавал компанийн эрх зүйн харилцаанд оролцогч нь Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй бүрийг “зөрчил” гэж үзэх боломжгүй юм.

19.Тухайлбал, энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал буюу хувийн эрх зүйн харилцааны субъектүүдийн хүрээнд үүссэн “саналын эрхтэй, эрхгүй хувьцаа эзэмшигчийг тогтоох” үйл баримт нь маргаантай байхад Компанийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй, “***” ХК-ийн хувьцааг худалдан авсан О***, С*** нар өөрийн хувьцааг саналын эрхтэй гэж үзэж байгаа бол иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэд хоорондын хувийн эрх зүйн маргаан байна.

20.Гэтэл хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч нь тус хувийн эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцож, гомдол гаргагч нарыг буюу Тооллогын комиссын гишүүдийг Компанийн тухай хуульд заасан “бусад” үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг гаргасанд тооцон шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, шүүхүүд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасан хэм хэмжээг хэрэглэх нөхцөлийг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

21.Тодруулбал, саналын эрхтэй, эрхгүй хувьцаа эзэмшигчийн асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн компанийн дотоод асуудал бөгөөд иргэний шүүхээр шийдвэрлэгдэж, эцэслэгдээгүй энэ нөхцөлд захиргааны байгууллагаас хувьцаа эзэмшигчийг саналын эрхтэй, эрхгүй талаар дүгнэхгүйгээс гадна тус Тооллогын комиссын шийдвэрийг хууль бус гэж үзэх эрх хэмжээгүй, мөн “саналын эрхгүй хувьцаа эзэмшигч гэж үзсэн үйлдэл”-ийг Компанийн тухай хуульд заасан “бусад” үүргийг биелүүлээгүй зөрчилд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

22.Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасан “Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй...” гэдэгт тухайлбал, компанийн удирдлага Компанийн тухай хуулиар хориглосон заалтыг зөрчсөний улмаас компани буюу компанийн хувьцаа эзэмшигчид болон бусад этгээд зэрэг “нийтийн эрх ашиг” хохирсон, (уг үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй), эсхүл Санхүүгийн зохицуулах хорооны өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй (тайлан, мэдээ хүргүүлэх зэрэг), компанийн эрх зүйн харилцаанд оролцогчдын зүгээс зөвшилцлийн болон иргэний (шүүхийн) журмаар шийдвэрлэх боломжгүй хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахаар байна.   

23.Харин анхан болон давж заалдах шатны шүүх гомдол гаргагч нарыг “... хувьцаа эзэмшигч нарын хувьцааг саналын эрхгүй” талаар шийдвэр гаргасныг Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан хориглосон заалтыг зөрчсөн агуулгад хамруулан “үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд тооцох үндэслэлгүйгээс гадна “Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргийг зөрчсөн, Тооллогын комиссын тогтоолыг мөн хуулийн 34.1.1, 63.3 дахь заалтыг зөрчсөн, компанийн хувьцааны саналын эрхтэй, эрхгүй гэдгийг тодорхойлох эрх бүхий этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо” гэж тухайн маргааны үндсэн үйл баримтыг зөв тодорхойлоогүйн улмаас тус маргаанд хэрэглэхгүй Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагч нарын гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгов.

24.Захиргааны хэргийн шүүх Компанийн тухай хуулиар зохицуулагдаж буй хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхгүй бөгөөд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

25.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0325 дугаар магадлалыг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч Ө.О, Э.Н*** нарын гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г***-ийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ***, ***  дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч нараас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 (зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж гомдол гаргагч нарт олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                                 Д.БАТБААТАР

                                                                                                                 Х.БАТСҮРЭН