Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 213

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: М.О,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “М.Оыг *** аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Ж.М, өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарын бичгийн дарга М.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О түүний өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан Б\36 тушаалаараа аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын төрийн Захиргааны албан хаагчдыг хавсралтад заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлөөд Б\37 тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймгийн салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлаад төрийн захиргааны албан хаагчдад томилгоо хийхдээ М.О намайг тус хэлтэст төрийн захиргааны албан тушаалд томилоогүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосноо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хууль зөрчөөгүй, М.От хэлтэстээ “ улсын бүртгэгчээр ажиллах санал” тавьсан боловч өөрөө уг саналыг хүлээн аваагүй гэж гүтгэн төрийн жинхэнэ албан хаагч М.О намайг буруутгаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх заалт буюу “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлоно гүйцэтгэгч Р.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б\36 дугаартай тушаалын М.О надад холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн шаардлагаас татгалзаж байна. Учир нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А\16 дугаар тушаалыг үндэслэн Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд төрийн захиргааны албан хаагчдыг шинэ бүтэц орон тоонд нийцүүлэн томилгоо хийхдээ М.О намайг ажлын байраар хангаагүй, төрийн захиргааны албан тушаалд томилоогүй нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан үлдэх 2 заалтыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд: М.О намайг Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б\90 дүгээр тушаалаар *** аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б\302 дугаар тушаалаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс *** аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар томилсон. Холбогдох тушаалууд хэрэгт байгаа.

Хариуцагч талаас зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн. Газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан гэж тайлбарладаг боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б\77 тушаалаар Улсын бүртгэл, статистикийн газар бүтцээр ажиллаж байхад Улсын бүртгэлийн хэлтсийн дарга байсан Л.Бийг хэлтсийн даргаар томилоогүй, Хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэгчээр томилоод хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр манай байгууллагад ажиллаж байгаагүй Д.Мыг томилсон.

М.О надад газрын даргын орон тоо хасагдсан тухай утсаар ярьсан боловч хэлтэстээ ажиллах ажлын байрны санал огт тавиагүй, бичгээр мэдэгдээгүй бөгөөд “... би хэлтэстээ үлдэнэ...ажиллана” гэдгээ хэлсэн байхад намайг ажлаас чөлөөлөөд томилгоо хийгээгүй. Даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Р.Стэй уулзахаар өөрийн биеэр очсон боловч даргын нарийн бичиг уулзуулаагүй.

Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсантай би маргахгүй. *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч гэсэн орон тоо шинэ бүтцэд байхад хэлтсийн дарга байсан Л.Бийг энэ 2 орон тоонд томилоогүй, төдийгүй намайг ажиллах эсэхийг санал болгоогүй, шууд ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.Энэ бүдүүлэг алдааг залруулж, М.О намайг *** аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах.

2.Ажилгүй байсан үеийн цалингаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжилж байгаа хэлтсийн даргын албан тушаалын цалин ТЗ-9-З гэсэн ангиллаар төсөвт суугдсан шалтгаанаар цалин 779.338 төгрөг нэмэгдэл 45%ийн хамт, 1 сарын цалин 1.091.073 төгрөгөөс ажилгүй байсан үеийн цалин олговрыг бодоход татгалзах зүйлгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэх ёстой байтал утсаар бүтэц өөрчлөгдөж байгаа талаар ярьснаа ажил санал болгосон юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй. Үүнийг баримтжуулах нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн  байгууллагад 2009 оноос хойш ажиллаж эхэлсэн. Улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан. Засгийн газрын 501 дүгээр тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хууль зүйн сайдын “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай А/304 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэлийн  ерөнхий газар, Статистикийн үндэсний хороог нэгтгэн орон нутагт аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг байгуулсан. Уг газрын даргын орон тоон дээр нэхэмжлэгч томилогдон ажиллаж байсан. Эхлээд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба 2016 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн Б/302 дугаар тушаалаар  газрын даргаар томилогдсон.

Засгийн газрын 2016 оны “04 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн  газар, Үндэсний статистикийн хороог салгаж, Улсын бүртгэлийн газрыг Оюуны өмчийн газартай нэгтгэж өөрчилсөн. Энэ өөрчлөлтөөр Оюуны өмчийн газар аймагт салбар нэгжгүй болсон ба аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын нэгж нь хэлтсийн зохион байгуулалтай болсон бөгөөд орон тооны дээд хязгаарыг баталсан.

2016 оны 9 дүгээр сарын  02-ны  өдөр тамгын газрын дарга, хүний нөөцийн дарга, хүний нөөцийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн нар ажлын байрны орон тоо хасагдсан албан хаагчидтай Захиргааны ерөнхий хуульд заасан санал сонсох ажиллагааг зохион байгуулсан. *** аймгийн хувьд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгох, улсын бүртгэгчээр ажиллах боломжийн талаарх саналыг сонсгосон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд утсаар сонсох ажиллагаа явахыг зааж өгсөн. Үүний дагуу утсаар сонсох ажиллагаа хийж, тэмдэглэл үйлдсэнийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн.

Бүтэц орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн. Түүнээс ажиллаж байсан орон тоон дээр өөр хүн авч ажиллуулаагүй. Мөн хэлтсийн даргын чиг үүргүүд өөрчлөгдсөн тул санал авах ажиллагааг хийсэн. Л.Бийг томилоогүй учраа намайг томилох ёстой гэдгээр барьцаж болохгүй. Албан тушаал бүр дээр өөр өөр чиг үүрэгтэй хүн ажиллаж байсан.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн өмгөөлөгч: Улсын бүртгэл, статистикийн газар гэж байхад 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/304 дугаар тоот тушаалын хавсралтын 3.1-т орон нутгийн улсын бүртгэл, статистикийн газрын орон тоог схемчлэн үзүүлсэн байна. Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь Улсын бүртгэл болон Статистикийн хэлтэстэй байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр газрын дарга болон Статистикийн хэлтсийн  орон тоо хасагдсан. Өмнө нь ТЗ-10-аар нэг, ТЗ-9-өөр 2 хүн цалинждаг байсан. Сайдын А/16 дугаар тушаал 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гарч аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга болон Статистикийн хэлтсийн даргын ажил, албан тушаал хасагдсан. Нэхэмжлэгч хасагдсан нь үнэн гэж хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч ажлын байраар хангах үүднээс 2016 оны 9 дүгээр сарын 2-нд сонсох ажиллагаа хийсэн. Нэхэмжлэгч хэлтэстээ үлдэнэ гэдгээ өмнөх шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн бөгөөд сонсох ажиллагааны тэмдэглэлд энэ талаар дурдагдсан байгаа. 1200 албан хаагчидтай харьцаж буй хүний нөөцийн 3 хүн тэр бүр хүнтэй тулж ажиллаагүй байж болно. Төрийн жинхэнэ албан хаагч бол ажлаар хангуулах баталгааг нэхэмжлэгч яаж гаргасан бэ. Хэлтэс 24 орон тоотой байгаа. Аль орон тоон дээр ажиллах гээд байна вэ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь ТЗ-10-аар цалинжиж байсан хэрнээ ТЗ-9-өөр цалинжих ёстой гэж хуулийн дээрх заалт зөрчсөн шаардлага тавьж тайлбар хийж буй нь үндэслэлгүй байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалд уг хүний ажил, үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол үргэлжлүүлэн ажиллуулахаар зааснаас үзвэл хэлтсийн даргад Л.Б ажиллах ёстой байна.

Мөн дээрх Б/37 дугаар тушаалд тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал, ажлын байрны тоо цөөрсөн бол  үйл ажиллагааны үр дүн, ажлын дадлага туршлага, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан томилохоор заасан байна. Үүний дагуу түр орлон гүйцэтгэгчээр хүн томилж, сонгон шалгаруулалт зарласан. Н.М, Л.Б, нэхэмжлэгч нар тэрхүү сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байсан боловч ороогүй. Нэхэмжлэгч нь өөрөө ажлын байраар хангуулах талаар санаачлага гаргаагүй.

Маргаан бүхий Б/36 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байсан учраа нэхэмжлэлийн шаардлага уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т .төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан. Газрын дарга нь удирдах албан тушаал юм. Нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшил нь улсын бүртгэгч юм. Хариуцагчийн хувьд орон нутагт ТЗ-10-аар цалинжуулах ажлын байр байхгүй. 

Тухайн үед 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийн зохицуулалт байсны дагуу өгсөн. Одоо хуульд өөрчлөлт ороод 3 сар болсон. Нэхэмжлэгч нь бидэнд ажлын байраар хангуулах талаарх саналаа бичгээр болон амаар хэлээгүй. Хэрэв саналаа өгөөд тэрийн хүлээн аваагүй бол харьяалах дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл ийм гомдол гаргасан зүйл байдаггүй.

Нэхэмжлэгч нь төрийн албан хаагч ажлын байраар хангуулах эрхээ эдлэхээр хандах ёстой байтал хандаагүй. Тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн хяналтын байцаагчийн чиг үүргийг давхар хэрэгжүүлж байсан. Хариуцагчаас бүхий л бололцоотой арга хэмжээг авсан.

Нүдний харааны ой тогтоолт, оюуны ой тогтоолт хүн бүрт адилгүй байдаг. Гэрч Н.Г нэхэмжлэгчийг санахгүй байна гэж мэдүүлсэн. Гэрч Б.Б томилгоо хийсний дараа нэхэмжлэгч нь ирж уулзсан. Би даргатай уулз гэж хэлсэн гэдгээ гэрчээр сая асуугдах үедээ хэллээ. Дээрх гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хууль зөрчсөн шаардлага тавьж байна. Нэхэмжлэгч хэлтсийн даргаар ажиллах санал өгөөгүй. Хэлтэсдээ ажиллана гэдэг саналаа өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл томилгоо хийгдээгүй байсан гэдгийг гэрч Б.Б мэдүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчиж томилогоог хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь ажлын байраар хангуулах саналаа ирүүлээгүй. Иймд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгосон. Нэхэмжлэгчийн аймгийн хэлтсийн даргад томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хуулиа баримталбал шүүх цалин, хөлсийн буруулахгүй ажил, албан тушаалд томилох боломжтой байгаа. Хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах асуудал байхгүй.

Нэхэмжлэгч нь ТЗ-10-аар цалинжиж байхдаа ажлаас халагдаж, цалингүй байсан бол яаж хохирсон талаарх тайлбараа шүүхэд тодорхой гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж, шүүх тодорхой нотлох баримтад үндэслэн тодорхой дүгнэлт хийж, тодорхой шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгч нь өмнө огт ажиллаж байгаагүй ТЗ-9-3 ангиллаар цалин, хөлс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгч нь хэдэн хоног ажилгүй байсан, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа 

болон түүний үндэслэлийг нотлох ёстой. Гэтэл нотлоогүй байхад шүүх ТЗ-9-3 зэрэглэлээр ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна. Л.Б нь хариуцагчтай тохиролцоод өөр ажил албан тушаал дээр томилогдсон байхад нэхэмжлэгч өмнөөс нь дүгнэлт хийж, хариуцагчийн үйл ажиллагааг шүүмжилж өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэсэн бодол санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч санал өгөөгүй, томилгоо хийж чадаагүй гэдэг дээр шүүх хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа эсэх дээр дүгнэлт өгч, шийдвэр гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгааг шүүх анхаарч үзэж шийдвэрээ гаргах байх гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч М.Оын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.О Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасны дагуу татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс М.Оыг *** аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж, орон нутаг дахь нэгжийн орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгажээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын орон тоо, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, мөн өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх тушаалаар нэхэмжлэгч М.О *** аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/37 дугаар тушаалаар *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нийт 24 орон тоотойгоор батлагдсан нь Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар батлагдсан *** аймгийн улсын бүртгэл, статистикийн  газрын орон тооноос хасагдаагүй байна.

Хариуцагч “...Б/37 дугаар тушаалаар *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс байгуулагдаж өмнөх улсын бүртгэл статистикийн газрын даргын орон тоо хасагдсан тул М.Оын орон тоо хасагдсан” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан аймгийн Улсын бүртгэл статистикийн  газрын даргын ажлын байрны тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарлагдсан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны шаардлагаас харахад М.Оын урьд эрхэлж байсан орон тоо, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”,  

            Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын 

орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч Т.Оын эрхэлж байсан албан тушаал хасагдсан тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авахаар ёстой.

Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан дээрх саналыг шийдвэрлэж, зөвшилцөлгүйгээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчийн дансанд хийснээр нэхэмжлэгчийн тэтгэмж авсанд тооцон,  2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар өмнө нь тус газар хэлтэст ажиллаж байгаагүй Д.Мыг *** аймгийн Бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд *** аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо Улсын бүртгэлийн хэлтсийн дарга болон өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд томилоогүй нь нэхэмжлэгч М.Оын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.  

        Түүнчлэн хариуцагчаас 2016 оны 9 дүгээр сарын 02-нд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарын саналыг сонссон тухай тэмдэглэлд нэхэмжлэгч М.О “Би хэлтэстээ үлдэнэ гэж бодож байгаа 6 сарын   тэтгэмжийн талаар бодоогүй байгаа. Миний санал тийм л байна.” гэсэн санал тусгагдсан байна.

        Иймд нэхэмжлэгч М.Оыг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шилжсэн албан тушаал болох *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу М.Оын ажилгүй байсан  2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 6 сар  15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 1 сарын 1.091,073 төгрөгөөр тооцож нийт 7.141,569 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж, 

шимтгэлийг суутгуулан, нэхэмжлэгчид олгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М.Оын ажилгүй байсан хугацааны цалинд ногдох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч М.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Оыг *** аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 66.3, 106,1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан  нэхэмжлэгч М.Оыг *** аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч М.Оын ажилгүй байсан  2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 1 сарын 1.091,073 төгрөгөөр тооцож  нийт 7.141,569 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О “Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 тоот ажлаас үндэслэлгүй халсан актын М.От холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН