Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01146

 

Ш.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ш.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, Д.Туяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Д- миний бие нь Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 2008 оны 06 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байгаад, мөн өдрөөс Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор, архивын ажилтнаар томилогдсон. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болж өөрчлөгдөн, газрын даргаар Н.Батжаргал томилогдсон.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн бүтцээр миний өмнө нь эрхэлж байсан Архив, бичиг хэргийн ажилтны орон тоо өмнө нь даргын туслах гэдэг үг нэмээд, даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоогоор батлагдсан. Энэ орон тоонд одоогоор хүн томилон ажиллуулаагүй. Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ундрах нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс Өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа. Миний ажлын байр байхад намайг чөлөөлж байгаад гомдолтой байна.

Бүтцийн өөрчлөлтөөр миний ажлын байр цомхотголд орсон ч миний гүйцэтгэж байсан архив, бичиг хэргийн ажил хэвээр байгаа тул энэ ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1 381 560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож бүтцийн хувьд өөрчлөгдсөн. Засгийн газрын энэхүү тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай” Б/21 тоот тушаалаар шинэчилсэн бүтэц батлагдан ирсэн. Шинэ бүтцээр манай газар нь 41 орон тоотойгоор батлагдсан. Энэ хүрээнд бүтцэд зарим нэгэн орон тоо хасагдаж орж ирсэн.

Хасагдсан орон тооны нэгэнд Ш.Догсомын ажиллаж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор хэмээх орон тоо багтаж байгаа. Хуучнаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын “Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/53 дугаар тушаал нь шинэ бүтэц батлагдсанаар хүчингүй болсон. Ш.Д- нь 2008 оны 06 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн, халамж, үйлчилгээний хэлтсийн даргын /Ш.Оюумаа/ Б/34 дүгээр тушаалаар тус хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор” гэх албан тушаалд томилогдож мөн даргын тушаалаар Архивын ажлыг бичиг хэрэг, дотоод ажлын орон тооноос салгаж хавсарган ажиллуулахаар болсон байдаг. Мөн өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/35 дугаар тушаалаар Ш.Д-ын урьд ажиллаж байсан орон тоо буюу Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтны орон тооны ажилтнаар П.Ундрахыг томилсон байсан. Шинээр батлагдан ирсэн бүтцэд Ш.Д-ын хийж байсан ажил болох “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор” гэх орон тоо цомхотголд орж, мөн түүний урьд нь ажиллаж байсан гэх “Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд өөр ажилтныг жинхлүүлэн ажиллуулж байсан. Тиймээс Ш.Догсомыг байгууллага дотроо өөр ажилд шилжүүлэн ажиллуулах гэхээр түүний эзэмшсэн мэргэжил тухайн ажлын байрны шаардлага хангаагүй /дээд боловсрол эзэмшээгүй/, төрийн албаны шалгалт өгөөгүй зэрэг шалтгааны улмаас бүтэц орон тооны цомхотголоор Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөртэй нь уулзаж бүтэц орон тооны ийм асуудал гарсан тул хуулийн хүрээнд 45 хоногийн өмнө цомхотголд орж байгаа мэдэгдлийг танд өгч байна гэдгийг тайлбарлан мэдэгдлийг гардуулж өгсөн.

Иймд бидний зүгээс хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байгаа. Түүнийхээ дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн дагуу тэтгэмж олгосон. Тухайн үед түүнтэй /Ш.Д-/ уулзаж ярилцаж байхад 2 оюутан хүүхэдтэй ажилгүй бол хэцүү байна гэснээс гадна би танайд нярав хийнэ эсвэл бичиг хэргийн ажилтан хийнэ надаас цөөн жил ажилласан хүмүүсээ хал гэсэн зохимжгүй шаардлагуудыг удаа дараа тавьж байсан бөгөөд харин байгууллагын удирдлагын зүгээс ажилтай болгочих талаар анхаарч “Булган Мээж” ХХК-д шинээр операторчны ажлын орон тоо гарч байгаа талаар сонсоод энэ талын мэдээллийг түүнд өгч байсан гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Ш.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар Ш.Д-ыг Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн архив бичиг хэргийн ажилтны ажилд эргүүлэн тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Д- давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүхийн 04 тоот магадлалаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программист”-ийн ажлын байр нь нэхэмжлэгч Ш.Д-ын үндсэн орон тооны ажлын байр бөгөөд тэрээр архивын ажлыг хавсран гүйцэтгэж байсан, шинэ бүтцээр батлагдан ирсэн “Даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтан”-ы ажлын байр нь Ш.Д-ын ажлын байртай ямар ч хамааралгүй байтал Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар Ш.Д-ыг Булган аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтны ажилд эргүүлэн тогтоосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж магадлал гаргасанд гомдолтой байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай” Б/21 тоот тушаалаар хасагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, програмист”-ийн ажлын байр нь нэхэмжлэгч Ш.Д-ын үндсэн орон тооны ажлын байр бөгөөд тэрээр архивын ажлыг хавсран гүйцэтгэж байсан, шинэ бүтцээр батлагдан ирсэн “Даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтан”-ы ажлын байр нь Ш.Д-ын ажлын байртай ямар ч хамааралгүй, тухайн ажлын байрны шаардлагад Ш.Догсомын эзэмшсэн мэргэжил шаардлага хангахгүй, ажлын байрны нөхцөл, шаардлагыг хангасан ажилтныг сонгон шалгаруулах замаар авахаар болсон, байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулахад түүний эзэмшсэн мэргэжил, боловсролд тохирох сул орон тоо байхгүй зэргээс ажилд эргүүлэн авах боломжгүй тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд хандаж гомдол гаргаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж завж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ш.Д- нь Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр орон тооны цомхотголд орсон гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д- нь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 235 дугаар тушаалаар архив бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажилласан ба 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б\01 тушаалаар энэ ажлаас чөлөөлөгдөн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б\02 дугаар тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн архив бичиг хэргийн эрхлэгчээр томилогдож, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б\34 дүгээр тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бичиг хэргийн ажилтнаас чөлөөлөгдөж, мөн хэлтэст өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор, архивын ажилтнаар томилогдсон байна. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б\58 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжиж ажилласан байх ба уг газрын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, архивын ажилтны ажлаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б\75 дугаар тушаалаар чөлөөлөгджээ \хх-ийн 6-7 дугаар тал\.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б\75 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Ажил олгогч нь дээрх тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйлийн 43.1., Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б\21 тоот тушаалыг заажээ \хх-ийн 3 дугаар тал\.

Анхан шатны шүүх дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, Ш.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээс өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программистын орон тоо хасагдсанаар нэхэмжлэгчийн үндсэн орон тооны ажлын байр байхгүй болсон ба  хавсран гүйцэтгэж байсан архивчийн ажил шинэ бүтцэд байгаа явдал нь түүнийг уг орон тоонд ажиллах үндэслэл болохгүй гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд даргын туслах, архив бичиг хэргийн ажилтан гэх орон тоо байгаа, уг орон тоонд хүн авч ажиллуулаагүй байгаа байдлыг, мөн хариуцагч уг орон тоонд тусгай болзлын дагуу сонгон шалгаруулалт явуулах тухай тайлбараа баримтаар нотлоогүйг тус тус үндэслэн Ш.Д-ын нэхэмжлэлийг хангасан байна.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, бүрэн эрхийнхээ хүрээнд тус тус дүгнэлт хийсэн байх ба хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН