| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05541/И |
| Дугаар | 102/ШШ2016/05056 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/05056
2016 оны 09 сарын 08 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05056 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5а байрны 16 тоотод оршин суух, Булган овогт Цэрэнпунцагийн Ариунжаргал /РД-ИЦ81052903/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 101 тоотод оршин суух, Зээрд адуут овогт Сүхбатын Энхзаяа /РД-ВЭ82091501/-т холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9,154,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч С.Энхзаяа, өмгөөлөгч Д.Намсрайжав /шүүхэд төлөөлөх эрх-2134/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Энхзаяад Ц.Ариунжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан мөн оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй 5,800,000 төгрөг зээлж, гэрээг нотариатаар батлуулсан байна.
Мөнгө зээлснээс хойш С.Энхзаяа нь утсаа хаагаад мөнгөө төлөхгүй алга болсон. Хариуцагч нь зээлийг төлнө гэдэг байсан тул түүний гуйлтаар нөхөрт нь хэлээгүй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги хоног тутамд төлүүлэхээр харилцан тохиролцсон.
Хариуцагч нь үндсэн зээл 5,800,000 төгрөг, 3 сарын хүүд 1,044,000 төгрөг төлөх ёстой тул 6,844,000 төгрөгөөс алданги тооцоход хоногт 34,220 төгрөг байх бөгөөд хугацааг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тооцоход алдангид 2,053,200 төгрөг төлөхөөр байна.
Мөн хариуцагч нь утсаа хаагаад алга болсны улмаас түүний эрж хайхад 250,000 төгрөгийн шатахуун зарцуулсан.
Иймд С.Энхзаяагаас үндсэн зээл 5,800,000 төгрөг, хүү 1,044,000 төгрөг, алданги 2,053,200 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 250,000 төгрөг, нийт 9,154,200 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч тал 2015 оны зээлийн гэрээ ярьж байна. С.Энхзаяа нь 2015 онд Ц.Ариунжаргалаас зээл авч байсан нь үнэн бөгөөд түүнийгээ төлөөд дууссан. Тэгээд 2016 онд 5,800,000 төгрөг хэрэгтэй байна гээд зээл авсан.
Бид 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа бөгөөд гэрээ байгуулсан өдрөө мөнгөө өгч авалцсан. С.Энхзаяа нь 2015 оны зээл төлсөн баримтыг ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид 2016 оны гэрээний дагуу нэхэмжилж байхад 2015 оны зээл төлөлтийн баримт өгч байгаа нь хууль бус, хуурамч баримт гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч нь татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох ёстой гэв.
Хариуцагч С.Энхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ариунжаргал бид хоёрын өмнөх гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар нь мэдэхгүй байх шиг байна.
Би Ц.Ариунжаргалтай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд зээлийн хүүд 1,800,000 төгрөгийг банкаар төлж, Ц.Ариунжаргал надаас 100,000 төгрөгийн бараа авч, нийт хүүд 1,900,000 төгрөг төлсөн юм.
Ингээд үндсэн зээл 5 сая төгрөгийг хүүгийн үлдэгдэл 800,000 төгрөгийн хамт төлөөгүй байсан учраас нийт 5,800,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.
Би 2015 онд зээлсэн 5 сая төгрөгөө төлөөгүй байгаа нь үнэн, харин 2016 оны гэрээний дагуу 5,800,000 төгрөгийг хүлээн аваагүй юм.
Намайг утсаа хаагаад тодорхой хугацаанд алга болсон гэж байна. Би ахыгаа эмнэлэгт харж байгаад холбогдож чадаагүй, бусад үед гэртээ байсан ба утасны дугаараа солиогүй.
Надтай нэхэмжлэгч нь хүүгээс хүү тооцож гэрээ хийсэн.
Би 2015 оны зээлийн гэрээний төлбөрөө бол төлнө, 2016 оны гэрээгээр мөнгө аваагүй тул зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ариунжаргал, хариуцагч С.Энхзаяагаас зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 9,154,200 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, ... 2015 онд авсан 5 сая төгрөгийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 800,000 төгрөгийг оруулан 5,800,000 төгрөгийн гэрээг 2016 онд байгуулсан, ... 2015 оны зээлийг төлөөгүй байгаа нь үнэн ... гэж тайлбарладаг. /хх-57 дугаар хуудасны ар тал/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох-оор заажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,800,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцон гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-6 дугаар тал/
Дээрх гэрээний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байгаа хэдий ч уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Ариунжаргал нь хариуцагч С.Энхзаяад мөнгийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох, баримтаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэлээ.
Хариуцагчийн хувьд Ц.Ариунжаргалтай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 сая төгрөг хүлээн авсан, уг гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч нэхэмжлэгч тал 2015 оны зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлсэн, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохирол шаардаж байгаа гэж шүүх хуралдаанд мэтгэлцэж байна. /хх-17, 57 дугаар хуудас/
Иймээс шүүх талуудын хооронд 2016 оны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ариунжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
Шүүх хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Хас банкны цахим гүйлгээний баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учир шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-49-54 дүгээр хуудас/