| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/06909/И |
| Дугаар | 210/МА2025/00310 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00310
|
|
|
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05412 дугаар шийдвэртэй
*******-ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох
Хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******- нь ******* гэх хүнээс 146,000,000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд тухайн авлагаа авахын тулд шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэр гарсан. Ингээд *******-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******-ын дээр шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. ******* нь тус байрыг хүн түрээсэлж байгаа удахгүй гарна гэсэн ч тэнд амьдарч буй *******- байрнаас гарахгүй, гарахыг мэдэгдсэн ч тус байрыг худалдан авсан гэх шалтгаанаар байрнаас гараагүй. Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******-гаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******- нь маргаан бүхий орон сууцыг *******-иас *******-ын өмчлөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжихээс өмнө буюу 2022 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр 85,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ гэрээний биелэлтээ хангуулж худалдан авсан орон сууцандаа амьдрах хүсэлтэй. Иргэний хуулийн 250 дугаар зүйлд худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийн талаар хуульчилсан байх бөгөөд *******- уг үл эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан тул *******-ын маргаж буй дээрх хүсэл зориг бодит байдал дээр биелэгдэх боломжгүй. Иймд *******-тай байгуулсан 2022 оны 08 сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, *******хороо, ******* хороолол, *******гудамж *******байр ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* өрөө орон сууцыг хариуцагч *******-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. *******- нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч *******-ыг сонгон авч, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ оролцохоор хүсэлтээ илэрхийлсэн ч шүүхээс иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон "...өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах..." эрхэнд бүдүүлгээр халдаж, миний өмгөөлөгчийн "...хэргийн материалтай танилцах ... өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцлөөр хангагдах ... шүүх хуралдаанд оролцох..." эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр, шударгаар мэтгэлцэх боломжийг алдагдуулсан гэж үзэж байна. Өмгөөлөгч *******-т шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх үүргээ огт биелүүлээгүйгээс өмгөөлөгч шүүх хуралдааныг хэзээ, хаана, хэдэн цагт болох талаар мэдээллийг хүлээн авч чадаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т "хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх" гэж шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагааг журамлаж өгсөн. Өмгөөлөгчийн хувьд тус хэргийн зохигч биш учир мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг лавлах үүрэггүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар "зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн" үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй болно.
4.2. Шийдвэрт "...хариуцагч *******-гийн хувьд уг орон сууцыг эзэмшилдээ авсан боловч түүнийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл хуулиар үгүйсгэгдэж байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана." гэх заалтыг хэрэглэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэх нотлох баримтыг үнэлэх гол зарчмыг гажуудуулсан байдаг.
Тодруулбал, нэхэмжлэгч *******- нь урьд тус дүүргийн шүүхээр *******-иас авах ёстой 183,540,000 төгрөгөө иргэний журмаар нэхэмжлэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн атлаа мөн асуудлаараа дахин Цагдаагийн байгууллагад гомдол гарган, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн ойлгомжгүй асуудал байгааг анхан шатны шүүх анзаарч, дүгнэлт хийсэнгүй. Энэ нь шударга ёст төрийн үйл ажиллагааны эсрэг, шүүх эрх мэдлийн байгууллагыг төөрөгдүүлж, хууран мэхэлсэн үйлдэл бөгөөд дээрх эргэлзээтэй, ойлгомжгүй шийдлээс *******-ын нэр дээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхэлдээ хүчингүй болох учиртай байсан юм.
4.3. Миний хувьд Иргэний хуулийн 250 дугаар зүйлд "худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрх"-ийн хүрээнд уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэдэг байр суурь дээрээ бат итгэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Надад хуулийн дагуу шилжиж ирсэн. *******- ямар ч үндэслэлгүй гомдол гаргаж байна. Миний ажил болон бусад хүмүүсийн ажилд саад учруулж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан ******* дүүргийн *******хороо, ******* хороолол, ******* гудамж ******* байрны ******* тоотод орших, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбай бүхий ******* өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, энэхүү орон сууцыг 2022 онд *******-иас худалдан авсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр, орон сууцыг би түрүүлж эзэмшилдээ авсан учир чөлөөлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд бодитой байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байх тохиолдол бүрдсэн нөхцөлд нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжих боломжтой байна.
4.1. Нэхэмжлэгч *******- нь шүүхийн шийдвэрийг үндэслэн дээрх орон сууцны өмчлөх эрхийг иргэн *******-аас шилжүүлэн авч, 2023 оны 10 сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр түүнд өмчлөх эрх үүссэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******дугаартай шүүгчийн захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогджээ. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцсэн байна.
4.2. Хариуцагч *******- нь иргэн *******тай 2022 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу маргаж буй орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан авсан, улмаар орон сууцыг бодитой эзэмшиж байгааг тайлбарласан боловч хариуцагч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцлийг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүргэгдээгүй, түүнд өмчлөх эрх үүсээгүй байна.
4.3. Хариуцагч нь тухайн орон сууцыг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч эзэмшиж байгаа, өөрийгөө өмчлөгч гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй байна. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн баримтаар тогтоогдсон ч хариуцагчийн тайлбар татгалзлаас үзвэл энэ маргааны хувьд зөвхөн улсын бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхэд учир дутагдалтай. Гэвч хариуцагч нь иргэн *******-тай маргааны зүйл болсон орон сууцны өмчлөлийн талаар маргаантай, уг асуудлаар шүүхийн маргаан үүссэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
4.4. Нэхэмжлэгч 2023 оны 10 сарын 09-ний өдөр тухайн ******* тоот орон сууцны өмчлөгч болсон өдрөөс эхлэн хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ. Учир нь хариуцагч иргэн *******-тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байсан ч ******* өмчлөх эрхээ нэхэмжлэгчид шилжүүлснээр тухайн орон сууцны талаархи *******-ийн эрх дуусгавар болж, шинэ өмчлөгч болох нэхэмжлэгчид шилжсэн. Нэхэмжлэгчээс маргаж буй орон сууцыг үргэлжлүүлэн эзэмшихийг хариуцагчид зөвшөөрсөн, энэ талаар зохигч хэлэлцсэн үйл баримт тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгч *******-т шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ хангасан байх нь өмгөөлөгчийн хуулиар болон үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээсэн үүрэг болно.
5.1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2024 оны 08 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг мөн оны 09 сарын 09-ний өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг хариуцагч *******-д тайлбарлан өгснөөр тэрээр нэхэмжлэлээс татгалзаж байгаа нөхцөлд үндэслэлээ тодорхойлсон тайлбар, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах, хууль зүйн туслалцаа авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эрхээ мэдсэн гэж үзнэ.
5.2. Тус шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулан хариуцагчийн сонгон авсан өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 11 сарын 04-ний өдөр товложээ. Мөн 2024 оны 11 сарын 04, 11-ний өдрүүдийн шүүх хуралдааныг мөн энэ үндэслэлээр хойшлуулж, шүүх хуралдааныг 2024 оны 11 сарын 18-ны өдөр товлосон байна. Шүүх дээрх хугацаанд хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах, хариуцагчийн өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжит хугацаагаар хангасан байна.
5.3. Хэргийн баримтаас үзвэл өмгөөлөгч ******* нь 2024 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болсон ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2, 34.4.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.12-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй буюу шүүх өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх аливаа үйлдлийг гаргаагүй, дээрх хугацаанд хариуцагч талд шүүх хуралдааны товыг тухай бүр мэдэгдэж байжээ.
Иймд энэ талаархи гомдлыг хангахгүй. Шүүх 2024 оны 11 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэл зоригоо илэрхийлсний дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ