Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 85

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Шүүгдэгч О.У ,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овгийн О.У т холбогдох 1928000000077 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 03-нд Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Өмнөговь аймаг Номгон сум Богт 5 дугаар баг ......................... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Тайж овгийн О.У , регистрийн дугаар ................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч О.У  нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ..................гэх газарт гэртээ эхнэр М.Э ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч О.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэр М.Э  манай дүүтэй 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр утсаар яриад манай дүүг загнаад эгч уурлахгүй яриач гэж байсан. Тэгээд тэр өдрөө хэрэлдэж байгаад өнгөрсөн маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 21-ний өглөө босоод л уурлаад байхаар нь би уурлаад вагончигны дор цаашаа хараад юм ухаад сууж байхаар нь очоод гуяны дээд талд түнхний хавьцаа өшиглөчихсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...хэрэлдэж маргалдах зүйл бол зөндөө байдаг. Хэрэлдэх болгондоо манай хүүг загнана манай бага хүүг ч гэсэн бас загнадаг. Ер нь бол гэрийнхэндээ тун харилцаа муутай бид нар бүгдээрээ О.У-аас айдаг...Намайг арагшаа хараад сууж байхад нэг удаа өшиглөсөн...Тухайн үед арагшаа хараад сууж байхад өшиглөхөд нь би газар унасан. Тэрнээс бол өшиглөж унагаагаад дээрээс өшиглөсөн зүйл байхгүй...О.У ын ах дүү нар нь намайг хэл амаар их доромжилдог. Надад өөр гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй иргэний шүүхэд хандаж гэр бүлээ цуцлуулаад хөрөнгөө хувааж аваад салах гэж байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-8-9/,

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 08 цагийн орчимд босчихоод самнаагүй үлдсэн хэдэн ямаагаа самнах гээд байж байхад намайг вагончигны урд талд сууж байхад өшиглөсөн. Тэр өдрийн өмнөх өдөр нь О.У ын дүү О.Ул  утсаар намайг ална хядна гээд баахан доромжилсон. Тэрнээс болж хэрүүл болж намайг өшиглөсөн. О.Ул  2016 онд 30 ишиг манайхаас худалдаж авсан байсан юм. Тэгээд 15-ыг аваад 15 нь үлдсэн юм. Тэгээд хавар би 15 ямаа самнуулсан чинь дахиад 10 ямаа авна гээд тэрнээс болж хэрэлдээд маргааш нь О.У  дүүгээ өмөөрөөд надтай хэрэлдэж байгаад намайг өшиглөсөн...” гэжээ /хх-12-13/,

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр намайг зодож миний бие эрх чөлөөнд гэмтэл учруулсан. 05 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагийн үед О.У ын дүү О.Ул  нь над руу залгаад би танайхаас 10 шүдлэнгийн ноолуур авах ёстой тэрийгээ авъя гэхээр би өгөхгүй гэсэн чинь 6 сард очиж ална чамайг амьтан болгоно харж байгаарай гээд хараагаад байсан. Тэгээд тэрнээс болж бид 2 20-ны өдөр маргалдаад маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 21-ний өглөө дүүгээ өмөөрөөд намайг зодсон. Тухайн үед манай гэрт манай хүн Э.Э  байсан өөр хүн байгаагүй...” гэжээ /хх-16-17/,

          Насанд хүрээгүй гэрч Э.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өглөө би Номгон сумын төвөөс өглөөний 08 цагт хөдөө байдаг гэртээ очсон юм. Намайг гэрт очиход манай ээж О.У  2 босчихсон байсан. Өмнөх өдөр нь манай ээж О.Ул  гэж О.У ын дүүтэй нь утсаар яриад хэрэлдээд байсан. Тэр үед О.У  манай дүүтэй хэрүүл хийлээ гээд ээжийг загнаад байсан тэгээд би тэр орой сум руу яваад хоночихсон. Маргааш өглөө гэртээ ирээд самнаагүй байсан ямаагаа самнах гээд гарч ямаа барьж байсан чинь ээж аав 2 хэрэлдээд байсан ээж тухайн үед вагончигны доор юм хийгээд сууж байхад нь О.У  араас нь очоод нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед малын хажууд мал хураагаад зогсож байсан. Аав өшиглөчихөөд ээж рүү хайрга шидээд байсан. Тэр нь ээжийг оноогүй. Тэгээд ээж уурлаад төв рүү явъя цагдаад хэлье гэсэн чинь аав явж л байхгүй юу чи ганцхан цагдаатай нь юм уу гээд хэрэлдээд тэгээд ээж бид 2 сум руу явсан...” гэжээ. /хх-22-23/,

          Гэрч Б.М  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Огцом ууртай дээрэлхүү зантай залуу юм. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг...” гэжээ. /хх-25-26/,

          Шүүгдэгч О.У ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Манай эхнэр М.Э  манай дүүтэй 2019 оны 05-р сарын 20-ны өдөр утсаар яриад манай дүүг загнаад хулгайч гээд уурлаад алж хядна гээд яриад байсан би гадаа мотоцикль янзлаад байж байсан. Манай дүү О.Ул  манайхаас 5 жилийн өмнө 30 ишиг худалдаж авсан байсан тэрнээсээ 15-ыг нь 2 жилийн авсан тэгээд одоо 15 ямаа байх ёстой тэгэхээр нь би дүүдээ 20 болгоод өгчихье гэсэн чинь над руу уурлаад намайг загнаад манай дүүтэй утсаар яриад ямааг чинь өгөхгүй гээд загнаад байсан тэгээд тэр өдрөө хэрэлдэж байгаад өнгөрсөн маргааш өглөө нь буюу 05-р сарын 21-ний өглөө босоод л уурлаад байсан би ямаа самнах гээд малаа ялгаж байсан чинь уурлаад загнаад “ямаа самнахгүй наадхаа тавь” гээд байхаар нь би уурлаад вагончигны дор цаашаа хараад юм ухаад сууж байхаар нь очоод гуяны дээд талд түнхний хавьцаа өшиглөчихсөн юм. Тэгсэн чинь уурлаад би явлаа гээд хүүг маань дагуулаад сум руу машинтай явчихсан. Тэгээд удаагүй байж байгаад буцаж ирээд бууцны түлхүүрээ аваад явсан...” гэжээ. /хх-31-32/, 

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Э ын биед зүүн түнхний зөөлөн эдийн няцрал, зүүн өгзгөнд цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-38/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6-7/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-4/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/,

Иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-39/

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн засаг даргын тодорхойлолт /хх-40/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-48-50/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-54-55/,

Э.Эрдэнэсайхан, Э.Э.Э  нарын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-56/,

Шүүгдэгч О.У ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-84/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.У  нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ..................гэх газарт гэртээ эхнэр М.Э ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч О.У т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч О.У ын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.У  нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ..................гэх газарт гэртээ эхнэр М.Э ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-8-9/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /хх-12-13/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-16-17/, насанд хүрээгүй гэрч Э.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.М  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-25-26/, шүүгдэгч О.У ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан.

Шүүгдэгч О.У  нь М.Э тай 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн болох нь иргэний гэрлэлтийн лавлагаагаар /хх-39/ тогтоогдож байх тул хууль ёсны гэр бүл гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байх ба шүүгдэгч О.У  нь эхнэр М.Э ыг дүүтэй маргалдсан гэх үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн арагшаа хараад сууж байхад нь өшиглөн бие махбодийн хүчирхийлэл үйлдэж биед нь зүүн түнхний зөөлөн эдийн няцрал, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл учруулсан болох нь  2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 327 дугаартай “...М.Э ын биед зүүн түнхний зөөлөн эдийн няцрал, зүүн өгзгөнд цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр /хх-38/ тогтоогдож байна.

Шүүгдэгч О.У  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч О.У т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хувийн байдлын тухайд:

            Шүүгдэгч нь 1983 оны 06 дугаар сарын 03-нд Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Өмнөговь аймаг Номгон сум Богт 5 дугаар баг ..................гэх газар оршин суух, ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, Иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-39/, Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн засаг даргын тодорхойлолт /хх-40/, Э.Эрдэнэсайхан, Э.Э.Э  нарын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-56/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-84/ зэргээр тус тус нотлогдож байна.

            Иймд шүүх шүүгдэгч О.У ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч О.У т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх уг саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн  5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч О.У  нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацралт “ ...шүүгдэгч О.У т холбогдох хэргийн зүйлчлэлтэй маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Харин шүүгдэгч О.У  нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүх шүүгдэгчийн дээрх хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал хүсэлтийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ болох  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.  

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Э  нь мөрдөн байцаалт болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ шүүгдэгч О.У аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол  төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.У  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн О.У ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ