| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03927/И |
| Дугаар | 210/МА2025/00353 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00353
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05156 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
*******ы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 699 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын захирамжаар Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* ******* хаягт байрлах 700 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай авсан байдаг. Энэ нь 2025 оны 11 сар хүртэл хүчинтэй. Цахимаар баталгаажуулж, газрын бүртгэлд бүртгэлтэй өөрийн шударгаар олж авсан газар эзэмшигч байдаг. Гэвч тухайн газарт ******* хууль бусаар газрыг ашиглаж амьдарч байгаа тул хууль бус эзэмшлээс тухайн газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Уг эзэмшлийн газар нь 2010 онд олгогдсон байдаг. Газрын тухай хуулинд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бол хүчингүй болгон гэснээр гэрчилгээг хүчингүй болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2010 онд газрыг аваад 14 жилийн хугацаанд ямар нэг үйл ажиллагаа хийгдээгүй. Гэтэл 14 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар шүүхэд хандаж одоо гаргаж байгаа нэхэмжлэлээ гаргах байсан. 14 жилийн дараа гаргаж байна гэдэг нь хуулиар хүлээсэн 2 жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй учраас гэрчилгээ хүчингүй болгож байгаа юм. Хариуцагч маань уг газраа амьдарч байхдаа газар эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн газрын албанд удаа дараа гаргаж байсан. Хүсэлтүүд нь бүртгэгдэж авагдаагүй байсан учир нотлох баримтаар гаргуулах боломжгүй байгаа. Манайхаас хүчингүй болсон гэрчилгээтэй газар гэж үзэж байгаа. Манайх уг газар дээр 2 жил амьдарсан байгаа. Хүнээс худалдаж авсан. Тухайн хүнээс тодруулахад ямар нэгэн хүмүүс ирж уулзаж байгаагүй, гэрчилгээ гаргаагүй байдаг гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Лувсанцэрэнгийн Дашравдангийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ******* хороо ******* ******* хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг хариуцагч *******ын Жаргалсайханы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Хариуцагчийн гаргасан Хан-Уул дүүргийн газрын албанаас гаргуулах бичиг баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй мөн нотлох баримт дутуу байхад хэт нэг талыг баримтлан шүүхийн шийдвэр гаргасан.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал анхан шатны шүүхэд эрх бүхий байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн агуулга нь тухайн газрын жинхэнэ эзэмшигчийн овог, нэр, албан ёсны бүртгэлтэй байгаа эсэх тухай байсан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээд, дараа нь газрын албанаас нотлох баримтууд хангалттай гарч ирсэн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан баримтаар Хан-Уул дүүргийн засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 375 тоот захирамжаар нэхэмжлэгч *******д Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /х.х-ийн 53-55/
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тэрээр дээр дурдсан хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй гэж, 35.1.1-д Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж зааснаар өөрийн эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших, ашиглах эрхтэй юм.
4. Хариуцагч ******* нь уг газарт 2022 оны 09 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа талаар зохигч нар маргаангүй, харин түүний эзэмшил хууль ёсны эсэх нь талуудын маргааны зүйл болжээ. /х.х-ийн 19/
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч ******* тухайн газрыг гэрээ, хэлэлцээр, аль эсхүл хуульд заасан журмын дагуу эзэмшиж буй бол нэхэмжлэгч ******* мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж зааснаар түүнээс газрыг чөлөөлөхийг шаардах эрхгүй.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар 2022 оны 09 дүгээр сард зарын дагуу н.Олзбаяр гэж хүнтэй уулзаж, энэхүү газрын эзэмших эрхийг 9,000,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн боловч газар эзэмшигч этгээдээс шилжүүлэн аваагүй, мөн төрийн эрх бүхий байгууллагаас хариуцагчид газар эзэмших эрх олгосон шийдвэр гараагүй байна. /х.х-ийн 18/
Тиймээс хариуцагчийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хорилоно гэж заасныг зөрчиж, тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа этгээд гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******ыг тус газрыг цаашид эзэмшиж, ашиглахыг зөвшөөрсөн баримтгүй, нэхэмжлэгч *******гийн зүгээс өөрийн эзэмшлийн зүйлийг бодитоор эзэмшиж, ашиглах үйлдэлд саад болж байгаа хариуцагчийг уг газраас чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан.
Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг гагцхүү төрийн эрх бүхий этгээд хэрэгжүүлэх ба хариуцагч ******* нь уг үндэслэлээр өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж маргаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т нийцэхгүй байна.
Мөн нэхэмжлэгч *******д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хууль бусаар сүүлийн 2 жил гаруй хугацаанд амьдарч буй үйлдэл нь нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжийг хязгаарласан гэж үзэхээр байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2024/28004 дугаар захирамжаар ...газрыг газрын мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулалт хийлгэхдээ ямар баримтыг бүрдүүлж, хэзээ бүртгүүлсэн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, мөн энэхүү хүсэлтээ шүүх хуралдаанд гаргаж байгаа нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, өмнө нь энэхүү хүсэлтээ гаргах боломжгүй нөхцөл байдал байгаа эсэх нь ойлгомжгүй... гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ. /х.х-ийн 63/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т ...шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар хариуцагч нь маргаан бүхий газрын шударга эзэмшигч болохоо өөрөө нотлох үүрэгтэй тул нотлох баримт дутуу байхад хэт нэг талыг баримтлан шүүхийн шийдвэр гаргасан гэх гомдлыг хүлээн авахгүй.
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрээс хууль зүйн дүгнэлт болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Тодруулбал, дээрх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа бусад хүчин зүйлийг арилгуулахтай холбоотой шаардах эрхийг зохицуулсан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалт нь өмчлөгчид хамаарах тул нэхэмжлэлийн шаардах эрхэд хамаарахгүй.
Харин, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж шударга эзэмшигч бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхийг зохицуулсан зохицуулалтад хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад энэ талаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05156 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай газрыг хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР