Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 89

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч:Л.Солонго,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Шүүгдэгч: Н.Г , Д.О ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг , 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Цагаан гэрүүд овогт Н.Г ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Харчин овогт Д.О ыг тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902002650132 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд жолооч ажилтай, Гэмт хэрэгт холбогдох үедээ Ийшин ХХК-нд ажиллаж байсан. ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ..................... тоот хаягт оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Цагаан гэрүүд овогт Н.Г а /РД: .................../,

            Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Ийшин ХХК-нд ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ........................... тоот хаягт оршин суух , урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 7 жил, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил, 241 дүгээр зүйлд зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Харчин овогт Д.О  /РД:..................../,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г  нь Д.О той бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шивээхүрэн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 35-16 УБО улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын багажинд нуугдаж, улмаар Монгол Улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,

            Шүүгдэгч Д.О  нь Н.Г тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шивээхүрэн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 35-16 УБО улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ өөрийн жолоодож явсан 35-16 УБО улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын багажинд Н.Г ыг нууж , улмаар түүнийг Монгол Улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр  Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэнд 30 машин хариуцаж ажилладаг байсан юм. 30 жолоочийн түлшийг Д.М  гэдэг хүнээс зээлж авч хийчихээд цалин дээрээс нь буцааж авдаг байсан юм. Цагаан сарын үеэр  2, 3 жолоочийн мөнгийг аваагүй явуулсан чинь цагаан сарын дараа эргэж ирээгүй. Тэгээд намайг урагшаа орох гээд оочирт явж байхад Д.М  гээдэг хүн ирж уулзсан.  Би болсон байдлаа хэлээд би өөрөөсөө төлнө гэж хэлсэн. Тэгээд урагшаа ороод нүүрсээ буулгаж байхад нэг хятад ирээд миний паспортыг хурааж аваад явчихсан. Тэгсэн манай хятад эзэн чи одоо паспортгүй юм чинь хил гарч орж чадахгүй нь гээд миний машиныг хураагаад авсан. Би паспортгүй идэх хоолгүй, хонох газаргүй хятадад 3 хоносон. 3 хонож байхад Д.О  орж ирсэн тэгээд би энд хэцүү байна. Би энд үхмээргүй байна. Монголдоо очмоор байна гэж хэлсэн. Манай эхнэр ажилгүй банкны 2 зээлтэй би л ар гэрээ тэжээдэг. Энэ хэргийг хийсэндээ харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч Д.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ танхимд сууж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Би Н.Г  гэх хүнтэй нэг компанид ажилладаг байсан. Хүнд их тус болоод явдаг залуу байсан. Н.Г  тухайн өдөр надад дээр ядарсан царайтай ирсэн. Яасан гэсэн чинь би паспортоо хураалгачихаад явж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 хоол идэж байхдаа ярилцсан. Тэгээд маргааш өглөө нь бид нар гарах гээд машинаа  фарклаад тавьсан байсан зогсоол дээр ирээд би Монгол руугаа гармаар байна багажиндаа нуугдаад гарчихъя чи найздаа тус болооч гэж хэлсэн. Тэгэхээр нь би баригдвал чи өөрөө аргалаарай гэж хэлсэн. Тэгээд Н.Г ыг багажиндаа суулгаад хилээс 10-аад километр явж байгаад буулгасан...” гэв.

            Шүүгдэгч Н.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг Үх буюу Ийшин ХХК-нд жолоочоор ажиллаж байгаад Шивээхүрэн боомтод байрлах шатхуун түгээх станцаас 2019 оны 01-02 дугаар сарын хооронд нийт 2.000.000 /хоёр сая төгрөг/-ийн үнэ бүхий түлш зээлээр авсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр клонкийн эзэнтэй уулзаж би цалин буухаар өрөө төлье гэж уулзсан одоогоор төлөх боломж байхгүй байгаа талаараа хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Шивээхүрэн боомтоор хятад руу гарсан. Улмаар нүүрсээ буулгаад зогсож байхад нэг хятад хүн ирээд паспортыг чинь үзье гэж хэлээд авсан. Би түүнээс ямар шалтгаанаар авч байгаа талаар асуухад ойлголцохгүй байсан. Тэгээд паспортоо өгөхгүй гээд байж байтал Өвөрмонгол хүн ирээд Бе Ү ХХК-ний монгол талыг хариуцсан захирал М  гэдэг хүн паспортыг чинь хурааж ав гэсэн түлшний өрөө барагдуулж дууссаны дараа паспортоо аваарай гэж хэлээд аваад явсан. Тэгээд машинаа адууны гэх нэртэй хашаанд аваачин байршуулаад өөрийн ажиллаж байгаа компанийн захиралтай очиж уулзсан. Чи өөрөө утсаар ярьж хэлсэн өрөө зохицуулаад паспортоо аваад ирвэл ажилдаа гарч болно гэж хэлсэн. Тэгээд М  гэдэг хүнтэй утсаар яриад надад зовлон тулгараад байгаа тул ажлаа хийж байгаад өрөө төлье гэхэд одоо олж төл үгүй бол паспортыг чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд 3 өдрийн турш утсаар ярьж гуйсан, сүлдээ М  утсаа авахаа больсон. Клонкийн эзэнтэй утсаар ярьж гуйхад мөнгөө төлж байж ав гээд өгөөгүй. Тэгээд удалгүй жолооч нарын амралтын байрнаас хөөгдөөд орох оронгүй, идэж уух юмгүй болсон. Түүний дараа хамт нэг цуваанд тээвэрт явдаг байсан 40 орчим насны туранхайвтар, шар царайтай Д.О  гэдэг найзтайгаа хөөгдсөн талаараа ярилцаж хаана яаж байхаа мэдэхгүй байгаа талаараа хэлээд байрандаа хоносон. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 07:30-08 цагийн хооронд Д.О ы машин дээр явж очсон, гэгээд Д.О д би Монгол руу буцмаар байна Монголдоо асуудлаа шийдэхгүй хятадад байлгаад байгаа нь надад хэцүү байна ингэж байгаад хятадад хүнд  алуулчихвал хэцүү байна гэж хэлэхэд Д.О  харин яах уу гэж хэлсэн. Түүний дараагаар би яаж Монгол руу явах вэ ямар арга байна вэ? Гэхэд Д.О  багаж руугаа заачихаад машиндаа суучихсан. Тэгээд 20 орчим минутын дараа Д.О  надад хөдлөх болж байна чи яахаар болсон бэ? Гэж асуухаар нь би багажинд сууж байя гэж хэлээд багажинд сууж хилээр хууль бусаар нэвтэрсэн. Тэгээд хил нэвтэрч Шивээхүрэн боомтоос 10 орчим км зайд байрлах поошик нэртэй суурингийн орчимд машинаас буусан...Хил нэвтэрсэн Д.О ы машин Цагаан өнгийн толгойтой улаан чиргүүлтэй Нордбенз маркийн евро-4 загварын ачааны автомашин байсан парк дугаар нь 760 байсан улсын дугаарыг нь санахгүй байна.” гэжээ. /хх-4-6/,

            Гэрч Д.М ын мөрдөн байцаалтын шатан өгсөн  мэдүүлэгт: “...Манай Шатахуун түгээх станцаас шатахуун авах гэрээ хийж танилцсан юм. Түүнээс өмнө таньдаггүй байсан. 2019 оны 1 дүгээр сард хятад компанийн 8 машин түлш авч байхаар амаар гэрээ байгуулсан эдгээр 8 машины ахлагч нь Н.Г  өөрөө гэж байсан. Эдгээр 8 машины эзэн нь БНХАУ-д байдаг бөгөөд нүүрсний тээвэрт явж байх хугацаанд Монгол Улсын талд гарсан тохиолдолд манай ШТС түлш авч байхаар тохирсон тэгээд Н.Г ас бусад жолооч нар түлшээ аваад мөнгөө өгөөд л явж байсан. Харин Н.Г ын хувьд надаас 2.356.600 төгрөгийн түлш аваад мөнгийг өгөөгүй байсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр мөнгөө нэхэж утсаар ярихад БНХАУ-руу гарах гээд Монгол Улсын талд оочирт байна та хүрээд ир гэхээр нь Н.Г тай ирж уулзахад хятад эзнээс 6000 юань авах гэж байгаа түүнийг аваад би танд өрөө төлчихнө одоо БНХАУ-руу гараад эзнээс мөнгө аваад ирье гэхээр нь мөнгөө авч ирээд өгчих байх гэж бодоод явуулчихсан. Тэгээд маргааш би дахин утсаар залгаж мөнгөө асуухад Н.Г  манай эзэн ирээгүй байна би одоо БНХАУ-ын талд байна гэхээр нь өөрөө 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хил нэвтрэн БНХАУ-руу гарч Н.Г ын байгаа газарт очиход “манай эзэн ирээгүй байна танд өнөөдөр мөнгө өгөх худлаа болчихлоо, та миний гадаад паспортыг аваад байж бай, би мөнгө авахаараа тань руу утсаар ярина гэж хэлчхээд маргааш нь утсаа авалгүй алга болчихсон ” тэгээд нөгөөдөр нь над руу өөрөө залгаад “та манай хятад хөтөч рүү залгаад ШТС түлшний тооцоо байна мөнгөө өг гээд хэлээд өгөөч гээд гар утасны дугаар өгсөн би нөгөө дугаар луу нь залгаж үзэхэд болохгүй байсан. Тэгэхээр нь дахин Н.Г  руу залгаад утас нь болохгүй байна гэж хэлэхэд та дахин дахин залгаад бай гэж хэлээд утсаа салгаад дахин миний утсыг авахаа больчихсон. Тэгээд би хилийн хүмүүст болсон явдлын талаар ирж хэлсэн... Би 2019 оны 3 дугаар сарын 14-ний буцаж орж ирсэн...” гэжээ. /хх-37-38/

            Гэрч Б.Г  гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хилийн 0166 дугаар анги 0324 дүгээр салбарын захирагч дэд хурандаа Д.Б-ын тушаалаар байлдагч Ч.Г-ийн бид нар БНХАУ-ын талаас орох чиглэлд ачааны авто машины шалгагчийн үүрэг гүйцэтгэхээр болсон ба өглөөний 07 цаг 30 минутын үед үүргээ хүлээж аваад 08 цаг 00 минут гэхэд манааны байрлалд очсон. Тэгээд өглөөний 8 цагаас өдрийн 12 цаг 00 минут хүртэл хугацаанд 200 гаруй ачааны авто машин хилээр шалгаж оруулсан. Тэгээд цайны цагийн дараа 13 цаг40 минутаас оройны 20 цаг хүртэл 200 гаруй ачааны авто машин шалгаж нэвтрүүлсэн бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийтдээ 400 гаруй ачааны авто машин шалгаж оруулсан... Ерөнхийдөө орох чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ БНХАУ-ын хилээр гарсан штампыг шалгах, гадаад паспорт уг иргэний төрхтэй тохирч байгааг эсэхийг харьцуулж үздэг, мөн тээврийн хэрэгсэлд хил зөрчигч нуугдаж болзошгүй бүх газарт үзлэг хийх үүрэгтэй...” гэжээ. /хх-39-41/,

     Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хилийн 0166 дугаар анги 0324 дүгээр салбарын захирагч дэд хурандаа Д.Б-ын томилгоогоор түрүүч бид нар БНХАУ-ын талаас орох чиглэлд ачааны авто машины шалгагчийн үүрэг гүйцэтгэсэн. Тус өдөр өглөө 07 цаг 30 минутын үед үүргээ хүлээж аваад 08 цаг 00 минут гэхэд манааны байрлалд очсон. Өглөөний 8 цагаас өдрийн 12 цаг 00 минут хүртэл хугацаанд 160 гаруй ачааны авто машин хилээр шалгаж оруулсан. Тэгээд цайны цагийн дараа 14 цаг 00 минутаас оройны 20 цаг хүртэл 300 гаруй ачааны авто машин шалгаж нэвтрүүлсэн бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийтдээ 500 гаруй ачааны авто машин шалгаж оруулсан... Тээврийн хэрэгсэлд хил зөрчигч нуугдаж болзошгүй газарт үзлэг хийх гол үүрэгтэй. Бас БНХАУ-ын хилээр гарсан штампыг шалгах, гадаад паспорт уг иргэний төрхтэй тохирч байгааг эсэхийг харьцуулж үздэг... Би тэр өдөр 500 гаруй авто машин шалгаж нэвтрүүлсэн болохоор ямар дугаартай машин хэдэн цагт орж ирснийг мэдэхгүй байна... Тухайн өдөр бүх тээврийн хэрэгсэлд үзлэг хийдэг ном журмаараа хийсэн зарим тээврийн хэрэгсэл замын хажуугаар дайрч орж ирэх тохиолдол байдаг болохоор тэр хооронд анхаарал сонор сэрэмж алдсан байх магадлалтай юм. Зарим сүүлийн үеийн авто машинууд багаж нь кабин дотроо байдаг юм... Ер нь бол том тээврийн хэрэгслийн багажийг нээж үзэж байсан ачаалал ихтэй байсан учир 35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж амжилгүй хил нэвтрүүлсэн байх...” гэжээ. /хх-42-44/,

Гэрч И.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тухай өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ................ тоот регистрийн дугаартай Д.О  үдээс өмнө нь 35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Монгол Улсын хилийг нэвтрэн гарч, үдээс хойш буюу 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөө 35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хил нэвтрэн орсон байдаг. Харин ...................... тоот регистрийн дугаартай Н.Г а 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрээгүй болно. Н.Г ын хил нэвтрэлтийн лавлагааг харахад 2019 оны 3 дугаар сарын 13 өдөр тус боомтоор 79-46 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан бүртгэл байгаа боловч орж ирсэн бүртгэл байхгүй байна...” гэжээ. /хх-47-48/,

Гэрч Я.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Бид нар хяналт тавихдаа гол төлөв камерын хяналтаар, сонгон шалгах буюу эрсдэл тооцож шалгадаг. Эрсдэл тооцох гэдэг нь олон машин дундаас сэжигтэй байдалтай харагдсан авто машиныг сонгон үзэхийг хэлдэг. Харин хилээр орж ирсэн тээврийн хэрэгсэл болгоныг бүгдийг нь үзэж шалгахад хүндрэлтэй, цаг хугацаа ир ордог, хүн хүч их дутмаг байдаг болохоор эдгээр аргуудыг хэрэглэдэг... 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 46 минутад хяналт шалгалтаар орсон бүртгэл байна...” гэжээ. /хх-49-51/,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Харин 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гарч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын талд байхгүй байгаа талаар мэдсэн ба түүний улсын хилээр нэвтэрсэн талаарх хил нэвтрэлтийг үзэхэд уг боомтоор гарсан бүртгэл байгаа хэдий ч орж ирсэн бүртгэл байхгүй байсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 89111604 утас руу нь залгахад утсаа авахгүй байсан учир мессеж үлдээсэн боловч хариу бичээгүй... 79-46 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож нүүрс тээвэрт явдаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 3-р сарын 13-ны өдөр хилээр нэвтрэн гарсан бүртгэл байдаг ба уг тээврийн хэрэгсэл нь дахин хил нэвтрэн орж ирсэн бүртгэл байхгүй...” гэжээ. /хх-52-54/,

Шүүгдэгч Д.О ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 1974 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Д-ын 2 дахь хүү болон мэндэлсэн. Би дээрээ нэг ахтай, 3 дүүтэй бөгөөд эцэг эх маань 1977 онд салж байсан юм. Ингээд би аав Д дээр үлдсэн юм. аав маань Ц гэж хүнтэй суусан бөгөөд одоо Д, Ц нар нь нас барчихсан юм. Би бага насаа эцгийн гар дээр, цэцэрлэгийн хүмүүжлээр хүмүүжсэн. Манай аав Д нь хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуульд хивс нэхмэлийн ангийн багшаар ажилладаг байсан. Би ер нь 24-ийн цэцэрлэгт явдаг байсан юм. 1981 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд элсэн суралцаж байгаад 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн хөгжмийн ангид ороод суралцсан. Тэгээд тухайн үед тухайн сургууль өөрчлөгдсөнөөр төгсөх боломжгүй боломжгүй болоод Нийслэлийн 14 дүгээр сургуулийг 1991 онд 8а бүлгийн Дэ багштай ангийг суралцаж төгссөн юм. Миний сургууль төгссөн тухай бичиг баримт хаягдчихсан, одоо олж чадахгүй байгаа юм. 1991 онд сургуулиа төгсөөд ах дүү нартайгаа Дэнжийн мянгын зах дээр савхин хувцас эдлэл 2 жил гаран худалдаалж байгаад тухайн үеийн Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл анги буюу хулгайн гэмт хэргээр шалгагдаж эхлээд 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 8 жилийн хорих ял аваад Дарьтын хорих ангид 3 жил ял эдлээд 2000 онд магадлангаар дэглэм буурч, хугацаанаас өмнө суллагдсан. Суллагдсанаасаа хойш тодорхой хийсэн ажилгүй байж байгаад “Стройка” нэртэй барилгын компанид цахилгаанчинаар 2 жил ажилласан. Ингээд тухайн ажлаасаа гараад Улаанбаатар хотод “гок” нэртэй архины үйлдвэрт борлуулалтын машины жолоочоор 2 жил гаран ажиллаж байгаад 2008 он 01 дүгээр сард Чех улсад 1 жил 6 сар ажиллаад 2010 онд Монголдоо ирсэн. Монголдоо ирээд Драгон нэртэй автомашины тос худалдаалдаг компанид борлуулалтын тэрэгний жолоочоор 2 жил орчим ажилласан. 2013-2018 оны хооронд “11МР” гэх нэртэй ачилт тээврийн компанид жолоочоор ажилласан. 2018 оноос эхлэн хятад компанид нүүрс тээврийн жолоочоор ажил ороод 2018 оны 11 дүгээр сараас “ХУАТЭН ТРАНС ГХО” ХХК-нд жолоочоор ажиллаж эхлэсэн юм. Би эхнэр Батцэцэгтэй шоронгоос суллагдаад танилцаад бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Одоо том хүү маань 11 дүгээр ангид суралцдаг, харин бага охин маань 2 дугаар ангид суралцдаг юм. Эхнэр Батцэцэг нь одоо Ус сувгийн удирдах газар түгээгчээр ажиллаж байна. Би 2018 оны 11 дүгээр сараас эхлэн “ХУАТЭН ТРАНС ГХО” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа 35-16 УБО улсын дугаартай автомашин Нортбенз маркийн автомашинаар Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомтоор улсаас нүүрс тээвэрлэн гардаг байсан юм. Тухайн компани нь хятад эзэнтэй компани байгаа юм. Би энэ компанид анх ороход Н.Г  гэж хүн жолооч ажилтай байсан болохоор ажлын шугамаар танилцаж байсан. Н.Г  нь тухайн үед компанийн жолооч нарыг хариуцдаг байсан. Хятад компаниас нэг рейсэнд явахад 600 юаний түлшний мөнгө өгдөг боловч хэрвээ Хятадаас түлш авбал хаанаа ч хүрдэггүй юм. Тийм болохоор Монголоос жолооч нар түлшээ зээлээр аваад эргээд буцахдаа мөнгийг нь өгөх тохиолдлууд байдаг юм...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би 35-16 УБО улсын дугаартай автомашинтайгаа 16 цагийн орчим Хятад руу нүүрс тээвэрлэж гарсан. Тэгээд Хятадын боомтон дээр байдаг манай компанийн ажилчдын байранд очсон. Тэгэхэд Н.Г  20-21 цагийн орчим хоол идчихээд байж байхад намайг дуудаад 2 уулаа ганц нэг пиво ууя гэхээр нь дэлгүүр орж пиво аваад хамт уусан. Тэгээд пиво уугаад сууж байхдаа надад манай компанийн жолооч нарын зээлсэн түлшний мөнгө над дээр буугаад байна. Надаас нэхээд байна. Тэр жолооч нь одоо манай компанид ажиллахгүй ажлаа хаяад явчихсан. Миний гадаад паспортыг хураагаад авчихсан. Монгол руу гарч чадахгүй байна гэх зэргээр надад зовлонгоо яриад байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн орчим 35-16 УБО улсын дугаартай автомашиндаа байж байхад Н.Г  ирээд надад өөрийнхөө эд зүйлийг өгөөд май хөгшөөн энийг авчих, одоо намайг буцаж Монгол руу гаргахгүй юм шиг байна гэх зэргээр яриад байсан. Ингээд манай компани хөдлөхөөр болоод би машинтайгаа хөдлөх гэж байхад Н.Г  би чиний машины багажинд чинь нуугдаад гарчихъя гээд гуйсан. Тэгэхээр нь тухайн үед түүнийг хүмүүс тоохгүй, царай алдчихсан яваад байхаар нь өрөвдөөд багажинд нуугдаж хил гарахыг нь зөвшөөрсөн. Тэгээд Н.Г  35-16 УБО улсын дугаартай миний барьж явсан автомашины жолоочийн эсрэг талын багажинд орж нуугдсан. Н.Г  надад хүнгүй газар буулгаарай гэж байсан юм. Тухайн багаж нь хоосон байсан бөгөөд тухайн багажинд хүн хангалттай орчихоор зайтай байдаг юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Монгол улсын хилээр ямар нэгэн ачаагүй хоосон орж ирсэн. Тэр үед Н.Г  багажинд нуугдаж хил давсан. Хилийн боомт дээр Хятад болон Монголын хил дээр кабен, жолооч талын багажийг шалгасан. Тэгээд Монголын хилээр нэвтрээд 10 орчим км яваад замдаа зогсож Н.Г ыг буулгасан. Тэр үед Н.Г  боомт ороод тэндээсээ машинд суугаад хот орно гэж ярьж байсан юм. Тэгээд бид хоёр салсан... 35-16 УБО улсын дугаартай автомашины хил нэвтэрсэн лавлагааг харахад би 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт Н.Г ыг нууж хилээр оруулж ирсэн байна. Учир нь өглөө 08 цагийн орчим Хятадаас хөдлөх гэж байхад Н.Г  надаас гуйж багажинд орсон юм. Би Н.Г ын авч орж ирэхдээ Хятад нэг хоносон гэхээр 15-ны өдөр нь зөв юм. Харин 03 дугаар сарын 16-нд хоноогүй хилээр гарч орсон юм...” гэжээ. /хх-79-82/,

Шүүгдэгч Н.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 1986 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ идэр суманд Н гийн ууган хүү болон мэндэлсэн. Миний төрсөн эцэг Ж  гэдэг хүн байж байгаад саяхан 2017 онд нас барсан юм. Ж , Н  нар нь хамт амьдарч байгаагүй хүмүүс юм. Би бага насаа Хөвсгөл аймгийн Шинэ идэр суманд өвөө Шагдарын гэрт мал маллаж өнгөрүүлсэн. Миний өвөө Шагдар нь 2 хүү, 5 охинтой айл байгаа юм. Манай ээж Н тай харилцаагүй байж байгаад саяхнаас холбоо барьдаг болсон юм. Миний ээж Н  нь одоо 3 охин 1 хүүтэй Улаанбаатар хотод амьдарч байгаа. Би 8 настайдаа Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын 10-н жилийн дунд сургуульд элсэн 4 дүгээр анги хүртлээ суралцаж байгаад сургуулиа хаяад өвөө Шагдарын гэрт 18 нас хүртлээ мал малласан. Ингээд 2004 онд цэрэгт яваад зэвсэгт хүчний 013 дугаар ангид 1 жилийн хугацаатай алба хаагаад 2005 ондоо халагдаж ирсэн. Ингээд 2006 онд 013 дугаар ангид гэрээт цэргээр очиж 1 жил 3 сарын хугацаатай алба хаасан юм. 2007 оноос хойш 2008 оны хооронд “Хөдөлгөөн эргүүл” нэртэй хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байхдаа С гэж хүнтэй танилцаж Говь-Алтай аймаг руу шилжиж очсон. Сийлэгмаа бид хоёрын дундаас одоо 1 хүү 1 охин төрсөн. Том хүү маань 5 дугаар ангид суралцаж байгаа харин бага охин маань 2 дугаар ангид суралцдаг юм. Тэндээ Говь-Аптай аймгийн эрчим хүчинд цахилгаанчингаар 2008 оноос 2010 он хүртэл ажиллаж байгаад цомхотгол хийгдээд халагдчихсан юм. 2010 оны хавраас эхлэн “Бамбай” гэх нэртэй хамгаалалтын албанд харуулын менежерээр Өмнө-Говь аймаг Оюутолгойд 2011 он хүртэл ажиллаж байгаад гэр орон хол гээд ажлаасаа гараад Говь-Алтай аймгийн “Алтай-Өдөр” гэх хүдрийн уурхайд үйлчилгээний жолоочоор ажилд ороод 2014 он хүртэл ажилласан. Ингээд 2015 онд 6 сарын хугацаанд Говь-Алтай аймагт хувиараа алт олборлож байгаад 2016 оноос Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтод нүүрс тээвэрлэдэг ачааны машины жолоочоор ажиллаж эхэлсэн. Миний эхнэр Сийлэгмаа нь 10 жилийн сургуулийн технологийн багш мэргэжилтэй бөгөөд одоо Говь-Алтай аймгийн 2 дугаар 10-н жилийн сургуульд багшаар ажиллаж байгаа юм. Хүүхдүүд маань эхнэр дээр байдаг юм. Ер нь эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцаанаас болоод таарахгүй болсон болохоор ажил хийгээд олсон мөнгөө гэр лүүгээ хүүхдүүд рүүгээ явуулдаг болсон гэртээ суурин байхаа больсон юм. Манай хамаатан садангууд ер нь Улаанбаатарт байхгүй. Ихэнх нь Хөвсгөл аймагт ажиллаж амьдарч байгаа. 2018 онд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэргээр 800,000 төгрөгийн торгох ял авч байсан юм... Би Ийшин ХХК-нд 120 тонны шаланз машины жолоочоор 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажилласан. Шаланзны жолооч нь уурхайгаас нүүрс ачуулаад Монгол улсын хилээр Хятад руу нэвтрүүлж зөөвөрлөх үүрэгтэй юм. Би 2019 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хугацаанд Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн хилийн боомтон дээр байдаг Хүлэг гранд ШТС-аас зээлээр 2,356,600 төгрөгийн түлш авсан юм. Нүүрс тээвэрлэдэг жолооч нар хил дээр оочирлож цаг алдахаас сэргийлэн Монгол талаас зээлээр түлш аваад цалин дээрээсээ төлдөг юм. Тэгтэл миний хувьд цалингаа бүгдийг нь ар гэр лүүгээ явуулаад зээлсэн түлшнийхээ мөнгийг төлж чадаагүй. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ийшин ХХК-ийн эзэмшлийн норд бенз маркийн 79-46 УБО улсын дугаартай автомашинаар Монгол улсын хилээр өөрийн Е1884482 дугаартай гадаад паспортаар Хятад улс руу нэвтэрсэн юм. Тэгээд Хятад улсад нүүрсээ буулгах гээд зогсож байхад танихгүй хятад хүн ирээд гадаад паспортаа өг гээд хураагаад аваад явчихсан юм. Би өмнө нь монгол жолооч нар гадаад паспортаа өгөхгүй гээд хятадууд зодуулж байхыг нь мэдэх учраас айгаад өгчихсөн юм. Түүнээс намайг зодсон асуудал байхгүй. Тэгээд нүүрсээ буулгачихаад өөрийн компаний жолооч нарын байран дээр очоод тэндээ 3 хоносон. 3 хоног болоод гадаад паспортгүй өмнө нь жолооч нар зодуулж, хятадад хэрэг төвөгт ордог гэж сонсож байсан болохоор ер нь айдастай байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай компаний жолооч Д.О  байхаар нь очиж уулзаад хамт 2 пиво уугаад зовлонгоо ярилцаж суусан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 8 цагийн үед Д.О  дээр очоод найзыгаа аваад хил гарчихаач, багажинд чинь ороод нуугдчихья гээд Д.О оос гуйхад Д.О  хэрэв баригдах юм бол хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гээд надад зөвшөөрсөн юм. Тэгээд би Д.О ы унаж явсан 35- 16 УБО улсын дугаартай норд бенз маркийн ачааны машины жолоочийн эсрэг талын багажинд орж нуугдсан. Тэр багажинд хүн хөлөө бага зэрэг нугалаад хангалттай багтдаг юм. Тэр багажинд ороход гадна орчинд юу болж байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч байсан зогсоод, хөдөлж байгаа нь мэдэгдэж байсан. Ингээд 2 цаг орчим болоход зогсоод Д.О  багажийг онгойлгоход Монголын хил давчихсан, хилээс 10 км орчим явчихсан байсан... Намайг хятадад байхад нэг хятад хүн ирээд паспорт хураагаад аваад явсан. Тэгээд М  гэдэг хүн утсаар яриад мөнгөө өгөөд паспортаа аваарай, төлж чадахгүй бол наана байж бай гэсэн. Тэгээд нэрийг нь мэдэхгүй танихгүй Өвөрмонгол хүн утсаар яриад наад мөнгөө хурдан төлөө, тэгэхгүй бол энд би цагдаад чамайг өгнө шүү гээд яриад байсан. Түүнээс намайг зодсон зүйл байхгүй. Тэгээд би М  гэж хүн рүү утсаар ярихад надад хамаагүй, би мэдэхгүй гээд байсан.” гэжээ. /хх-83-86/,

Шүүгдэгч Д.О ы Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвэрсэн тухай лавлагаа /хх-11-12/,

Шүүгдэгч Н.Г ын Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвэрсэн тухай лавлагаа /хх-17-21/,

35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаарх Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-25-26/,

35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-29/,

79-46 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-30/,

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-31-35/,

Шүүгдэгч Н.Г ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/,

Шүүгдэгч Д.О ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-70-72/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-73-75/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-94/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-95-102/,

Шүүгдэгч Д.О ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-106/,

П.Б, Ч.Э, Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-107-109/,

Шүүгдэгч Н.Г ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-110/,

Ш.Н , Х.С, Н.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-111-113/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-115-119/,

Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 199 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-121-132/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт /хх-168/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-169/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-170/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-173/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Г , Д.О  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Д.О д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан байх тул давхардуулан журамлах шаардлагагүй гэж үзэж шүүгдэгч Н.Г , Д.О  нарын зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хасаж өөрчлөх нь гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Г , Д.О  нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г , Д.О  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Н.Г , Д.О  нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Г  нь шүүгдэгч Д.О той бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн орчимд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шивээхүрэн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 35-16 УБО улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын багажинд нуугдаж, улмаар Монгол Улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,

Шүүгдэгч Д.О  нь шүүгдэгч Н.Г тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 45 минутын орчимд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шивээхүрэн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 35-16 УБО улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ өөрийн жолоодож явсан 35-16 УБО улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын багажинд Н.Г ыг нууж , улмаар түүнийг Монгол Улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн болох нь гэрч И.Осоржамаагийн “...Тухай өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ...................... тоот регистрийн дугаартай Д.О  үдээс өмнө нь 35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Монгол Улсын хилийг нэвтрэн гарч, үдээс хойш буюу 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөө 35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хил нэвтрэн орсон байдаг. Харин .................. тоот регистрийн дугаартай Н.Г а 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрээгүй болно. Н.Г ын хил нэвтрэлтийн лавлагааг харахад 2019 оны 3 дугаар сарын 13 өдөр тус боомтоор 79-46 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан бүртгэл байгаа боловч орж ирсэн бүртгэл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-47-48/, Гэрч Д.Б-ын “...Харин 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гарч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын талд байхгүй байгаа талаар мэдсэн ба түүний улсын хилээр нэвтэрсэн талаарх хил нэвтрэлтийг үзэхэд уг боомтоор гарсан бүртгэл байгаа хэдий ч орж ирсэн бүртгэл байхгүй байсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 89111604 утас руу нь залгахад утсаа авахгүй байсан учир мессеж үлдээсэн боловч хариу бичээгүй... 79-46 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож нүүрс тээвэрт явдаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 3-р сарын 13-ны өдөр хилээр нэвтрэн гарсан бүртгэл байдаг ба уг тээврийн хэрэгсэл нь дахин хил нэвтрэн орж ирсэн бүртгэл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-52-54/, шүүгдэгч Д.О ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Н.Г  20-21 цагийн орчим хоол идчихээд байж байхад намайг дуудаад 2 уулаа ганц нэг пиво ууя гэхээр нь дэлгүүр орж пиво аваад хамт уусан. Тэгээд пиво уугаад сууж байхдаа надад манай компанийн жолооч нарын зээлсэн түлшний мөнгө над дээр буугаад байна. Надаас нэхээд байна. Тэр жолооч нь одоо манай компанид ажиллахгүй ажлаа хаяад явчихсан. Миний гадаад паспортыг хураагаад авчихсан. Монгол руу гарч чадахгүй байна гэх зэргээр надад зовлонгоо яриад байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн орчим 35-16 УБО улсын дугаартай автомашиндаа байж байхад Н.Г  ирээд надад өөрийнхөө эд зүйлийг өгөөд май хөгшөөн энийг авчих, одоо намайг буцаж Монгол руу гаргахгүй юм шиг байна гэх зэргээр яриад байсан. Ингээд манай компани хөдлөхөөр болоод би машинтайгаа хөдлөх гэж байхад Н.Г  би чиний машины багажинд чинь нуугдаад гарчихья гээд гуйсан. Тэгэхээр нь тухайн үед түүнийг хүмүүс тоохгүй, царай алдчихсан яваад байхаар нь өрөвдөөд багажинд нуугдаж хил гарахыг нь зөвшөөрсөн. Тэгээд Н.Г  35-16 УБО улсын дугаартай миний барьж явсан автомашины жолоочийн эсрэг талын багажинд орж нуугдсан. Н.Г  хүнгүй надад хүнгүй газар буулгаарай гэж байсан юм. Тухайн багаж нь хоосон байсан бөгөөд тухайн багажинд хүн хангалттай орчихоор зайтай байдаг юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Монгол улсын хилээр ямар нэгэн ачаагүй хоосон орж ирсэн. Тэр үед Н.Г  багажинд нуугдаж хил давсан. Хилийн боомт дээр Хятад болон Монголын хил дээр кабен, жолооч талын багажийг шалгасан...” гэх мэдүүлэг /хх-79-82/, шүүгдэгч Н.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 8 цагийн үед Д.О  дээр очоод найзыгаа аваад хил гарчихаач, багажинд чинь ороод нуугдчихья гээд Д.О оос гуйхад Д.О  хэрэв баригдах юм бол хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гээд надад зөвшөөрсөн юм. Тэгээд би Д.О ы унаж явсан 35-16 УБО улсын дугаартай норд бенз маркийн ачааны машины жолоочийн эсрэг талын багажинд орж нуугдсан. Тэр багажинд хүн хөлөө бага зэрэг нугалаад хангалттай багтдаг юм. Тэр багажинд ороход гадна орчинд юу болж байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч байсан зогсоод, хөдөлж байгаа нь мэдэгдэж байсан. Ингээд 2 цаг орчим болоход зогсоод Д.О  багажийг онгойлгоход Монголын хил давчихсан, хилээс 10 км орчим явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-83-86/, Шүүгдэгч Д.О ы Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа “ Д.О  Регистр .............. Паспортын дугаар Е2374827 2019.03.15-нд орж, 2019.03.15 гарсан” /хх-11-12/, Шүүгдэгч Н.Г ын Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа “Н  Н.Г  Регистр ............... 2019.03.06-нд гарсан” /хх-17-21/, 35-16 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаарх Хил хамгаалах ерөнхий газрын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа “Машины төрөл Ачаа, 35-16 UBO, Чиргүүлийн дугаар 59-20 TCH, 2019.03.15-нд 11:00 минутанд орж, 18:45 минутанд гарсан” /хх-25-26/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..би яаж Монгол руу явах вэ ямар арга байна вэ? гэхэд Д.О  багаж руугаа заачихаад машиндаа суучихсан. Тэгээд 20 орчим минутын дараа Д.О  надад хөдлөх болж байна чи яахаар болсон бэ? гэж асуухаар нь би багажинд сууж байя гэж хэлээд багажинд сууж хилээр хууль бусаар нэвтэрсэн...” шүүгдэгч Д.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн орчим 35-16 УБО улсын дугаартай автомашиндаа байж байхад Н.Г  ирээд надад өөрийнхөө эд зүйлийг өгөөд май хөгшөөн энийг авчих, одоо намайг буцаж Монгол руу гаргахгүй юм шиг байна гэх зэргээр яриад байсан. Ингээд манай компани хөдлөхөөр болоод би машинтайгаа хөдлөх гэж байхад Н.Г  би чиний машины багажинд чинь нуугдаад гарчихья гээд гуйсан. Тэгэхээр нь тухайн үед түүнийг хүмүүс тоохгүй, царай алдчихсан яваад байхаар нь өрөвдөөд багажинд нуугдаж хил гарахыг нь зөвшөөрсөн. Тэгээд Н.Г  35-16 УБО улсын дугаартай миний барьж явсан автомашины жолоочийн эсрэг талын багажинд орж нуугдсан. Шүүгдэгч Н.Г  хүнгүй надад хүнгүй газар буулгаарай гэж байсан юм. Тухайн багаж нь хоосон байсан бөгөөд тухайн багажинд хүн хангалттай орчихоор зайтай байдаг юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Монгол улсын хилээр ямар нэгэн ачаагүй хоосон орж ирсэн. Тэр үед Н.Г  багажинд нуугдаж хил давсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Н.Г , Д.О  нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж, шүүгдэгч Д.О  нь шүүгдэгч Н.Г ыг Монгол Улсын хилээр гаргаж өгөхөөр урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь тус тус  тогтоогдож байна

Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар хамгаална гэж заасан байдаг.

Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг хэлнэ. Уг шугамаас дээш агаарын мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж зохих паспортгүй, визгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эсхүл бусдын буюу хуурамч бичиг баримт ашиглах, түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх, байцаан өнгөрүүлэх боомтгүй газраар нууцаар Монгол Улсын хилээр орж ирсэн, гарч явсан, дамжин өнгөрсөн идэвхитэй үйлдлийг хэлдэг.

Шүүгдэгч Н.Г  Монгол улсын хилийг зохих паспортгүйгээр, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүгдэгч Д.О ы тээврийн хэрэгсэлд нуугдаж хил нэвтэрсэн,

Шүүгдэгч Д.О  нь Монгол улсын хилийг зохих паспорттойгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрсэн хэдий ч өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн багажинд шүүгдэгч Н.Г ыг нууж  хууль бусаар хил нэвтрүүлсэн байх тул Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. гэж хуульд тодорхойлсон ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Г , Д.О  нар нь санаа зорилгоороо нэгдэж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г , Д.О  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Н.Г а 1986 оны 05 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант хороо, 5-8 тоот хаягт оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, шүүгдэгч Н.Г ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-110/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-115-119/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт /хх-168/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-169/ зэргээр,

Шүүгдэгч Харчин овогт Д.О  1974 оны 10 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 18-423 тоот хаягт оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 7 жил, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил, 241 дүгээр зүйлд зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж  1999 оны 08 дугаар сарын 03-нд тэнссэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 199 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-121-132/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-106/, түүний эхнэр П.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-107/, Шүүгдэгч Д.О ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-106/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-170/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-173/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Н.Г ыг шүүгдэгч  Д.О той бүлэглэн  Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Д.О ыг шүүгдэгч Н.Г тай бүлэглэн Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Монгол Улсад орох эрхийн баримт бичиггүйгээр шүүгдэгч Н.Г ыг тээврийн хэрэгсэлдээ нууж, Монгол Улсын хилийг хууль бусаар  нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг , 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Г д 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.О д 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд үйлдсэн үүрэг, оролцоог харгалзан үзэж торгох ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Харин шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Н.Г  нь 6.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр, шүүгдэгч О.Д.О  нь 5.400.000  төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр  тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г , Д.О  нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г , Д.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Г ын Е2420884 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г , Д.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Наранцацрал нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч нар ар гэрээ тэжээн тэтгэдэг, бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлт гаргасан боловч шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг  тус тус харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа бичигдээгүй байх ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар эрүүгийн хуульд заасан тул шүүгдэгч Н.Г , Д.О  нарын гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр, цаг хугацааг хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, хил хамгаалах ерөнхий газрын 2019.04.04-ний өдрийн 2-5а/2887 дугаартай албан бичгийн хавсралтаар /хх-11-12/ болон бичгийн бусад нотлох баримтад үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн орчимд гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж шийдвэрлэсэн ба энэ нь хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хөндөхгүй гэж үзсэн. 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Н.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Харчин овогт Д.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг хасаж шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Н.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Шүүгдэгч Харчин овогт Д.О д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэж тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

          2. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Н.Г ыг шүүгдэгч Д.О той бүлэглэн  Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Д.О ыг шүүгдэгч Н.Г тай бүлэглэн Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Монгол Улсад орох эрхийн баримт бичиггүйгээр шүүгдэгч Н.Г ыг тээврийн хэрэгсэлдээ нууж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 , 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Г ыг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.О ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г  6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр, шүүгдэгч О.Д.О  нь 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г , Д.О  нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Н.Г , О.Д.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Г , О.Д.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Г ын Е2420884 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Н.Г , О.Д.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ОЮУН-ЭРДЭНЭ