Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 4954

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 60-р байр 20 тоотод оршин суух, эмэгтэй, РД-РХ75100207, Шарнууд овогт Жигжидсүрэнгийн Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Б.Улаанхүүг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Б.Улаанхүүг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2000 онд Б.Улаанхүүтэй танилцаж 2001 онд гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд 2001 оны 12 сарын 16 өдөр хүү У.Гантулга төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд таарч тохирохгүйн улмаас сүүлийн 9 жил тусдаа амьдарсан.

Хүү У.Гантулга нь 2001 оноос миний асрамжинд байгаа. Б.Улаанхүүгээс гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байгаа боловч түүний оршин суугаа хаяг тодорхой биш байгаа тул албан ёсоор хаягийг нь тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Б.Улаанхүүг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг  бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Пүрэвсүрэнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар хүргэсэн боловч нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй, өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэхээр хүсэлт ирүүлсэн байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Ж.Пүрэвсүрэн нь Овгорууд овогт Бямбажүгдэрийн Улаанхүү /РД-РХ72110419/-г Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Хандгайн 6-р гудамж, 707 тоотод оршин суудаггүй талаарх хорооны тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Пүрэвсүрэн нь хариуцагчаар Б.Улаанхүүг оролцуулж, гэрлэлт цуцлуулахыг хүсч байгаа байх боловч хариуцагчаар оролцвол зохих Б.Улаанхүүгийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар  тогтоогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Б.Улаанхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах нь зүйтэй байна.

     Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1  дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг  удирдлага болгон,

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Овгорууд овогт Бямбажүгдэрийн Улаанхүү /РД-РХ72110419/-г  эрэн сурвалжилсугай.

 

2. Б.Улаанхүүг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200  төгрөгийг  улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14  хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.  

 

 

 

 

  

                    ДАРГАЛАГЧ                                                    Д.НАРАНЦЭЦЭГ