| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0501/Э |
| Дугаар | 543 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Нямдорж |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 543
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,
улсын яллагч Ш.Нямдорж,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү /№1964/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Бат-Эрдэнийн Б-д холбогдох 1902002250105 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөө нарын хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо 704 дүгээр байр 50 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ялаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Бат-Эрдэнийн Б /РД- УХ98120271/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус өөрийн биедээ болон 86-82 УНО улсын дугаартай “Пассо сет” /Passo sette/ загварын машинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай бохир жингээр 109 грамм, цэвэр жингээр 86 грамм жинтэй "Өвс" гэх мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Уг өвсийг би 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 10 орчим хоногийн өмнө Зүүнхараа руу явж ганцаараа түүгээд өөртөө хадгалж байгаад хэрэглэсэн. Одоо надад өөр ямар нэгэн мансууруулах бодис байхгүй. Тэр үеэс хойш би огт хэрэглээгүй. Дахин ийм зүйл хийхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
гэрч А.Асралтын: "...Машинд суух үед Б-ийн биед ууттай өвс байсан талаар хараагүй. Харин сүүлд цагдаа нарт баригдах үед миний машинд өвс тавьсан байсан. Уг өвс Б-ийн өвс байгаа юм...Цагдаад баригддаг өдөр 8682 УНО улсын дугаартай машиныг жолоодож явсан. Уг машин манай ээж Т.Энхтуяагийн нэр дээр байдаг, ээжийн машин байгаа юм. Би ээжийн машиныг хааяа унаж гадуур явдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
гэрч В.Амарсанаагийн: "...Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 10 дугаар гудамжинд очоод Ганзоригийн унаж явсан приус 20 маркийн машинд өвс татаад буцаад буудалд очоод Асралтыг хүлээсэн бөгөөд удалгүй Асралт ирээд бид нар хамтдаа Хулан, Их-Од нарыг гэрт нь буюу Сансарт хүргэж өгөөд буцаад Модны хоёр луу явах замд Баттөгс, Тэмүүжинтэй уулзахаар болоод Гандангийн хойд талын автобусны буудал дээр хүлээгээд зогсож байтал Тэмүүжин ирээгүй бөгөөд бид нар хүлээж байхад цагдаа нар ирээд барьсан... Б-д байсан өвсийг Зүүнхараагаас түүсэн талаар тэр өөрөө ярьж байсан. Хэнтэй хамт явсан эсэхийг нь би мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
Үзлэг хийсэн тэмдэглэл: "...Б.Б: би энэ машинд сууж явсан юм, цагдаа ирэх үед уг машины урд хайрцагт өөрт байсан ууттай мансууруулах өвсийг хийсэн байгаа, гэж хэлээд 8682 УНО улмын дугаартай автомашины зүүн хаалгыг онгойлгож, зүүн урд хэсэгт байрлах хайрцагыг нээж ууттай зүйл гаргаж ирээд амсарыг нь нээж үзэхэд бор өнгөтэй хатсан ургамал мэт зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав..." гэх тэмдэглэл /хх-ийн 16-17х/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд "...Б.Б-ийн....ТНС илэрсэн" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х/,
Эд зүйлсийг, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол: "...хэрэгт 8682 УНО улсын дугаартай... автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан гялгар ууттай хэмжээ 109 грамм, цэвэр жин 86 грамм өвс мэт зүйл, М.Мөнх-Эрдэнийн биед үзлэгээр хураан авсан AL5002037 серийн дугаартай зуутын дэвсгэрт зэргийг эд мөрийн баримтаар тооцсон" тухай /хх-ийн 20х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2132 дугаартай дүгнэлтээр: "Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн AL5002037 серийн дугаартай зуутын дэвсгэрт зэргээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь "Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно" гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №650: "....Б.Б нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бийг урьд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн байх ба Б.Б нь уг тэнссэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул дээрхи шийтгэх тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, түүнд хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтэн нийт бичелэн эдлэх хорих ялын хугацааг шүүх тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамихтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа гялгар ууттай 109 грамм, цэвэр жин 86 грамм өвс мэт зүйл нь шүүгдэгч нь гэмт хэргийн замаар олж авсан болох нь тогтоогдож байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.