| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06543/И |
| Дугаар | 4955 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 4955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, Нарлаг хотхон, 101 байр, 109 тоотод оршин суух, эмэгтэй, РД-МЮ59101167, Цагаан тугууд овогт Мянгаагийн Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,
Ц.Баттогтох, Э.Данзанбямба нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Ц.Баттогтох, Э.Данзанбямба нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: М.Наранцэцэг нь Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 58 байрны 13 тоотод суудаг гэх Ц.Баттогтох, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 51-р гудамж, 2 тоотод оршин суудаг гэх Э.Данзанбямба нартай 2014 оны 5 сарын 19 өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан, гэрээний дагуу 47 625 000 төгрөгийг дээрх хүмүүст өгсөн боловч энэ хүмүүс хийсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй юм.
2014 оны 08 сарын 01 өдөр гэрээг дүгнэн баримт үйлдэж, дутуу ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан боловч одоо болтол баримтад заасан ажлыг хийгээгүй ба өөрсдөө бичиж өгсөн оршин суугаа хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй болсноор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл үүсээд байгаа болно.
Эвлэрүүлэн зуучлалын журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан боловч амжилтгүй болсон тул хариуцагчаар оролцвол зохих БӨ-ОМ ХХК-ийн захирал Ц.Баттогтох, иргэн Э.Данзанбямба нарыг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, Баянзүрх дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлалаас зуучлалын ажиллагаа явуулахаас татгалзсан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Наранцэцэг нь барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 135/2014 гэрээг БӨ-ОМ ХХК-ийн захирал Ц.Баттогтох, иргэн Э.Данзанбямба нартай 2014-05-19 өдөр байгуулсан байх бөгөөд 2014-08-01 өдөр уг гэрээг дүгнэсэн тухай бичмэл баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч М.Наранцэцэг хариуцагчаар БӨ-ОМ ХХК-ийн захирал Ц.Баттогтох, иргэн Э.Данзанбямба нарыг оролцуулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахыг хүсч байгаа байх боловч хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийноршин байрлах, оршин суугаа хаяг тодорхойгүй, нэхэмжлэгч мэдэх боломжгүй болсон байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
БӨ-ОМ ХХК-ийн захирал Ц.Баттогтох, иргэн Э.Данзанбямба нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа байх тул эдгээр хүмүүсээс гэрээний үүргийг шаардахыг хүсч байгаа нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчаар оролцвол зохих дээрх этгээдүүдийг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих БӨ-ОМ ХХК-ийн захирал Цолмонгийн Баттогтох /РД-СБ84122716/, иргэн Энхтайваны Данзанбямба \РД-ОО83052772\ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Ц.Баттогтох, Э.Данзанбямба нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ