| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/05709/И |
| Дугаар | 210/МА2025/00311 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00311
|
|
|
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 104/ШШ2024/00652 дугаар шийдвэртэй
*******-ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох
27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2022 оны 09 сард *******-ын дансанд түүхий эд худалдан авахаар 180,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс түүхий эд болон буцаж ирсэн мөнгө нь 153,000,000 төгрөг болсон. Бид итгэлцлийн үндсэн дээр мөнгөө урьдчилан шилжүүлээд бараагаа авдаг байсан. *******- нь 27,000,000 төгрөг үлдсэнийг өгнө гэж бүтэн жил явсан боловч өгөөгүй тул түүнээс 27,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид 2022 оны 09 сарын 07-нд уулзахад хамгийн анх 14,000,000 төгрөг шилжүүлсэн ба бидний хооронд 180,000,000 төгрөг биш 384,000,000 төгрөгийн асуудал байсан. 2022 оны 09 сарын 20-ны өдөр самрын тусгай зөвшөөрөл тавигдсан өдөр ба би 47 тонн самрыг үйлдвэр дээр хүлээлгэн өгч байсан. Би мөнгө нэхээд байхаар нь өвдсөн байсан тул за гээд л өртэй гэж бодоод 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг Энхцогтод шилжүүлж байсан. Бидний хооронд тооцоо нийлсэн зүйл байхгүй, дансны хуулгаа шүүе гэхэд завгүй гэдэг. Тооцоо нийлээгүй байж мөнгө нэхэж байгааг зөвшөөрхгүй, би бүх данс тооцоогоо нэгтгээд, бидний дунд өр байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар *******-ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа би урд нь *******-д итгэж дансанд нь байнга мөнгө шилжүүлж түүхий эд авдаг байсан болохоор утсаар мессежээр харилцдаг байсан, 2022 оны 09 сард *******-ын дансанд итгэлцлийн үндсэн дээр түүхий эд худалдан авахаар 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл *******- бараагаа нийлүүлж байгаад үлдэгдэл 32 сая төгрөгийг нь удахгүй өгнө гээд маш их удсан. 2022 оны 09 сард 5 сая төгрөгийг хийж үлдэх 27,000,000 төгрөгийг өгнө гэж маш их удсан учир мөнгөө нэхэхэд уурлаж, өгч чадахгүй, шүүхээр заргалдаад ав гэж маргасан.
4.2. *******-аас 27,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний дансанд шилжүүлсэн дансны хуулга болон тооцоо нийлсэн үлдэгдэл 32,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч өгнө гэсэн мессежийг, одоо 5,000,000 төгрөг хийлээ үлдэгдэл төлбөрөө хурдан төлнө, өгнө гээд 5,000,000 төгрөг шилжүүлсэн мессежээ нотлох баримтаар шинжлэн судлуулсан.
4.3. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөгийг гаргуулахаар шийрдсан байхад шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шийдвэрт "Иргэний хуулийн 6 дугаар зүйлд хуульд заасан үндэслэл журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй. Мөнгөөр үнэлж болох, Эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна. 8 дугаар зүйлд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно. Гэрээний зүйл нь агуулгын хувьд хуулиар хориглосон буюу хууль зөрчсөн хэлцэл" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Шүүх байгалийн баялаг, хууль бус хэлцэл гэдгийг нотлоогүй байж ямар ч нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
4.4. *******-д итгэж өгсөн 27,000,000 төгрөгийг тэрээр авснаараа үндэслэлгүй хөрөнгөжиж байгааг шүүх өөгшүүлж байна. Хариуцагч өөрөө хууль бусаар байгалийн баялгийг авчирч зарж байгаа нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгч тал өгсөн мөнгөө буцааж авъя гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь хуулийн үндэслэлтэй. Алдаатай шүүхийн шийдвэрээс болж *******- нь цаашаа хэдэн ч хүнийг хохироож болох сэдлийг шүүх өгсөн буруу жишиг тогтох эрсдэлтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага 27,000,000 төгрөгийг гаргуулах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх баримтын хүрээнд зөв шийдвэр гаргасан гэж ойлгож байна. 2022 оны 09 сараас хойш 180,000,000 төгрөгийн түүх эд бүтээгдэхүүн, самар хоорондоо өгөлцөж, авалцсан тухай нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Гэвч 180,000,000 төгрөг биш 394,000,000 төгрөгийн асуудал байгаа. 2022 оны 09 сарын 08-ны өдрөөс хойш нийт 394,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч нь энэ мөнгөний хэмжээний самрыг *******-од хүлээлгэж өгснөөс гадна агуулахын түрээсийн төлбөр 15,300,000 төгрөгийг ч нэмж төлсөн. Анхан шатны шүүхэд өгсөн тайлбараа бүхэлд нь дэмжиж байна, 27,000,000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн тул гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ..
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан самар худалдан авахаар шилжүүлсэн 180,000,000 төгрөгөөс дутуу нийлүүлсэн самарны үнэ 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шилжүүлсэн мөнгөнд нь 47 тонн самар нийлүүлсэн, би өртэй гэж бодоод 5 болон 10 сая төгрөг шилжүүлж байсан, бид тооцоо нийлж байгаагүй, бидний дунд өр байхгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Нэхэмжлэгч хуш модны самар худалдан авах зорилгоор 180,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийг хариуцагч хүлээн авч нэхэмжлэгчид самар нийлүүлж байсан тухай зохигчийн тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Зохигчийн хооронд хуш модны самрыг их хэмжээгээр нийлүүлэхтэй холбоотой харилцааг анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ тухайн эрх зүйн харилцааны үндэслэлийг бүрэн тодорхойлоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын санг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 4-т зааснаар ховор ургамлын жагсаалтыг засгийн газар батлахаар хуульд заажээ. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 сарын 25-ны өдрийн Жагсаалт батлах тухай /Ховор ургамлын жагсаалт/ 153 дугаар тогтоолын хавсралтын 274-т Сибирь хуш /Rumex pseudonatronatus/ багтсан байна.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т ургамлын аймагт учирсан хохирлын экологиэдийн засгийн үнэлгээг тогтоохоор заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 дугаартай Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох журамд 1кг цайруулсан сибирь хуш (самар)-ын самрын экологиэдийн засгийн хохирлын үнэлгээ нь 176,600 төгрөг, нойтон самрын үнэлгээ 98,900 төгрөг байхаар журамлажээ.
Иргэн нь ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болохыг Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд тухайлан заасан бөгөөд ахуйн зориулалтаар буюу өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу олгогдсон тусгай зөвшөөрлөөр ашиглаж болохоор хуульчилжээ. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч түүхий эд буюу хуш модны самар их хэмжээгээр худалдан авах зорилгоор хариуцагчид 180,000,000 төгрөг шилжүүлж, хариуцагч *******- нь 47 тонн хуш модны самар нийлүүлсэн гэснээс үзвэл тэрээр сибирь хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж худалдсан, нэхэмжлэгч *******- худалдсан авсан гэж үзэхээр байна.
Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдахад хэн аль нь хуш модны самрыг их хэмжээгээр бэлтгэн нийлүүлэх, худалдан авах санаа зорилго нь илэрхий байсан болон Байгалийн ургамлын тухай, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хориглолтыг тус тус зөрчин хэлцэл хийснийг хуулийн хүрээнд эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн зохицуулалт нь аливаа хэлцлийг хориглосон биш харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгчээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг боловч зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна.
4. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан түүний шилжүүлсэн 180,000,000 төгрөгөөс 153,000,000 төгрөгийг түүхий эд болгон авч 27,000,000 төгрөгийг хариуцагч түүхий эд болон мөнгөн хэлбэрээр буцаан төлөөгүй тул гэрээний биелэгдээгүй хэсгээс татгалзаж 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 243, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй. Гэвч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл хуульд нийцэхгүй нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээхгүй тул нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт хуульчлан зохицуулсан.
Хариуцагч 27,000,000 төгрөгт тооцогдох самрыг дутуу нийлүүлсэн, уг мөнгийг нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн нь зохигчийн хооронд харилцсан гар утасны цахим зурвасаар тогтоогдоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Шүүх 2024 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийж, хариуцагчтай харилцсан гэх зурвасыг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэн авсан боловч уг баримтад зохигчийн хоорондын мөнгөн шилжүүлэг, төлбөр тооцооны талаар харилцсан нь баримтаар авагдсан ч хариуцагч 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөө тодорхой илэрхийлж, зөвшөөрсөн агуулга бүхий баримт авагдаагүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ нотлоогүй гэж дүгнэж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч *******-ыг 27,000,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдоогүй байна.
Харин анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталж, хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 104/ШШ2024/00652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг ...243 дугаар зүйлийн 243.1... гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ