Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 4963

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 24-р байрны 4 дүгээр орцны подвальд байрлах, Түшээ СӨХ-ны  нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих М.Туяажаргалыг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Түшээ СӨХолбооны  захирал Г.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих М.Туяажаргалыг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-р байрны 50 тоот байранд оршин суугч М.Туяажаргал нь 2011 оны 6 сараас одоог хүртэл сууц өмчлөгчдийн холбоонд төлөх  үйлчилгээний зардал, хөлсийг төлөөгүй.

М.Туяажаргалд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх  хаягт хариуцагч амьдардаггүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Мягмар овогтой Туяажаргал/РД-ИЮ73022101/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2016-05-04 өдрийн 15912 захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Сууц өмчлөгч М.Туяажаргалаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн   ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг төлүүлэхийг нэхэмжлэгч хүсч байгаа байх боловч М.Туяажаргал байраа бусдад хөлслүүлдэг, өөрөө хаана амьдарч байгаа хөлслүүлэгч нар хэлдэггүйгээс түүний оршин сууц буй хаягийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй  байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих М.Туяажаргалыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах үндэстэй байна.

     Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг  удирдлага болгон,

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Мягмарын Туяажаргал /РД-ИЮ73022101/-ыг  эрэн сурвалжилсугай.

 

2.  М.Туяажаргалыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200  төгрөгийг  улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14  хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.  

 

 

 

 

  

                           ДАРГАЛАГЧ                                        Д.НАРАНЦЭЦЭГ