Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 4964

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн нарангийн 11 гудамж, 52 тоотод  оршин суух, эмэгтэй, РД-МЖ86022002, Боржигон овогт Жамъянгийн Эрдэнэжаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Эрдэнэжаргал,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна. 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2007 оны 05 сарын 17 өдөр Д.Мөнхбаатартай гэр бүл болсон. 2007 оны 08 сарын 18 өдөр охин М.Мөнхжаргал, 2009 оны 07 сарын 15 өдөр бага охин М.Мөнхсаруул нарыг төрүүлсэн.

Нөхөр Д.Мөнхбаатар архи их уудаг, агсан согтуу тавьдаг, намайг зодож, элдэв үгээр доромжлох зэрэг авир гаргах болсон тул би арга буюу гэрээсээ 2011 онд явсан. Хоёр хүүхдээ аваад явах гэхээр өгдөггүй байсан.

Гэтэл 2016 оны 03 сард Д.Мөнхбаатар, түүний ээж эгч нар нь хүүхдүүдийг минь идэш ууш, хувцас хунарыг нь дийлэхгүй нь хувцсаа аваад эх рүүгээ зайл гэж хөөсөн байсан. Би нөхөр Д.Мөнхбаатараас хүүхдүүдээ харж хандахад тусал гэж хэлэхэд би наад хоёр хүүхдэд чинь юу ч өгөхгүй гэдэг.

Тиймээс арга буюу 2016 оны 06 сарын 17 өдөр шүүхэд хандан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор  нэхэмжлэл гаргахад шүүхээс Д.Мөнхбаатарыг Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 80-р гудамж, 1113б тоотод оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Д.Мөнхбаатар Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамж, 1192Е тоотод эгчтэйгээ оршин суудаг.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-07-20 өдрийн 1522 захирамж, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэжаргал Дашдэндэвийн Мөнхбаатар /РД-НК83102610/-г Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоот 90 байр, 1314Е тоотод оршин суудаг талаарх хорооны тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч  Ш.Эрдэнэжаргал  хариуцагчаар Д.Мөнхбаатарыг оролцуулж,  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байгаа боловч хариуцагчаар оролцвол зохих Д.Мөнхбаатарыг Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоот 90 байр, 1314Е тоотод оршин суудаг талаарх хорооны тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч Д.Мөнхбаатарыг тус хаягт оршин сууж байгааг тэр мэдэж байгаа болох  нь нэхэмжлэгчийн тайлбараар  тогтоогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжлах шаардлагагүй, түүнийг хаана оршин сууж байгааг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа байх тул Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

     Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1  дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг  удирдлага болгон,

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Дашдэндэвийн Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Ж.Эрдэнэжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200  төгрөгийг  улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14  хоногийн дотор давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.  

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                    Д.НАРАНЦЭЦЭГ