| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/05691/И |
| Дугаар | 210/МА2025/00354 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00354
|
|
|
*******-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/05161 дугаар шийдвэртэй
*******-гийн нэхэмжлэлтэй,*******- ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,215,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Намайг*******- ХХК-д ажиллаж байхад 2022 оны 04 сараас компаний үйл ажиллагаа доголдож, хөрөнгө босгох хэрэгтэй болсныг компанийн удирдлагаас ажилтнуудад мэдэгдэж, ажилтнуудаас сарын 10 хувийн хүүтэй мөнгийг 6 сарын хугацаанд зээлэхээр болсноор би компанитай зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 40,000,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийг цувуулан 16,785,000 төгрөгийг төлсөн, одоо 27,215,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагч*******- ХХК-аас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан ба хүүг 4,000,000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээний хугацаанд хариуцагчаас тооцооны нягтлангийн шилжүүлсэн 4,000,000 төгрөгийн хамт нийт 20,785,000 төгрөг төлсөн. Компанийн тооцооны нягтлан компанийн данснаас өөрийн дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Уг мөнгийг *******-д дансаар эсвэл бэлнээр ямар нэг байдлаар өгсөн гэж тооцоолсон. Одоо үлдэгдэл 23,215,000 төгрөгийг төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******- ХХК-аас 27,215,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,450 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч*******- ХХК-аас 294,025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагчийн хувьд шүүхэд гаргасан тайлбар болон маргахдаа 23,215,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэж маргасан бөгөөд хариуцагчийн нягтлан бодогч ажилтай иргэн *******- нь 4,000,000 төгрөгийг компанийн данснаас өөрт шилжүүлэн авахдаа "*******" гэсэн утгатай шилжүүлэг хийсэн байдаг.
Эндээс дүгнэвэл зээлийн үүрэгт 4,000,000 төгрөгийг *******- нь аливаа хэлбэрээр нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь тодорхой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *******-ийг гэрчээр зайлшгүй оруулж маргаантай асуудлыг тодорхойлох шаардлагатай байсан болох нь харагдаж байгаа юм. Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу 4,000,000 төгрөгийг авсан эсэхийг тодруулахаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээ авах байсан ч шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.
Түүнчлэн шүүхээс хариуцагчийн зөвхөн Хаан банкны ******* тоот дансны хуулгыг үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь бодит байдалд бүрэн дүгнэлт хийсэн гэж үзэхээргүй байна. Тодруулбал хариуцагчийн зүгээс аливаа хэлбэрээр нэхэмжлэгч дээрх 4,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж маргасан боловч шүүх анхаараагүй орхигдуулсан. Дээрх үндэслэлээр төлөгдсөн 4,000,000 төгрөгтэй холбоотой хэргийг бүрэн хянан шийдвэрлээгүй, ажиллагаа дутуу байх тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч талын зүгээс 4,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг ярьсан бөгөөд *******- гэх хариуцагч компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан хүн *******-д уг мөнгийг шилжүүлсэн дансны хуулга байгаа гэх үндэслэлээр тухайн өдрийн шүүх хуралдаан хойшилсон. Гэвч дараагийн шүүх хуралдаан болоход хариуцагч талын зүгээс дээр дурдсан баримтаа авч ирээгүй нь хэргийн материалд тусгагдсан байгаа. Миний үйлчлүүлэгч маргаан бүхий 4,000,000 төгрөгийг авсан асуудал байхгүй бөгөөд авсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч*******- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,215,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 23,215,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, компанийн нягтлан бодогч 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн тул энэ мөнгийг нэхэмжлэлээс хасуулна гэж тайлбарлан маргажээ.
3. Зохигчийн хооронд 2022 оны 06 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 4,000,000 төгрөгийн хүүтэй байхаар тохиролцон хариуцагчид зээлдүүлснээр тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Хариуцагч зээлийг хүлээн авч гэрээний хугацаанд 16,785,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн байна.
4. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 27,215,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсанаас хариуцагч компанийн нягтлан бодогч *******- нь 4,000,000 төгрөгийг *******- өгөхөөр ******* гэсэн утгатай гүйлгээ хийж өөртөө авсныг компаниас нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэж төлбөрөөс хасуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтаа шүүхэд нотлоогүй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******-гийн ******* тоот Хаан банкны дансны хуулгаар хариуцагч 8 удаагийн шилжүүлгээр 16,785,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Уг шилжүүлгэнд 2022.07.18-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлбөр төлөв*******- ХХК гэсэн утгатай мөнгөн гүйлгээ хийгдсэн нь хариуцагчийн татгалзаж буй 4,000,000 төгрөгийн төлбөрт хамааралгүй буюу дээрх 16,785,000 төгрөгийн дүнд багтаж байна. Зохигч энэ гүйлгээ нь хариуцагч татгалзаж буй 4,000,000 төгрөгийн төлбөр болох талаар зохигч маргаагүй. Зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтаар хариуцагч нь 16,785,000 төгрөгөөс илүү буюу 20,785,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдоогүй байна.
5. Анхан шатны шүүх хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 16,785,000 төгрөгийг хасч, үлдэх 27,215,000 төгрөгийг хариуцагч*******- ХХК-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй, хэргийн байдалд бодитой дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангахгүй. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлохоор иргэн *******-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ч уг хүсэлтээсээ татгалзсан нь 2024 оны 11 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Хариуцагч нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар эрх, үүргээ бие даан хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дагавраа хариуцах хуулийн этгээд бөгөөд хариуцагч талаас шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргах шаардлагатай нөхцөл байдлыг илэрхийлээгүй байх тул шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/05161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ