Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 515

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганхуягийн Г.Шт холбогдох эрүүгийн 1903003820232 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Бөөний худалдааны 7-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганхуягийн Г.Ш /РД: ГН97100730/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Г.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ш нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 56 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Самбалхүндэвийн оршуулгын урд замд "Төлөөлөл" ХХК-ний эзэмшлийн "Hyundai Verna" маркийн 33-71 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." мөн дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 37 настай хохирогч Л.Мөнхбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Л.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 08 цагийн үед найз Хүрэлбаатарын хамт нэг 0,5 л савалгаатай Хараа нэртэй архи авсан юм. Найз Хүрэлбаатарын гэр нь осол болсон газар буюу 70-н давхарын оршуулгын газарт байдаг юм, тэгээд бид хоёр тэдний хашаанд юм хийх зуураа нөгөө нэг шил архиа уусан юм. ..."Содмонгол" ШТС-ын харалдаа замаар зам хөндлөн гарах гээд баруун талруугаа харсан чинь ямарч машин байхгүй зүүн талаас нэг машин нилээн хол зайтай явж байхаар нь зам гараад амжих юм байна гэж бодоод замаа гараад замын голд явж байтал гэнэт миний зүүн гар талаас ирж байсан машины хажуугаар бас нэг машин орж ирээд намайг мөргөхөд нь би бүтэн эргээд газар унасан. Тэгээд би ухаан алдсан байсан нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан, цагдаа нар ирээд үлээлгэж байсан, зүүн хөл шилбэ хэсгээр 5 хугарсан, зүүн гар шуу хэсгээр 1 хугарсан, зүүн талын 2 хавирга хугарсан толгой дүүрч өвдөөд байгаа өөр гэмтэлгүй, мөргөсөн машинаа ирж байгааг хараагүй миний зүүн талаас ирж байсан машиныг удаан яваад байхаар наанаас гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөсөн юм байна лээ." гэх мэдүүлэг /хх-ийн 17-20х/,

насанд хүрээгүй гэрч Н.Аниржингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тэгээд би дүүгийнхээ араас явж байгаад эргээд хартал машин маш хүчтэй тормослох чимээ гараад Мөнхбат ахыг "Өгөөмөр" гэсэн хаягтай авто сургуулийн машин урсгал сөрж ирээд мөргөхөд нь Мөнхбат ах газар унаж байгаа харагдсан." гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

иргэний хариуцагч Г.Өгөөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулна, одоогоор эмчилгээний болон бусад зардалд сая гаруй мянган төгрөг зарцуулчихсан байгаа, автомашины баруун толь хугарсан өөр эвдрэлгүй, энэ эвдрэл дээрээ үнэлгээ хийлгэхгүй, Р.Г.Шаас нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4579 дугаартай: "Л.Мөнхбатын биед зүүн шаант ясны хоёрлосон ил, тахилзуур ясны ил хугарал, зүүн богтос ясны далд хугарал, зүүн 3.4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 47х/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: "жолооч Ганхуяг овогтой Г.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." мөн дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл. Техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Лхагвасүрэн овогтой Мөнхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй" гэх магадлагаа /хх-ийн 67-68х/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21759 дугаартай: "Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, зүүн хойд дугуйн тоормос барихгүй, зүүн хойд дугуйн тоормос зогсохгүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн зогсох хугацааг уртасгаж тухайн зам тээврийн осолд нөлөөлж болох” гэх дүгнэлт /хх-ийн 53-59х/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Шыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирог Л.Мөнхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... Г.Шаас өөрт учирсан хохиролыг барагдуулан авч байгаа, бид хоорондоо тохиролцсон...нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж байх тул шүүгдэгч Г.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Шт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогчийн гомдолгүй гэх мэдүүлэг, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн “Аксент верна 0” маркийн 33-71 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01351637 дугаартай гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч “Төлөөлөл” ХХК-д  буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн хураагдан ирсэн  шүүгдэгч Г.Шын ¹1076429 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх зүйтэй байна.