Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 4965

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 36-р байрны 44 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЗМ90070912, Олгонууд овогт Равдандоржийн Эрдэнэболдын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р барйны 01 тоотод байрлах, РД-2546256,  Арвинсантех ХХК-д холбогдох

алданги, зардалд 2449426 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Эрдэнэболд, хариуцагч компанийн захирал Б.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар /үнэмлэхийн дугаар 0237/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал  нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас алданги 1791426 төгрөгийг, доголдлыг арилгах зардал 658000 төгрөг, нийт 2449426 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2013-09-03 өдөр хариуцагчтай орон сууц захиалгын 44/59 тоот гэрээг байгуулан, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 59 айлын орон сууцны 38.6 кв.м талбайтай 44 тоот орон сууцыг бариулахаар захиалсан. Хариуцагч барилгыг 2014 оны 1-р улиралд багтааж ашиглалтад өгөх үүрэг хүлээсэн.

Гэвч барилгыг хугацаанд нь ашиглалтад өгөөгүй. 2014-09-29 өдөр барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт гарсан. Би барилгын урьдчилгаа болох үнийн 30 хувь болох 19 686 000 төгрөгийг  гэрээнд заасан хугацаандаа төлсөн, гүйцэтгэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул гэрээний 6.2-т заасны дагуу 1791426 төгрөгийг алдангид гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн барилгын ажлын гүйцэтгэгч орон сууцыг надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй бөгөөд орон сууцыг барих ажлыг бүрэн бус гүйцэтгэсэн, хуучин материал ашигласан дутагдал гаргасан. Хуучин шаргал плитагаар 00-ийн өрөөний шалыг хийсэн, угаалтуурыг хазгай суурилуулсан, халуун хүйтэн усны тоолуур тавиагүй, цонхны тавцанг зүймэл чулуугаар хийсэн, угаалтуурын силиконыг ил гаргаж наасан зэрэг доголдлууд байсан тул гүйцэтгэгчид удаа дараа хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл засаж өгөөгүй. Иймд гэрээний 2.1.6 дахь заалтыг үндэслэн эдгээр доголдлыг арилгахад гарах зардал 658 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч тайлбартаа: Барилгыг ашиглалтад хүлээж авсан улсын комиссын актад барилгын ажлыг 2014-06-21 өдөр дууссан гэж дүгнэсэн байгаа. Улсын комисс ажиллуулахад дараалал хүлээсэн. Барилгын сантехникийн асуудлыг халаалт эхлэхээр хүлээж авна гээд 2014-09-15 өдрөөс хойш авахаар хүлээлгэсэн.

Орон сууцыг захиалагч төлбөрөө бүрэн төлж дуусгасны дараа түүний эзэмшилд шилжүүлэхээр гэрээнд тусгасан. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийн 70 хувийг орон сууцны зээл авч, 2014-11-21 өдөр төлсөн тул түүнээс өмнө орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч улсын комиссын акт гарсны дараа өмчлөгч эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, зээл хөөцөлдөх нөхцөл бүрдсэн.

Иймд манайх алданги төлөх үндэслэлгүй. Барилгын ажлыг хүлээн авах актыг захиалагч үйлдэхээр гэрээнд заасан тул энэ нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг тул манайд хамааралгүй.

Орон сууцны доголдлын талаар: Ванны өрөөний шалны плита хуучин гэж яриад байна. Энэ плита хуучин биш бөгөөд өнгөний зохилдлогоо болгож, шаргал өнгөтэй плитагаар шалыг хийсэн юм. Ванны өнгөлгөө муу гэж байгааг дахиж өнгөлж болно. Цонхны 1 тавцанг чулууг залгаж  хийсэн байна. Үүнийг сольж болно. Угаалгын өрөөний босгоны шавар зурагт унасан харагдаж байна. Энэ эдэлгээнээс болсон байж болно. Үүнийг тэрхэн хэсэгт нь шавардаад будчихад болчихно. Халуун хүйтэн усны тоолуур барилгын зургаараа байгаагүй. Бид батлагдсан зураг төсвөөр барилгыг барьсан. Үүнийг нэмж тавихад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнээр тавихгүй. Бага байх болно. Угаалтуурыг хазгай суулгасан гэсэн байна. Үүнийг силконоор дахин наагаад арилгачихна.Эдгээр байдлыг хэвийн болгоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 658000 төгрөгийн зардал гарахгүй. Доголдол гээд байгааг зөвшөөрөхгүй. Гэвч энэ байдлыг залруулахад доголдлыг арилгахад гарах зардал гэж нэхэмжилсэн хэсгээс 50 хувийг нь манайх төлөхөөр зөвшөөрч болох юм гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч 2013-09-03 өдөр хариуцагчтай орон сууц захиалгын 44/59 тоот гэрээг байгуулан, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 59 айлын орон сууцны 38.6 кв.м талбайтай 44 тоот орон сууцыг бариулахаар захиалж, гэрээний 1.5-д заасны дагуу орон сууцны үнийн 20 хувийг 2013-09-03 өдөр, 10 хувийг 2013-09-25 өдөр, үлдсэн 70 хувийг 2014-11-21 өдөр буюу нийт 65 620 000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргахгүй байна.

Харин гэрээний 2.1.1-д заасны дагуу хариуцагч барилгыг 2014 оны 1-р улиралд багтааж ашиглалтад өгөхөөр гэрээгээр хүлээсэн  үүргээ зөрчсөн, ашиглалтад  хүлээн авсан орон сууц доголдолтой гэж нэхэмжлэгч үзэж, ашиглалтад шилжүүлэхэд  хэтрүүлсэн хугацаанд орон сууцны үнэнд нэхэмжлэгч урьдчилгаанд өөрийн төлсөн 19 686 000 төгрөгөөс 2014-04-01 өдрөөс 2014-09-29 өдрийг хүртэл хугацаанд хоногт 0.05 хувиар тооцож, 1791426 төгрөгийг алдангид гаргуулах, сууцны доголдлыг арилгахад шаардагдах зардал 658000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Зохигчийн байгуулсан орон сууцны захиалгын гэрээ нь гурван талт гэрээ байх бөгөөд гэрээнд гуравдагч талаар Намсрай актив ХХК оролцсон байна.

            Намсрай актив ХХК нь орон сууцыг борлуулахаар худалдан авагчтай гүйцэтгэгчийг холбох, зуучлах зуучлагчийн  үүрэг хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний гуравдагч талтай ямар нэгэн маргаангүй  байна.

Зохигч байгуулсан гэрээгээ “орон сууцны захиалгын гэрээ” буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэж нэрлэсэн байгаа боловч барилгын ажлыг гүйцэтгэгч буюу худалдагч уг барилгыг барих ажлыг 2008 оноос эхэлж, барилгыг барьж дуусах үедээ нэхэмжлэгчтэй 44 тоот орон сууцыг худалдах, худалдан авахаар гэрээг байгуулсан болох нь 3 талт дээрх гэрээний агуулгаар  тогтоогдож байх тул зохигч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг талууд бичгээр байгуулсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зохигч  дээрх гэрээний 6.2-т “Гүйцэтгэгч сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний дагуу төлсөн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний  алдангийг захиалагчид төлөх”-өөр  тохирсон байгаа боловч уг хугацааг нэхэмжлэгч гэрээний 2.1.1-д заасан барилгыг өөртөө хүлээлгэн өгөх хугацаа  гэж үзэж, алдангийн талаар нэхэмжлэлээ энэ хугацаанд үндэслэсэн байна.

Гэрээний 2.1.1 дэх заалтад “Барилгыг 2014 оны 1 дүгээр улиралд багтааж барьж гүйцэтгэнэ. Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах хууль, дүрэм, журмын дагуу Улсын комисс хүлээн авсан сууцыг Захиалагчид шилжүүлнэ” гэж заасан байна.

Хариуцагч барилгыг ашиглалтад өгөх хугацааны талаар нэхэмжлэгчтэй маргаж байгаа  тул гэрээг тайлбарлах шаардлагатай юм.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн байгуулсан гэрээний 2.1.1 дэх  заалтыг үгийн шууд утгаар нь  үзэхэд   зохигчийн тохирсон уг хугацаа нь “ гүйцэтгэгч барилгыг барьж дуусгах хугацаа” болохыг  заасан  байна.

Гүйцэтгэгч барьсан барилгаа 2014-09-29 өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст  2014/560 актаар байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байх бөгөөд ашиглалтад барилгыг хүлээн авсан улсын комиссын  актад уг барилгыг зураг төслөөр нь 2008 оны 06 сараас 2014 оны 06 сарыг 21 өдрийг хүртэл хугацаанд барьж дуусгасан болохыг заасан  байна.

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг  хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх тул “Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах хууль, дүрэм, журмын дагуу Улсын комисс хүлээн авсан сууцыг Захиалагчид шилжүүлнэ” гэж зохигч тохирсон тохиролцоо худалдан авагчид сууцыг шилжүүлэн өгөх болзолт хугацаа байх тул барилгыг барьж дуусгах 2014 оны 1 дүгээр улирал гэсэн хугацааг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхэд  хариуцагч  хүлээсэн  үүргээ биелүүлэх   хугацаа гэж үзэх боломжгүй юм.

Улсын комисс барилгыг хүлээн авсан  2014-09-29 өдрөөс хойш гэрээний 3.2-т заасны дагуу худалдан авагч сууцны үнээс төлөөгүй үлдсэн 70 хувийн төлбөрөө төлж, акт үйлдэн сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авахаар талууд тохирсон байх тул  нэхэмжлэгч 2014-04-01 өдрөөс 2014-09-29 өдрийг хүртэл хугацаанд худалдагчийг  үүргээ гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн шалтгаанаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, гэрээний 6.2-т заасан алдангийг түүнээс гаргуулахаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах үндэслэлгүй байна.

 Худалдан авагч  сууцыг 2014-11-21 өдрөөс хойш  хүлээн авч эзэмшсэн байна.

Нэхэмжлэгч сууцны ванны өрөөний шалыг хуучин плитагаар хийсэн, цонхны тавцангийн чулуу зүйдэлтэй, халуун хүйтэн усны тоолуур суурилуулаагүй, ванны өрөөний хаалганы босгоны шавардлага будаг дутуу хийгдсэн, угаалтуурыг хазгай суурилуулж, цаас хавчуулсан доголдолтой гэж үзэж, эдгээр  доголдлыг арилгах зардалд 658000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Гэрээний дээрх заалтад  худалдан авагч  нь худалдагчтай  акт үйлдэж, сууцыг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авах үүргийг хүлээсэн байх боловч сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авахдаа акт үйлдэх үүргээ худалдан авагч биелүүлээгүй байгаа боловч Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасны дагуу  сууцыг худалдан авагч хүлээн авсан гэж тооцогдоно.

Гэрээнд сууцны чанарын талаар заагаагүй байна.

Гүйцэтгэгч барилгыг батлагдсан зураг төсвийн дагуу барьсан болох нь барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актаар  нотлогдож байна.

Иймд халуун хүйтэн усны тоолуурыг гүйцэтгэгч буюу худалдагч суурилуулах үүрэгтэй нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Ванны өрөөний шалыг хуучин плитагаар хийсэн болон цонхны тавцангийн чулуу зүйдэлтэй, ванны өрөөний үүдний босгоны шавардлага будаг дутуу хийгдсэн, угаалтуурыг хазгай суурилуулж, цаас хавчуулсан зэрэг нь   сууцыг  хүлээн авах үед мэдсэн буюу мэдэх боломжтой,  илрүүлэх боломжтой доголдол  бөгөөд ванны өрөөний шалыг хуучин плитагаар хийсэн тухай нэхэмжлэгчийн тайлбарыг түүний ирүүлсэн фото зураг, Гал мөнхжин ХХК гэсэн бланк дээрх бичвэр нотлохгүй байна.

Гал мөнхжин ХХК-ийн бланк дээрх бичвэр тухайн компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, огноо, дугааргүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй  байна.

Цонхны тавцангийн чулуу зүйдэлтэй, ванны өрөөний хаалганы доод хэсгийг   шавардлага будаг дутуу, угаалтуурыг хазгай суурилуулсан зэрэг  нь сууцыг зориулалтаар нь ашиглах боломжгүйд хүргэсэн доголдол гэж үзэх боломжгүй юм.

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн  251.1, 251.2  дахь хэсэгт  “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий   эд хөрөнгийг  биет байдлын  хувьд доголдолгүй,    гэрээнд  эд хөрөнгийн  чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой  эд хөрөнгийг  биет байдлын доголдолгүй” гэж үзэхээр зохицуулсан тул худалдагчаас худалдан авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн 44 тоотсууцыг биет байддлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд доголдлыг арилгахад шаардагдах зардалд 658000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах хуулийн үндэслэлгүй байна.

Гэвч  хариуцагч ванныг өнгөлөх, угаалтуурыг хазгай суурьлуулсныг тэгшлэх, цонхны тавцанг зүйдэлгүй болгоход  зориулж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлын 50 хувийг төлөхөөр зөвшөөрснийг үндэслэн түүнээс 329000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54150   төгрөгийг  орлогод үлдээж, хариуцагчаас 10520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх  хэсгийг баримтлан хариуцагч Арвинсантех ХХК-иас 329000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2120426 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг   хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60  дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт  заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн   төлсөн   54150   төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 10250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор  зохигч шүүхээс гардаж авах   үүрэгтэй  бөгөөд  шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн дотор зохигч  давж заалдах гомдлыг  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн  шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.                          

.                         

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                             Д.НАРАНЦЭЦЭГ