Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00318

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00531 дугаар шийдвэртэй,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

*******од холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, 31,000,000 төгрөг буцаан гаргуулах, хохиролд 70,200 төгрөг, нийт 31,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк дээр ажиллах хүчин гадаадад гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна гэсэн зар оруулсны дагуу түүнтэй холбогдоход тэрээр ямар ч асуудал байхгүй, саяхан тусгай зөвшөөрлөө сунгуулсан гэж хэлсэн.

******* нь Япон улсад амьдарч байгаагаа түшиглэн үйл ажиллагааг нь эрхлэн явуулахаар, ******* нь хөрөнгө оруулалтыг хийхээр тохирсон.

1.2. ******* нь Япон улсаас *******т итгэмжлэл явуулсны дагуу ******* нь компани болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. ******* компанийн эрхийг шилжүүлэн авч эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн.

1.3. Үүнээс хойш дэлхий нийтээр Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоогдож үйл ажиллагаа явуулах боломжгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргахад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүйгээс гадна тусгай зөвшөөрлийг бусдад шилжих боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн. Учир нь ******* гадаадад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх боломжгүй тухай хатуу гэрээг яамтай байгуулсныг мэдсэн.

1.4. Гэтэл ******* энэхүү хатуу гэрээний талаар мэдэгдээгүй, ажиллах хүч гадаадад гаргадаг тусгай зөвшөөрөлтэй компанийг бусдад худалдах, шилжүүлэх эрхгүй атлаа бусдад шилжүүлж биднийг хохироосон тул 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 31,000,000 төгрөг, *******ыг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад зарцуулсан 70,200 төгрөг, нийт 31,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзалын агуулга:

2.1. 2020 оны 6 дугаар сард гадаадад ажиллах хүчин гаргах тусгай зөвшөөрөлтэй компаниа зарна гэж зар оруулсны дагуу ******* холбогдож танай компанийг худалдаж авъя, би Япон улсад амьдардаг учраас танай компанийг цааш нь үргэлжлүүлээд аваад явах боломжтой гэсэн учир түүнд худалдахаар болсон.

2.2. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр *******тэй компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн нотариатчаар гэрчлүүлсэн. Тухайн тусгай зөвшөөрлийг авахын тулд хоёроос доошгүй гадаад компанитай гэрээ хийх ёстой байсан. Би 4 компанитай гэрээ хийсэн бөгөөд уг 4 гэрээг, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хийсэн гэрээг өгсөн.

2.3. Худалдан авах гэрээ байгуулснаас хойш 4 өдрийн дараа компанийн гүйцэтгэх удирдлагыг сольж, *******ыг томилсон. Тусгай зөвшөөрөл сунгахдаа улирал болгон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд тайлангаа өгөх ёстой. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ******* томилогдсоноосоо хойш нэг ч удаа тайлан өгөөгүй. Тусгай зөвшөөрлийг сунгуулахаас өмнө 45 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтээ өгөх ёстой. Гэтэл ******* сунгуулах хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарны 20-ны өдөр хавьцаа өгсөн байна.

2.4. Гэнэт компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гэж байгаа талаар надад хандсан боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэг ч удаа тайлан өгөөгүй учраас тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй талаар хариу өгсөн. Иймд би ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ын оос 31,070,200 /гучин нэгэн далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ийн , ******* овогт *******ийн нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,301 /гурван зуун арван гурван мянга гурван зуун нэгэн/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 313,301 /гурван зуун арван гурван мянга гурван зуун нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6/2257 дугаар албан бичигт үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тус 6/2257 дугаар албан бичигт дурдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгосон. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй" гэж заасан.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3 дахь хэсэгт *******ыг эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөл эзэмшигч нь шилжүүлэх эрхийг хуулиар тогтоон хуульчилж өгсөн. Хариуцагч нь энэ эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниа нэхэмжлэгч нарт худалдсан. Үүнээс биш ганц тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй болно.

4.3. Хариуцагч нь "*******" ХХК-иар Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусай зөвшөөрлийг авч 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан. Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 жилийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарт компаниа худалдсан.

4.4. Нэхэмжлэгч нар нь компанийн эрх шилжүүлэн авснаас 1 жилийн хугацаанд ямарваа нэгэн тайлан тооцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргаж байгаагүй болох нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 6/2257 дугаар хариу албан бичигт тусгагдсан "гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, улирал бүрийн тайлангаа ирүүлээгүй ..." -т дурдсанаар нотлогдож байна.

4.5. Компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж талууд харилцан гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээ дуусгавар болсон. Худалдан авагч этгээд нь тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авч буйгаа ойлгож байсан. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 "Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна" дэх хэсэгт зааснаар гэрээний нэрийг харахад талууд тусгай зөвшөөрөлтэй компаниа худалдаж байгаа болох нь ойлгомжтой байна.

4.6. Компани болон тусгай зөвшөөрлийг худалдах борлуулах эрх нь Компанийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжуудаар хуульчлагдаж зөвшөөрөгдсөн. Гэрээ байгуулагдсанаар тайлан тооцоогоо гаргах, компанийн удирдлага солигдсонтой холбоотой бичиг баримт бүрдүүлэх ажил нь компани худалдан авсан худалдан авагч нарын үүрэг болно. Гэтэл шүүхээс хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудыг гаргасан тайлбар, шаардлага, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/2257 дугаартай албан бичигт *******той байгуулсан гэрээний зохицуулалтыг дурдаж, бусдад худалдах боломжгүй тусгай зөвшөөрлийн агуулгыг илэрхийлсэн.

5.2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/153 дугаартай гэрээг нотлох баримтаар зөв үнэлсэн. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.4.2-т зааснаар хариуцагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, бичиг баримт, санхүүгийн балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргах үүргээ зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******од холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, *******ыг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч энэ талаар маргаагүй. Үүнд

3.1. ******* болон ******* нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* нь ******* ХХК-ийн хувьцааг *******д худалдах, мөн өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ******* нь ******* ХХК-ийн эрх, үүргийг, гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл болон /2019/81/08 Мэхгэлийн Сургалтын байгууллагын гэрчилгээг *******д шилжүүлэхээр тохиролцсон.

3.2. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр *******ийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь тоот данснаас *******ын эзэмшлийн, Хаан банк ХК дахь тоот данс руу 31,000,000 төгрөгийг компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний төлбөрт шилжүүлсэн.

3.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-д олгосон 2019/81/108 дугаартай Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан.

3.4. *******ыг Япон Улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч *******ээс 31,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/408 дугаар магадлалаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

 

4. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

5. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1-д зааснаар ******* нь ******* ХХК-ийн эрх, үүргийг, гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл болон /2019/81/08 Мэхгэлийн Сургалтын байгууллагын гэрчилгээг *******д шилжүүлэхээр тохиролцож, дээрхи зөвшөөрлүүдийг шилжүүлсэн боловч тэрээр 2020 оны 6 дугаар сарын 03-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах гэрээ-г нэхэмжлэгч талд өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи заалтуудыг хэрэглэх тул худалдагч ******* нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдаж буй эрхтэй холбоотой баримт бичиг болох Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах гэрээ-г шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэнэ.

Түүнээс гадна Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах гэрээ-ний 3.14-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч, удирдлага, гүйцэтгэх захирал, менежер зэрэг гол мэргэжилтнууд ажлаас чөлөөлөгдөх, суурин утас, и-мэйл хаяг, шуудангийн хаяг өөрчлөгдвөл энэ тухайгаа тусгай зөвшөөрөл олгогчид ажлын 3 хоногт багтаан мэдэгдэх үүрэгтэй боловч компанийн эрх шилжүүлж авсан ******* уг гэрээ талаар мэдээгүй тохиолдолд уг үүргийг түүнд хүлээлгэхгүй юм. Харин уг гэрээг байгуулсан ******* ХХК-ийн захирал ******* нь гэрээний 3.14-т заасан үүргийг биелүүлээгүйгээс тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас *******тай харилцах боломжгүй байжээ. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэрээний 3.13-т заасан улирал бүрийн болон жилийн тайланг өгөөгүй талаар сануулах боломжгүй байсан болон уг гэрээний талаар мэдээгүй *******ыг гэрээний үүрэг зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

 

6. Иймд гэрээний үүргийн зөрчил болох улирал бүрийн болон жилийн тайлан гаргаагүйтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас сунгаагүй асуудалд *******ыг буруутгах боломжгүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох дагалдах баримт бичигт хамаарах Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах гэрээ-г шилжүүлэх ******* үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн нь зөв бөгөөд тэрээр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

31,000,000 төгрөгийг *******ээс *******од шилжүүлсэн нь тэдгээрийн хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхгүй юм.

Харин Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны үнийг төлөх үүргийг заавал биечлэн гүйцэтгэх үүрэгт хамааруулахгүй тул ******* нь уг үүргийг гуравдагч этгээд болох *******ээр гүйцэтгүүлэх боломжтойг үндэслэн Н.оос гаргуулах 31,000,000 төгрөгийг *******д олгох юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар харилцан буцаах үүргийн хүрээнд *******аас ******* ХХК-ийн хувьцааг *******од буцаан шилжүүлээгүй байх тул энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

8. *******ыг эрэн сурвалжлуулахтай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцож гаргуулна. Анхан шатны шүүх хохирол гаргуулж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулав.

9. Түүнээс гадна ******* нь компанийн хувьцаа худалдах худалдан авах хүсэл зориг илэрхийлээгүй, холбогдох гэрээ байгуулаагүй тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэх учиртай. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00531 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос 31,070,200 төгрөг гаргуулж *******д олгож, ******* ХХК-ийн хувьцааг *******ын бүртгэлээс хасч *******ын нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, *******од холбогдох *******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад хариуцагчаас 313,301 /гурван зуун арван гурван мянга гурван зуун нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 313,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА