Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 626

 

                                       Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж, 5/1, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, 5290082 регистртэй, Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 3-01 тоотод байрлалтай, регистрийн 2553562 дугаартай, улсын бүртгэлийн 151001091 дугаартай, “Арвижих Увс” ХХК-д холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, алданги, бусад зардал нийт 87.622.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Монгол мал” хөтөлбөрийн 3.5.1 дэх зорилт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/191 дугаар тушаалыг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ТЭТ2011/09 тоот зээлийн гэрээг байгуулан, Увс аймаг, Сагил сумын Улаан хотгорт байрлах услалтын системын 600 га цогцолбор 719 га гарзрын хамт /Ү-1512000011/ газрын дугаар /0050501/ /0175162/ увс аймаг, Улаангом сум 6 дугаар баг, хуучин спиртын үйлдвэрт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай 12.606 м.кв объект 12.606 м.кв газрын хамт /Ү-1520000113/газрын дугаар /000108271/ барьцаалж нийт 100.000.000 төгрөгийг 72 сарын хугацаатай хүүгүй зээл авсан. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж “Арвижих Увс” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 58.400.000 төгрөг болон алданги 29.200.000 төгрөг, нотариатын төлбөр 22.000 төгрөг, нийт 87.622.000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хагуулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “ХХААХҮ-ийн сайдын /хуучин нэрээр/ 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/92 тоот тушаалаар 2011 онд “Аймагт түүхий эд бэлтгэлийн төвд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх” зорилгоор нэг зуун сая төгрөгийн зээлийг 72 сарын хугацаатай хүүгүйгээр авсан ба энэ зээлээр 150.000.000 төгрөгийн өртөг бүхий 15х6 харьцаатай 2 давхар контор, цайны газрын барилга барьж бүрэн ашиглалтанд оруулсан. 9х6 харьцаатай 18 агуулахын барилгын суурь хийж нийт 200.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Цаашдаа энэ ажлыг үргэжлүүлэн хийх гэсэн боловч 2012 оноос 2016 онд аймгийн төвөөс зайдуу түүхий эд бэлтгэлийн газар байгуулах санаачлага шахалтыг төр захиргааны байгууллагаас үзүүлээгүйгээс аймгийн төвд малаа зарж түүхий эдээ бэлтгэсээр байна. Хэрвээ мал, түүхий эдийн зах тэнд төвлөрч бид барьсан байгууламжаа түрээслэх, худалдах хэлбэрээр ашигласан бол зээлийн эргэн төлөлтийг цаг тухайд нь төлөх бүрэн боломж байсан. Гэвч бид өөрийн боломжоор зээлийг төлж явсан боловч эдийн засгийн хямрал болж хөрөнгө оруулалт багассанаас 2015 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй нь үнэн болно. Аж үйлдвэрийн яамны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гэрээг цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 58.400.000 төгрөг, алданги 29.200.000 төгрөг нэхэмжилсний алдангийг төлөх санхүүгийн ямар ч боломжгүй байгаа ба үндсэн зээлийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 11 сарын төлбөр 22.880.000 /11х2.080.000/ төгөргийг төлөөд үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 23-ний өдөр төлсөөр гэрээний хугацаа дуустал /2017.12.23/ төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, хариуцагч “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар нар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь “Арвижих Увс” ХХК-иас 87.622.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлийн үлдэгдэл болох 58.400.000 төгрөг төлөхөөр, үүнээс 28.120.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр энэхүү гэрээг байгуулав. Хэрэв эхний төлөлтийг дутуу төлөх буюу төлөөгүй тохиолдолд үлдэгдэл мөнгөн дүнг бөөнд нь төлөхөөр тохиролцов” гэжээ.

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “Арвижих Увс” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, алданги, бусад зардал нийт 87.622.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /хуучнаар Аж үйлдвэрийн яам/ нь чиглэлийн яам байхаар хуульчилжээ.   

      Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хариуцагч “Арвижих Увс” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 58.400.000 төгрөг төлөхөөр, үүнээс 28.120.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч “Арвижих Увс” ХХК төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 29.222.000 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, хариуцагч “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1590 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 87.622.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 596.060 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 58.400.000 төгрөгт ногдох улсын тэмдэгт хураамж 449.950 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож хариуцагч “Арвижих Увс” ХХК-иас 224.975 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хариуцагч “Арвижих Увс” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь нэхэмжлэлийн шаардлага болох 87.622.000 төгрөгөөс 29.222.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, үндсэн зээлийн үлдэгдэл болох 58.400.000 төгрөгийг хариуцагч “Арвижих Увс” ХХК төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1590 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч “Арвижих Увс” ХХК-иас 224.975 төгрөг гаргуулан Төрийн сан /150000941 тоот данс/-д оруулсугай. 

        4. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                П.БОЛОР