Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 547

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Урнаа, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харбүргэд овогтой Баакаагийн Б.Бт холбогдох 1911010670658 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шавь цогцолборын 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 4 эмээ, ээж дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 71/а байрны 141 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Харбүргэд овогтой Баакаагийн Б.Б /РД- УЛ02220114/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ өсвөр насны яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Монтел” худалдааны төвийн 33 дугаар лангуунаас хохирогч Н.Нямбаярын худалдаж байсан “Ай фоне-6” загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утас худалдааны төвийн 33, 34 дүгээр лангууг түрээслэн ажиллуулдаг. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим лангуунаасаа Айфоне 6 маркийн хар цагаан өнгийн 2 ширхэг гар утас хулгайд алдагдсан. Тэр өдрийн 14 цагийн орчимд хар өнгийн нимгэн куртиктэй шаргал өнгийн пүүзтэй, хар хөх өнгийн женсин өмдтэй халимаг үстэй цайвардуу царайтай 20-25 орчим насны эрэгтэй хүн ирээд ай фоне-6 маркийн хар цагаан өнгийн гар утаснаас үзэж байгаад аль нэгийг нь авна гээд 1 цаг орчим болсон. Би тухайн үед ойрхон гарахаар явсан ба манай эхнэр Мөнхтуул лангуун дээрээ үлдсэн. 15 минутын дараа манай эхнэр над руу залгаад нөгөө айфоне 6 маркийн гар утас үзэж байсан залуу 2 утас хулгайлаад аваад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16х/,

Шинжээчийн 06/275 дугаартай "...шинжилгээнд 5 дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 3, 4 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилион санд MN0001124911 дугаараар бүртгэгдсэн Баакаа овогтой Б.Бын зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна..." дүгнэлт /хх-ийн 32-33х/

Эд зүйлийн үнэлгээ "...Ай фоне 6 загварын гар утас 800.000 төгрөг.." /хх-ийн 40х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Быг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь учруулсан хохирол болох нийт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хувийн байдал, ар гэрийнх нь байдал зэргийг нь харгалзан цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэн түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.