| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06551/И |
| Дугаар | 4974 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 4974
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46-4 байр, 71 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УШ94022450, Сүх овогт Отгонбаярын Тамирын,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 97-р байр, 64 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТВ77091817, Бэйс өргөө ХХК-ийн захирал Хөх чоно овогт Оюунтуяагийн Болдбаатарт холбогдох,
гэм хорын төлбөр, хүүд 1 138 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 11 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 18 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Тамир хариуцагч О.Болдбаатараас гэм хорын төлбөрт 1 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүд 138 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтүвшин нэхэмжлэлдээ: 2015 оны 10 сарын 03 өдөр 12 цагийн орчимд О.Тамирыг Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Идэр дээд сургуулийн өргөтгөлийн барилгын хажуугийн замаар явж байхад барилгын 5 давхраас төмөр унаж, биед нь гэмтэл учруулсан учраас Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
2015 оны 11 сарын 14 өдөр Бэйс өргөө ХХК-ийн захирал О.Болдбаатартай эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай хэлцэл хийсан боловч үлдэгдэл 1 000 000 төгрөгийг шалтаг хэлсээр төлөөгүй өдий хүрсэн.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн төлөгдөөгүй үлдсэн гэм хорын төлбөр 1 000 000 төгрөг, уг төлбөрийг 2015 оны 11 сарын 30 өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан ч заасан хугацаандаа төлөөгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа төлөөгүй 9 сарын хүүг 13.8 хувиар тооцож, 138 000 төгрөгийн хүү болж байна.
Иймд О.Болдбаатараас 1 138 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч 2016 оны 03 сарын 18 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч О.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг 2016-10-01 өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч О.Тамир нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүд 138 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэм хорын төлбөр, хугацаа хэтрүүлсний хүүд 1 138 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас хүүд 138 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ нэхэмжлэгч О.Тамир татгалзаж, 2015-11-14 өдөр байгуулсан хэлцлээр хүлээсэн үүргээс биелүүлээгүй хэсэг болох гэм хорын төлбөр 1 000 000 төгрөгийг хариуцагч О.Болдбаатар 2016-10-01 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 31862 төгрөгөөс төлбөл зохих 41638 төгрөгийн 50 хувь болох 20819 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 41919 төгрөгийг, хариуцагчаас 20819 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эрүүл мэндэд учирсан хохирол арилгах тухай 2015-11-14 өдөр зохигчийн байгуулсан хэлцлээс биелүүлээгүй хэсэг болох 1 000 000 төгрөг, энэ үүргийг биелүүлэх хугацааг хэтрүүлсний хүүд 138 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас хүүд 138 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс нэхэмжлэгч О.Тамир татгалзаж, 1 000 000 төгрөгийг хариуцагч О.Болдбаатар 2016-10-01 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 31 862 төгрөгөөс 15931 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15931 төгрөгийг, хариуцагчаас 15931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ