Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 20

 

И.А-, Б.Л- нар холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг, М.Үүрийнтуяа, шүүгдэгч нарын болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, иргэний хариуцагч Б.Туул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр магадлалтай, И.А-, Б.Л- нарт холбогдох 2203000250146 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний туслах машинист мэргэжилтэй, ам бүл 4, *** оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Ш овогт Б-н Л- /**/;

2. Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, ам бүл 4, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Б овогт И-н А-, /**/.

Б.Л-, И.А- нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн ** дүгээр километрийн ** дугаар зуутын ** дугаар зам дээр ** дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.В “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7 ё “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.М-ыг дайрч түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч И.А-, Б.Л- нарыг төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-, Б.Л- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.А-, Б.Л- нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 25,000,000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, магадлалыг эс зөвшөөрч байна.

Үүнд, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Л-, И.А- нар нь ** дугаартай галт тэргэнд туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ ...Төмөр замын техник ашиглалтын дүрмийг /14.3.7.в,14.3.7.ё/ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгүүдээр тогтоогдсон, дээрх дүрмийн заалтыг ТЭМ2-1221 дугаартай галт тэрэгний машинист, туслах машинист нар биелүүлээгүй нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж прокурор дүгнэсэн.

Шинжээч Б.Итгэлийн гаргасан дүгнэлтээр талийгаачийн зөрчсөн гэх Улаанбаатар төмөр замын даргын баталсан 2009 оны 10 дугаартай "Төмөр замын аюултай бүсийн дэглэм батлах тухай” тушаал нь Зам, тээвэр хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр баталсан А/146 дугаартай “Аюултай бүсийн тухай” сайдын тушаалаар хүчингүй болсон байх хэдий ч дээрх тушаалын 3.2-т “Аюултай бүсэд болон зорчигчийн тавцан, буух суух газарт дараах үйлдэл, үйл ажиллагааг хориглоно. 3.2.4-т “Төмөр замын торон хашаан дотор иргэн зорчих, зориулалтын гарц гарамгүй хэсгээр гарах, явах; 3.2.10-т Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх”-ыг хориглосон байдаг. Энэ хэм хэмжээний актыг талийгаач зөрчсөн хэдий ч энэ осол гарах болсон үндсэн шалтгаан биш юм.

Прокурор шүүгдэгч Б.Л-, И.А- нарыг 2009 оны 10 дугаартай “Төмөр замын аюултай бүсийн дэглэм батлах тухай” тушаалыг зөрчсөн гэж буруутгаагүй тул энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүрээ хязгаарыг тогтоосон бөгөөд тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 1.1. гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх; 1.2. анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох; 1.4. хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасан атал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн учир магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн.

Шүүгдэгч Б.Л-, И.А- нарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед хуульд заасан үндэслэл бий болбол хэргийг прокурорт буцаах” тухай, мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “прокурорын санаачилгаар хэргийг прокурорт буцаах” заалт байна.

Дээрх хуулийн заалт болон хуулийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хуулийн зохицуулалтгүй боловч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “хэргийг зөвхөн шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж үзэхээр байх тул хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь хуульд нийцсэн гэж үзэв” гэж дүгнэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.9 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 9-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оролцсон. Тухайн хэргийн материалтай танилцахад энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь буруу. Өөрөөр хэлбэл тус зүйл анги нь аюултай бүсэд дэглэм сахиулах этгээд нь гэмт хэргийн субъект нь байх ёстой. Гэтэл шүүгдэгч нар нь буюу туслах машинист, машинист хоёр энэ хэргийн субъект нь биш.

Хэргийн субъектийг буруу тогтоосноос гадна шинжээч нь хүчингүй болсон 2009 оны журмыг баримтлан дүгнэлт гаргасан байхад мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд засаагүй. Зүтгүүр бол бидний яриагаар хар хайрцаг бөгөөд бүхээг доторх орчин, гадаах орчны бичлэгийг давхар хийдэг камер, тухайн аюултай бүсийн зурвас газрыг хянадаг гурав, дөрвөн камерын бичлэг буюу нэг хар хайрцагны бичлэг, гурван видео бичлэгийн цагийн зөрүүг гаргаагүй.

Ямар ч гэрлийн өөдөөс тод тусгалтай ийм нэг гэрлийн тусгалын доод талд согтуу хүн 17 минут орчим хэвтэж байхад хөдөлгөөн эхэлсэн зүтгүүр дарангуйлах гэрлийн доод хэсэг, харагдахгүй орчинд дөхөж ирснийг хараад яаралтай тоормос хийсэн ба ердийн яриагаар 15 арааг шууд мултлах 0 дээр тавих, галт тэрэгний үндсэн тоормосыг буцааж ухрах араа дээр хүчээр хийх зэрэг зогсох бүх боломжтой арга хэмжээг 0.4 секунд орчим хийсэн байхад туслах машинист, машинистыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.

Өөрөөр хэлбэл 1.5 секундэд хийх ёстой үйлдлийг 0.4 секундэд хийсэн энэ үйлдлийг тогтоогоогүй атлаа шинжээч зам дээр саад тохиолдвол яаралтай тоормос хийнэ, тоормосны замаас илүүгүй хэтэрсэн зайд зогссон байхыг шаардана гэсэн. Гэтэл тоормосны зам хэтэрсэн байна гэсэн дүгнэлт гаргаагүй байхад туслах машинист, машинистыг гэм буруутай гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан.

Хоёр шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар цагаатгуулах байр суурьтай оролцсон. Давж заалдах шатны шүүх энэ хэргийн цаад талд журам сахиулах этгээд нь хэн юм бэ гэдгийг огт тогтоохгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна гэж дүгнэсэн. Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “аюултай бүсийн дэглэмийг тухайн орны төмөр замын байгууллага болон Засаг дарга сахиулна” гэж заасан.

Төмөр замын цагдаагийн газар аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүргийг хүлээдэг. Тухайн этгээд /5.4 бүхэл гүн согтолттой/ 17 минут аюултай бүс буюу зам дээр унтсан байхад аюултай бүсийн дэглэмийг сахиулах этгээдүүд эрх зүйн туслалцаа үзүүлэх, хамгаалах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ослын гол шалтгаан нь аюултай бүсийн гармаар нэвтэрсэн боловч замыг хөндлөн дагаж явж байгаад гүн согтолттой этгээд зам дээр тасарч унаад хэвтсэн байгаа үйл баримт. Тэрнээс биш туслах машинист, машинистаас ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй байхад эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх хүн хэлмэгдүүлэх үйлдлийг таслан зогсоох гэж хэргийг буцааж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн мөрдөгдөж эхэлснээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2, 27.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг анх удаа гарч байгаа учраас хэргийг ахиж хэлэлцүүлж мөрдөн байцаалтын явцад засаад, тус гэмт хэргийн субъект хэн байх юм бэ гэдэг жишгийг зөв тогтоох ёстой гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа “Прокурор эсэргүүцлийг дэмжээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох байр суурийг илэрхийлсэн гэж ойлголоо. Хэрэв шийтгэх тогтоол, магадлал хүчингүй болсон тохиолдолд шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл гарч ирж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдохгүй байх тул шүүгдэгч нарыг цагаатгах байр сууринаас оролцож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн гол шинж нь “хөдөлгөөний болон ашиглалтын аюулгүй байдлын тухай журмыг сахиулах, хангуулах үүрэг бүхий хүн...” гэсэн. Шүүгдэгч нарын ажлын байрны тодорхойлолтод аюулгүй байдлыг сахиулах, хангуулах үүргийг хүлээнэ гэсэн заалт байхгүй.

Гэмт хэргийн субъект мөн эсэхийг анхаарч үзнэ үү. Шүүх, прокурор хавтаст хэргийн 186 дугаар талд авагдсан шинжээч Х.Итгэлтийн дүгнэлтийг үндэслэл болгодог. Шүүгдэгч нарыг энэ дүрмийн хоёр заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа бол мөн 4 дэх заалтыг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл хохирогчийн тухай асуудлыг хөндөж тавьсан ба дүрмийн 3 заалтыг зөрчсөн буруутай гэж дүгнэлтэд дурдсан.

Прокурор, шүүх энэ заалтыг үндэслэл болгохгүй, орхигдуулж буй талаараа тодорхой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь дүрмийн хоёр заалтыг зөрчсөн гэж байгаа боловч хэрэгт авагдсан бусад баримтаар няцаагддаг. Учир нь 17 км/цаг хурдтай явна, үүнээс хэдий хэмжээгээр хэтэрсэн юм бэ гэдгийг нь нотолж чадаагүй. Тэгэхээр прокурорын яллаж байгаа үйлдэл нь үндэслэлгүй болж байгаа юм. Хүний сэтгэл эмзэглэж магадгүй, гэхдээ хохирогч тухайн үед маш хүнд согтолттой, зам дээр нилээд цаг хугацааг зарцуулсан бөгөөд энэ хугацаанд талийгаачийг амьд байсан гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ, үүнийг анхаарч үзнэ үү.

Давж заалдах шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шалгаад үйлдэл холбогдол нь тогтоогдохгүй бол миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдал дээрдэнэ гэсэн байр суурьтай байгаа” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Үүрийнтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгахдаа Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.В, 14.3.7.Ё-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Ингэхдээ саад гэнэт тохиолдсон үед яаралтай тоормосыг татаж, зогсоох арга хэмжээг авах ёстой байсан бөгөөд энэ заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэж анхан шатны шүүх үзсэн байдаг. Гэтэл шүүгдэгч нар нь зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддоггүй.

Дотор камерын бичлэгээс харахад И.А- нь хянах самбарыг хараад хурдыг хянаад явж байсан, Б.Л- нь эд ангийг шалгаад цонхоор хараад явж байсан бичлэг авагдсан. Энэ нөхцөл байдлыг авч үзэхэд шүүгдэгч нарыг сонор сэрэмжээ алдсан гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгдэгч нар нь талийгаачийг харсан даруйдаа яаралтай зогсоох бүхий л арга хэмжээг авсан нь хяналтын камерын бичлэгээр тодорхой харагддаг. Иймд өмгөөлөгчийн хувьд анхнаасаа шүүгдэгч нарыг цагаатгуулах байр суурьтай оролцож байсан.

Дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогддоггүй. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хүчингүй болсон дүрэм, журмыг үндэслэж дүгнэлт гаргасан байна гэдэг асуудлыг хөндөж тавьсан байдаг. Миний хувьд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан үзэж байна” гэв.

Иргэний хариуцагч Б.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлж, хэргийг эхнээс нь шалгах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нарын зүгээс гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас эхлээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний ар гэрт үнэхээр хүндэтгэлгүй байдлаар ханддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөдөлгөөн ба ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой. Тэгэхээр ашиглалтыг нь хариуцаад явж байсан элчит галт тэрэгний туслах машинист, машинист нарын асуудлыг яллах дүгнэлтээр ярьж байгаа юм.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй асуудлаар дүгнэлт хийсэн харагдаад байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан, камерын бичлэгийг хянах ёстой, аюулгүй бүсэд хүн оруулахгүй байх ёстой этгээдүүдийн үйлдэл тусдаа байж байгаа. Гал тэрэгний ашиглалттай холбоотой туслах машинист, машинистын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, энэ хүмүүсийг цагаатгах байр суурь яригдаад байна, бид нар үүнийг буруу л гэж хэлж байгаа юм. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “...анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7, 7.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна” гэдэг агуулгаар гаргасан.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байхад шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулаагүй буюу гэм бурууд нь тохирсон шийтгэл оногдуулаагүй. Хүний алтан амь нас хохирсон үйл явдлыг харгалзахгүй байгаа. Элчит тэрэгний жолооч нь тодорхой эрхтэй этгээд бөгөөд эрх хасах шийтгэлийг тусгай ангид нь заагаагүй учраас хасах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нөхцөл байдлыг харгалзан эрх хасах шийтгэлийг оногдуулж болохоор заасан. Элчит тэрэгний доторх камерын бичлэг, элчит тэрэгний дээрээс замыг харж байгаа камерын бичлэг хоёрын цаг яг таардаг. 21 цаг 33 минут 44 секундэд элчит тэрэгний хоёр жолооч хүнээ гэнэт хараад зогсоох арга хэмжээ аваад 49, 50, 51 гээд хохирогч дээгүүр гараад зогссон. Тэгэхээр илтэд болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй. Яагаад хоёр хүн элчит тэргэнд яваад байгаа гэдэг учир шалтгаан бий. Тухайлбал замаа харах, нэгнийгээ хянах асуудал байж байгаа. Зүтгүүрийн толгой байсан учир зогсох боломж үнэхээр байсан.

2020 оны А/154 тоот Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалыг дурдаж шинжээч дүгнэлтээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх шинжээч хүчингүй болсон тушаалыг дурдаж дүгнэлтээ гаргасан байна гэж дүгнэснийг ойлгоогүй. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалыг үндэслэж шүүгдэгч нарын үйлдлийг буруутгасан. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж, гэм буруугийн асуудлыг дахин шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж харж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- хэлсэн саналдаа “Миний нөхөр Сүхбаатар депод 17 жил ажиллаж, хөдөлмөрлөж ар амьдралаа авч явж, өмнөө тавьсан зорилготой, хүсэл мөрөөдөлтэй амьдарч байсан ба дөнгөж 35 настай залуухан байсан. Шүүгдэгч нарын хайнга, сонор сэрэмжгүй, илт буруутай үйлдлээс болж миний хань амь насаа маш аймшигтайгаар алдсан.

Эдгээр хүмүүс нь замаа хараад, ажилдаа хариуцлагатай хандсан бол миний нөхөр амьд үлдэх бүрэн боломжтой байсан. Миний нөхөр хүйтэн шороонд булагдсан байхад амь насанд нь хүрсэн хоёр хүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, толгойг нь илээд явуулсан. Миний хувьд маш их гомдолтой байгаа. Аавын хайраар дутаж өсөж байгаа өнчин үлдсэн хүүхэд, үрээ алдсан эцэг, эх, ханиа алдсан бидний том гарз хохирол юугаар ч нөхөгдөхгүй. Осол гаргасан сэлгээний вагон бол тэр дороо зогсох бүрэн боломжтой. Учир нь 3 секундийн өмнө хараад зогссон гэдгээс батлагдаж байгаа байх гэж бодож байна.

Төмөр замын аюултай бүс гэж хаалга, хаалт хийсэн зүйл байхгүй, төмөр замын ажилчид болон бусад хүмүүс чөлөөтэй явдаг байсан. Согтуу байсан юм чинь дайрч болно гэсэн хууль хаана ч байхгүй учир осол гарах үндсэн шалтгаан биш гэж хэлмээр байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч И.А-, Б.Л- нарт холбогдох хэргийг прокурор Б.Чинзоригийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Прокуророос Б.Л-, И.А- нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн зам дээр ** дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3.7.в болон 14.3.7.ё  заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.М-ыг дайрч, түүний амь насыг хохироосон гэм буруутай гэж дүгнэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд нотлох баримтууд нь хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байх шаардлагыг хангаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

4. Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй, мөн “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн талаарх хүчингүй болсон зохицуулалтыг /сайдын тушаал/ үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх тус дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

5. Хавтаст хэргийн материалыг хянаж үзэхэд төмөр замын бүс нь “аюултай бүс”-д хамаарах бөгөөд аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүрэг бүхий субъект нь хэн болох, илчит тэрэгний машинист И.А-, туслах машинист Б.Л- нарыг гэм буруутайд тооцохдоо анхаарал, сонор сэрэмжээ хэрхэн яаж алдагдуулсан, камерын бичлэгт авагдсан дүрс бичлэгт тусгагдсанаас өөрөөр хэрхэн яаж техникийг яаралтай зогсоох арга хэмжээг авах ёстой байсан, мөн энэхүү осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаж бодитой тогтоох зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байна.

6. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг болно.

7. Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

8. Харин давж заалдах шатны шүүх уг хэргийн бүрдэл, зарим нотлох баримтын хууль ёсны байдлын талаар зөв дүгнэсэн хэдий ч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан харилцааны шинж чанарыг явцуу агуулгаар тайлбарлан, тус шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх хэмжээ олгогдсоны дагуу хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                            Б.ЦОГТ                                  

                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН