Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 341

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Я ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Я ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох, *** аймгийн *** сумын нутагт орших 29.37 га талбайг А Э И ХХК-д олгосон хайгуулын XV******* дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг Ө  ХХК-д олгосон хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Манай компани 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *** аймгийн *** сумын нутагт орших төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарах талбайгаас 345 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг *** аймгийн Засаг даргад гаргасан. *** аймгийн Засаг даргаас манай компанийн өргөдлийг шалгаад татгалзаж шийдвэрлэсэн тухай хариуг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1209 дугаар албан бичгээр өгсөнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай компанийн хүссэн талбайд шүүлт хийж, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичгээр Өргөдөлд дурдсан талбай нь Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдсийн хуримтлалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна.

Манай компаниас ашиглахыг хүссэн солбилцол бүхий газрыг Уул уурхайн Сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар тушаал болон Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар ямар нэг нөөц тогтоогоогүй, эрсдлийн хуримтлалгүй гэж үзсэн. Ийнхүү нөөц тогтоогоогүй, эрсдлийн хуримтлалгүй нөөцгүй гэж үзсэнийг Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтын 27575-27643 дугаар мөрөнд орших 474 дүгээр тогтоолоос харж болно. Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өргөдлийг шалгаж дүгнэлт гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “... энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх ... ” гэж заасан нөхцлийн аль аль нь бий болоогүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байх тул манай компанийн гаргасан өргөдлийн бүртгэлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д зааснаар сэргээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Я ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн талбай болох *** аймгийн *** сумын нутагт орших 345 га талбайгаас 330.19 га талбайд О ХХК-д 300.82 га талбай, А Э И ХХК-д 29.37 га талбайг ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна. О ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ө  ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16/04 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох хайгуулын тайлан материал худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргахдаа “урд талбай нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи судалгааны ажлын явцаар тогтоогдсон эрдсийн хуримтлалтай 

талбай учир уг талбайг олгох боломжгүй” гэсэн дүгнэлт өгсөн байдаг. Бид эрдсийн хуримтлалтай талбай биш, ашигт малтмалын газрын өгсөн дүгнэлтэд тусгасан Ашигт малтмалын тухай хуулийн 19.12 дугаар заалт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд хамаарахгүй юм. Уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй” гэж заасан. Хуульд байхгүй зүйл заалтыг барин дүгнэлт гаргасан байдаг. Тухайн талбайд эрдсийн хуримтлал байсан эсэх талаар тайлбарлая. Бидний хүссэн талбай бол төрөөс тогтоосон өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авч болох талбай байсан. Ашигт малтмалын тухай хуулийн сайтад байдаг. Өргөдөл гаргах хүрээнд нь бид өргөдлөө гаргасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл авах тусгай танилцуулгад өргөдлийн журмаар олгох талбай гэдэгт “талбайг бүхэлд нь болон хэсэгчлэн буцаасан, тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд нь бүрэн төлөөгүй, тусгай зөвшөөрлөөр олгогдож байгаа хэтийн төлөвлөгөөгүй, эрдсийн хуримтлал тогтоогдоогүй талбай” гэж тусгасан байдаг. Улмаар бүх талбайг ангилан өргөдлийн журмаар олгоно секунд, дойлын нарийвчлалтайгаар тогтоож өгсөн байдаг. Ямар нэг байдлаар эрдсийн хуримтлалгүй гэж тогтоогдсон.

Хариуцагч талаас зураг гаргаж өгсөн байсан. Тухайн зураг нь ямар ч нарийвчлал буюу координатын цэг байдаггүй. Засгийн газрын 239 дүгээр тогтоол координат, секунд, дойлоор хэмжсэн нарийвчлалтай гаргасан зургийг ярьж байна. Манай талбай дээр хайрга, чулуу, элс байдаг. Үүнийг гуравдагч этгээдийн тал ярих ямар ч шаардлагагүй гэж үздэг. Яагаад шаардлаггүй гэхээр улсын чанартай зам тавигдах гэж байгаа. Үүнийг гуравдагч этгээдийн тал мэдэж байгаа. Энэ зам тавигдахад тухайн талбайгаас хайрга зайлшгүй авах шаардлагатай. Бид энэ байдлыг харж тусгай зөвшөөрөл авсан.  

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дүгнэлт гаргах зохицуулалтыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ хуульд Ашигт малтмалын газрын хийх ажлыг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ талбайд ашигт малтмал  хайх, хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэж зааж өгсөн байдаг. Эдгээр нөхцөлийн аль ч байдал нь байхгүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 19.12 дугаар заалтыг бүхэлд нь авч дүгнэлт гаргасан нь хууль бус юм. Манайд хэлэхдээ сонгон шалгаруулалтын журмаар болон улсын төсвийн хөрөнгөөр гэж бичсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар бол сонгон шалгаруулалтын журмаар олгодог гэдгийг шалгаж үзэхээр манайхаас хойш тусгай зөвшөөрлийг 2 компанид өргөдлийн журмаар олгосон байдаг. Уг хоёр компанийн төлөөлөл бол шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Үүнд асуудал байгаа юм.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоож, *** аймгийн *** сумын нутагт орших 29.37 га талбайг А Э И ХХК-д олгосон хайгуулын XV******* дугаар тусгай зөвшөөрөл, *** аймгийн *** сумын нутагт орших 300.82 га талбайг Ө  ХХК-д олгосон хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я ХХК-иас *** аймгийн *** сумын *** нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг *** аймгийн Засаг даргад 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байна.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу уг өргөдлийн талбайд дүгнэлт гаргуулахаар *** аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын газарт 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр албан бичиг ирүүлсэн байна. Ашигт малтмалын газар Я ХХК-ийн өргөдлийн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг хуульд зааснаар хянаж үзэхэд дараах нөхцлүүд тогтоогдсон байна. Тус компанийн өргөдлийн талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны ажлын үр дүнд эрсдлийн хуримтлалтай болох нь тогтоогдсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх судалгаа гэж улсын төсвийн эх үүсвэрээр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, сэдэвчилсэн Судалгаа болон геологийн эрэл хайгуулын ажлыг ойлгоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах”-ыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын бүрэн эрхэд хамааруулсан. Дээрх хуулийн зохицуулалтуудаар улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлалтай талбайд Ашигт малтмалын газар сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгохыг хуульчилсан байна. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өргөдлийн бүртгэлийн код  ТХ-00011-оор Өргөдөлд дурдсан талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмал, мөн зүйлийн 4.1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц баялагийг ашиглах боломжийг судлан техник эдийн засгийн үнэлгээ хийхийг түгээмэл ашигт малтмал хайх” хайх гэж тус тус тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл зам барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан жухмын дагуу зохицуулна. Гэтэл нэхэмжлэгч Я ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн *** аймгийн *** сумын *** нэртэй талбай нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил хийгдсэн байсан. Тодруулбал, тус газрын Геологийн алба /хуучин нэрээр/-аас тухайн талбайд алтны шороон ордын эрдсийн хуримтлалтай талбай болох талаар дотоод хяналтын хуудсаар тодорхойлсон байна.

*** аймгийн *** сумын нутаг Баруун захцаг нэртэй талбай /Я ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай/-д 1988 онд Дарханы геологийн экспедицийн Заамарын анги нь Төв аймгийн Заамар сумын нутаг дахь алтны хуримтлал бүхий 6 хөндийд эрэл үнэлгээний ажил явуулж, алтны ерөнхий тархалтын цар хүрээ, шороон ордын хувьд хэтийн төлөвтэй болохыг тогтоож, нөөцийг P1 зэргээр тогтоосны нэг хэсэг нь Туул голын хөндий Баруун захцагийн хөндий юм. Баруун захцагийн хөндийд 970-986 хайгуулын шугам багтах бөгөөд алтны нөөц, тархалтын хувьд төдийлөн бүрэн судалгаа хийгээгүй орхисон байна. Уг талбайд 2005 онд Ө У  ХХК нь Туулын зүүн ***ийн Баруун захцагийн хөндийд хайгуулын ажил явуулж, нөөцийг В зэргээр 707,5 кг гэж тогтоосон байна. 2006-2010 онуудад дахин нэмэлт хайгуул хийж, В зэргээр нөөцийг нэмж тооцоолсон байна. 

*** аймгийн *** сумын нутаг Туул нэртэй 29.37 га талбайд А Э И ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна. Уг өргөдллийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянаж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан талбайтай давхцалгүй байсан тул мөн хуулийн 19.3-т заасны дагуу *** аймгийн Засаг даргаас санал авахаар 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 6/1307 дугаар мэдэгдэл хүргүүлсэн байна. *** аймгийн Засаг даргаас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн бөгөөд дэмжихгүй санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 10-т заасан шаардлагыг хангахгүй байсан. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр дээрх талбайд А Э И ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрөл олгосон байна.

*** аймгийн *** сумын нутаг Шар ус нэртэй 300.82 га талбайд О ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна. Уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянаж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан талбайтай давхцалгүй байсан тул мөн хуулийн 19.3-т заасны дагуу *** аймгийн Засаг даргаас санал авахаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/3019 дугаар мэдэгдэл хүргүүлсэн байна. *** аймгийн Засаг даргаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн бөгөөд дэмжихгүй санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5, Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 10-т заасан шаардлагыг хангахгүй байсан. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 461 дүгээр шийдвэрээр дээрх талбайд О ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрөл олгосон байна. О ХХК-иас ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр Ө ХХК-д шилжүүлсэн байна. Дээр дурдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 312, 461 дүгээр шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн гарсан хууль ёсны захиргааны акт бөгөөд түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.  

 Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Я ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ө ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус компани нь 2016 оны 9 дүгээр сард О ХХК-ийн эзэмшиж байсан *** аймгийн *** сумын нутаг дахь Шар ус нэртэй 300.82 га талбай бүхий ****** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр шилжүүлж авсан болно. Я ХХК-ийн гаргасан гомдол нь манай компанийн зүгээс ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд А Э И ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ. Ашигт малтмалын газар нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан бөгөөд гаргасан шийдвэрийг нь илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл олгохгүй тухай хариуг хүлээн авсанаас хойш 1 сарын дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах боломжтой байсан. Гомдол гаргаагүй ямар ч маргаан байхгүй байсан тул манай компани 2015 оны 10 дугаар сард Ашигт малтмалын газарт хандаж ердийн ашигт малтмалын XV-****** тоот тусгай зөвшөөрлийг алтны хайгуул хийх зориулалтаар авсан. Нэхэмжлэгч тал анх гомдол гаргах хугацааг зөрчсөн боловч 2016 оны 3 дугаар сарын 06-нй өдөр Ашигт малтмалын газарт хандаж хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэсэн байна. Хэдийгээр Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2142 дугаар албан бичгээр хариугаа авсан боловч мөн л маргаан бүхий актын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ханджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх тул хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичиг үндэслэлгүй тухай бүх нотлох браимтыг үнэлж, судлах шаардлагагүй байна.

Хэрэгт авагдсан материалаар өргөдөлд заасан талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн эрдсийн хуримтлал бүхий талбай байсан болох нь тогтоогдож байна. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан бүрэн эрх, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т заасны дагуу өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай дүгнэлт, санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Я ХХК-ийн зүгээс гомдол гаргахдаа маш олон хугацааны шаардлагыг зөрчсөн байдаг. Тухайлбал 2015 оны 5 дугаар сард энэ асуудлыг *** аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн. Үүнээс хойш жилийн дараа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын газарт гомдол гаргасан. Ашигт малтмалын газраас 2016 оны 4 дүгээр сард хариу өгсний дараа 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандсан байдаг. Иргэн, хуулийн этгээд гомдол гаргах эрхтэй ч гомдол гаргах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарласан байдаг. Захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хадгалж хамгаалахын тулд хязгаарлалт тогтоосон. Нэг талаар төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа явагдаж байгаа. Нөгөө талаар аж ахуйн нэгж бүтэн жилийн дараа дугаараа авсан байдаг. Тусгай зөвшөөрөл авахад зардал мөнгө маш их хэмжээгээр гардаг. Тусгай зөвшөөрлийг нөгөө этгээдэд худалдсан байдаг. Энэ мэт бүх зардлыг зохицуулахын тулд хугацаа тогтоон зохицуулж байгаа. Захиргааны актыг илт хууль бус болгохоор хандсан байж хүчингүй болгуулах асуудлыг ярьж байна. Захиргааны актыг илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар, нотлох баримт, үндэслэл нь маргаан бүхий актыг тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан үндэслэлүүд байхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт Ашигт малтмалын газрын албан бичгийн талаар маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Тухайн Ашигт малтмалын газрын *** аймгийн Засаг даргад хандан бичсэн албан бичиг эрх зүйн үр дагавар бий болгохгүй. Я ХХК-ийн зүгээс *** аймгийн Засаг даргад хугацаанд нь гомдлоо гаргах боломж байсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Алтны албан ёсны ордтой, алтны хайгуул хийх холболт хийх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан байдаг. Ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээс өмнө Я ХХК өрсөлдөөнгүйгээр тусгай зөвшөөрөл авах гэсэн санаагаар өргөдөл гаргасан байдаг. Тухайн талбай алтны ордтой байсан гэдэг нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд байгаа баримтаар тодорхой харагдаж байна. Мөн хавтаст хэргийн 117 дугаар талд байгаа А Э И ХХК-ийн тусгай зөвшөөрөл гол даган голын энгийн хамгаалалтын бүс рүү ороогүй 200 метрийн зайтай байгаа юм. Харин Я ХХК-ийн өргөдлийн талбай нь голын энгийн хамгаалалтын бүс рүү орсон байдаг. Голын энгийн хамгаалалтын бүс нь хуулиар хориглосон талбай юм. Асуудлыг нь шийдвэрлэсэн захиргааны актын талаар биш байгууллага хоорондын албан бичгийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн талбай тэгш өнцөгт хэлбэртэй байх ёстой. Зөвхөн тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглосон хилийн заагтай давхцсан тохиолдолд тэгш өнцөгт хэлбэргүй байж болдог. Я ХХК-ийн өргөдөл гаргасан талбай нь хилийн зааг руу орсон байдаг. Харин А Э И ХХК-ийн өргөдлийн талбай нь хилийн зааг руу ороогүй. Өөр хоосон талбай байдаг. Эдгээр талбай дээр өргөдөл гаргах боломж байсан. Уул уурхайн сайдын тушаал хэрэгт авагдсан байгаа. Я ХХК-ийн эрх ашгийг А Э И ХХК-ийн тусгай зөвшөөрөл  яаж зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я ХХК-иас тус шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох, *** аймгийн *** сумын нутагт орших 29.37 га талбайг А Э И ХХК-д олгосон хайгуулын XV******* дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг Ө  ХХК-д олгосон хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Я ХХК 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *** аймгийн *** сумын 345 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг *** аймгийн Засаг дарга хянаж үзээд, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1209 дугаар албан бичгээр татгалзсан тухай хариу өгсөн бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар  албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээр  өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирсэн өргөдлийн талбайтай давхцаагүй байхад Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдсийн хуримтлалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан нь илт хууль бус гэж маргажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “... энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх ... ”,  10 дугаар зүйлийн 10.1.3-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу *** аймгийн Засаг даргаас Я ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх явцад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хүсэлт гаргасан талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх боломжтой талаар дүгнэлт гаргуулжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар  албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд “өргөдөлд дурдсан талбай нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи судалгааны ажлын явцаар тогтоогдсон эрдсийн хуримтлалтай талбай учир уг талбайг олгох боломжгүй” гэж дүгнэж, уг дүгнэлтээ *** аймгийн Засаг даргад хүргүүлжээ. 

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр  тогтоолын хавсралтаар тогтоосон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд нэхэмжлэгч Я ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүсч, өргөдөл гаргасан талбайн солбицол бүхэлдээ хамаарсан бөгөөд уг тогтоолоор тогтоосон солбицол бүхий талбайд Уул уурхайн Сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар  тушаалаар 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг Ашигт малтмалын газарт даалгажээ. 

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх судалгаа гэж улсын төсвийн эх үүсвэрээр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, сэдэвчилсэн Судалгаа болон геологийн эрэл хайгуулын ажлыг ойлгоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасантай нийцсэн байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах”-ыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “өргөдөлд дурдсан талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц баялагийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж тодорхойлсоны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу зохицуулагдана. 

Гэтэл нэхэмжлэгч Я ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн *** аймгийн *** сумын *** нэртэй талбай нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил хийгдсэн бөгөөд тус газрын Геологийн албанаас тухайн талбайд алтны шороон ордын эрдсийн хуримтлалтай талбай болох талаар Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар  тодорхойлсон байна.

Мөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт “...1988 онд Дарханы геологийн экспедицийн Заамарын анги нь Төв аймгийн Заамар сумын нутаг дахь алтны хуримтлал бүхий 6 хөндийд эрэл үнэлгээний ажил явуулж, алтны ерөнхий тархалтын цар хүрээ, шороон ордын хувьд хэтийн төлөвтэй болохыг тогтоож, нөөцийг P1 зэргээр тогтоосны нэг хэсэг нь Туул голын хөндий Баруун захцагийн хөндий юм. Баруун захцагийн хөндийд 970-986 хайгуулын шугам багтах бөгөөд алтны нөөц, тархалтын хувьд төдийлөн бүрэн судалгаа хийгээгүй орхисон байна. Уг талбайд 2005 онд Ө У  ХХК нь Туулын зүүн ***ийн Баруун захцагийн хөндийд хайгуулын ажил явуулж, нөөцийг В зэргээр 707,5 кг гэж тогтоосон байна. 2006-2010 онуудад дахин нэмэлт хайгуул хийж, В зэргээр нөөцийг нэмж тооцоолсон байна.” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд Геологийн баримтын төв архиваас ирүүлсэн ашигт малтмалын зураг , ашигт малтмалын газраас ирүүлсэн Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын байршлын зураг  зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан чиг үүргийн дагуу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн а-40 дүгээр тушаалаар батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргах үйл ажиллагааны дотоод зааварт  заасан журмаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргаж *** аймгийн Засаг даргад хүргүүлснийг илт хууль бус гэж  үзэх үндэслэлгүй.

Иймээс нэхэмжлэгч Я ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

*** аймгийн *** сумын нутагт орших 29.37 га талбайг А Э И ХХК-д олгосон хайгуулын XV******* дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг Ө  ХХК-д олгосон хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Я ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн талбай болох 345 га талбайд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 312 дугаар  шийдвэрээр А Э И ХХК-д 29.37 га талбайд,  О ХХК-д 300.82 га талбайд тус тус ашигт малтмал хайгуулын  тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд О ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадасртын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дүгээр  тогтоолоор Ө  ХХК-д шилжүүлжээ. 

Нэхэмжлэгч Я ХХК 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *** аймгийн *** сумын 345 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг *** аймгийн Засаг даргад гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 ”ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;”-ээр заасан чиг үүргийн хүрээнд хянаж үзээд Я ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрдсийн хуримтлалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т ”энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох” гэж заасан шаардлагыг хангасан гэж үзэж А Э И ХХК-д хайгуулын XV*******, Ө  ХХК /О ХХК/-д хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг тус тус олгосон нь Я ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Я ХХК нь Ашигт малтмалын Газрын Кадастрын хэлтэстэй Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн харилцаа үүсээгүй, харин түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг хүсч, *** аймгийн Засаг дарга болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэстэй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг шийдвэрлүүлэх харилцаа үүссэн. 

Иймээс нэхэмжлэгч Я ХХК-ийг А Э И болон Ө  ХХК /О ХХК /-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талбайд өмнө нь уг талбайд хүсэлт гаргасан этгээд гэж үзэх боломжгүй бөгөөд эдгээр компаниудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүсч, шийдвэрлүүлэх эрхийг хөндөөгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн *** аймгийн *** сумын нутагт орших 29.37 га талбайг А Э И ХХК-д олгосон хайгуулын XV******* дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг Ө  ХХК-д олгосон хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Я ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *** аймгийн *** сумын нутагт орших 29.37 га талбайг А Э И ХХК-д олгосон хайгуулын XV******* дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг Ө ХХК-д олгосон хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 


              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3,  14 дүгээр зүйлийн 14.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2962 дугаар албан бичигт дурдсан дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан *** аймгийн *** сумын нутагт орших 29.37 га талбайг А Э И ХХК-д олгосон хайгуулын XV******* дугаар тусгай зөвшөөрөл, 300.82 га талбайг Ө ХХК-д олгосон хайгуулын XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.АДЪЯАСҮРЭН