Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2019/0049/З |
Дугаар | 221/МА2020/0048 |
Огноо | 2020-01-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2020/0048
“Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасныг тус тус баримтлан “Б х” ХХК-ийн “Өлгий сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын М.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...бид хууль тогтоомж, норм, нормативын дагуу ажилладаг ба эдгээр хууль, тогтоомжоор жуулчны бааз хооронд зай зэргээс авахуулаад маш олон норм нормативыг зохицуулсан байдаг. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа уг хууль журамд заасан норм, нормативыг болон бусад холбогдох хуулийг зөрчсөн. Ингэснээр манай компанийн эрх дараах байдлаар зөрчигдөж байгаа болно.
Үүнд: гол усны харагдах байдлыг хаасан, манай жуулчны баазын яг хажууд хил залгаа өөр жуулчны бааз бууснаар дуу чимээ гарах нөхцөлийг бүрдүүлж манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн. Иргэн М.Ж нь манай жуулчны баазын яг хажууд муу усны нүх ухсан байна. Ингэснээр агаар бохирдож манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдахад хүрч байна,
Манай компанийн орлогод нөлөөлж болзошгүй, хууль журамд заасны дагуу маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх ёсгүй байсан, хууль тогтоомжид заасан бусад эрхийг анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй явдалд гомдолтой байна.
Түүнчлэн, эрх бүхий этгээдээс маргаан бүхий актыг гаргахдаа Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 04-04-029/107 дугаар дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 02/261 дугаар албан бичиг, фото зураг, гэрч Б.Ж-ний мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, газрын үзлэгийн үеийн схем зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон юм.
Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг /бусдыг/ татан оролцуулах, сонсгох ажиллагаа явуулах зэрэг процессын ажиллагааг заавал хийж гүйцэтгэсэн байх ёстой боловч тэгээгүй. Өлгий сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг ноцтой зөрчсөн байна.
Хариуцагчийн зүгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар хуралдааны тогтоол гарсан учраас маргаан бүхий актуудыг гаргасан гэж голлон нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Уг тогтоол нь анхнаасаа холбогдох хуулиудыг зөрчсөн учраас илт хууль бус захиргааны акт байсан юм. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хүчингүй өөрөөр хэлбэл, эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Ийм захиргааны актыг ямар ч захиргааны байгууллага, шүүх, иргэн биелүүлэх үүрэггүй. Ялангуяа уг захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага түүнийг хэрэгжүүлж болохгүй юм. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй явдалд мөн гомдолтой байна.
Бусад этгээдээс уг маргаан бүхий газрыг эзэмшилдээ авахаар удаа дараа хөөцөлдөж байсан бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс уг газрыг усны сав газар хэмээн зөвшөөрөөгүй байсан юм. Гэтэл иргэн М.Ж гэгчид уг газрыг давуу байдлаар олгосон явдалд гомдолтой байна. Энэ бүгдийг анхан шатны шүүх анхааралдаа авалгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Б х” ХХК-аас “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай” А/50 дугаар захирамж болон 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар захирамжуудын М.Ж-ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай” А/50 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх 10 нэгж талбарын газрын байршил, зориулалт, хэмжээ, анхны үнэ, дэнчингийн хэмжээг баталж, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг үндэслэн М.Жад Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс батлагдсан схем зургийн дагуу 3000 м.кв газрыг аялал жуучлалын зориулалтаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 10 дугаар баг, Цагаан хус-3 гудамжны 310 тоот хаягт 8312019325 дугаар бүхий нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 0213000504 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Маргаж буй үйл баримтын тухайд иргэн М.Ж-ад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт 3000 м.кв газрыг Өлгий сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжаар “аялал жуучлалын зориулалтаар эзэмшүүлэх”–ээр шийдвэрлэсэн нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр захирамжаар олгосон Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 3000 м.кв газарт аялал жуучлалын үйл ажиллагаа явуулдаг “Б х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухай асуудал байна.
Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын М.Ж-ад газар эзэмших эрх олгосон шийдвэрийн улмаас зөрчигдсөн болон зөрчигдөх эрхээ “Гол ус харагдах байдлыг хаасан, манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн, манай компанийн орлогод нөлөөлж болзошгүй, хууль, журамд заасны дагуу маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх ёсгүй” хэмээн тодорхойлжээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан”, 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 26 дугаар тогтоолоор 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, Өлгий сумын 10 дугаар багийн нутаг “Харасай” нэртэй газарт 0,3 га талбайг аялал, жуучлалын зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсний дагуу сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, А/81 дүгээр захирамжаар дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг байгуулж, 123 дугаар захирамжаар М.Ж-ад 3000 м.кв газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Энэ тохиолдолд сумын Засаг даргыг хуульд заасан хориглосон газарт буюу эзэмшүүлэх ёсгүй газарт газар эзэмшүүлсэн гэж шууд дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлд үндэслэн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах бөгөөд хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий газар нь ус сан бүхий газар хамаарч байгаа” хэмээн тайлбарлан маргасан боловч уг үндэслэлтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан буюу маргаан бүхий газрыг эзэмшүүлж болохоор заасан тогтоолтой маргаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас М.Ж-ад газар эзэмшүүлсэн маргаан бүхий А/123 дугаар захирамжийн улмаас эзэмшил газартай нь давхцаагүй өөр байршилд газар эзэмших эрх нь үүссэн, газар олгосон төсөл сонгон шалгаруулалтад оролцоогүй “Б х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “...Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг татан оролцуулах, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагааг хийгээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангах, сонсох ажиллагаа явуулах үүргийг хүлээхгүй.
Мөн М.Ж-ад тухайн газрыг аялал жуучлалын зориулалтаар эзэмшсэн боловч уг газраа амралтын газар, жуулчны бааз, гэр буудал ажиллуулахаар үйл ажиллагаа явуулж эхлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудад тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдал алдагдах хүрч байна” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ