Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0117/З |
Дугаар | 001/ХТ2024/0092 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/0092
“М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0288 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0357 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0272 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***, Я.А*** нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“М***” ХХК-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан “М***” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.“М***” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 36/23 дугаар албан бичгээр Том татвар төлөгчийн газарт хандан “... тухайн үед “Чёрновый медь” буюу хаягдал хүчиллэг уснаас гарган авсан ашигт малтмал, бүтээгдэхүүн гэсэн нэршил олдохгүй байсан тул зэсийн баяжмал гэсэн нэршлээр гэрээг хийж цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн, ... АМНАТ төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
2.1.Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгээр “... үйлдвэрийн ил уурхай, хүдрийн овоолгоос туршилтын үйл ажиллагааны явцад хаягдал ус /хүчиллэг ус/-ыг цэвэршүүлэн гарган авсан “Черновый медь”-ийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр зэсийн баяжмал гэж тодорхойлсон, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 47.1.2-т тус тус заасны дагуу ашигт малтмал ашиглан зэсийн баяжмал экспортод гаргахад борлуулалтын үнэлгээг дээрх хуулийн 47.2.1-д заасны дагуу тооцож, мөн хуулийн 47.3.3, 47.5-д заасан хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан 47.11-т заасны дагуу тайлагнаж төлнө, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авч экспортолсон төлбөр төлөгч нь дээрх хуулийн ашигт малтмалын төлбөр төлөх” талаар хариуг хүргүүлсэн байна.
2.2.Дээрх албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч, “М***” ХХК-аас 2023 оны 11 дүүгээр сарын 23-ны өдрийн 49/23 дугаар албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлжээ.
3.Нэхэмжлэгчээс “... Татварын удирдлага, олон улсын татварын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/2315 дугаар албан бичгийг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газарт хандан гомдол гаргасан, ...гомдол гаргаснаас хойш хариу өгөхийг 30 хоног хүлээсэн боловч аливаа байдлаар хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан ...” гэж;
4.Хариуцагчаас “... 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар өмнө нь хандаж байсан асуудлаар гомдол гаргасан, түүнийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М*** **” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М***” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдолд хариу өгөхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0272 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаатараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
8.1.Нэхэмжлэгч компани нь татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 35/23 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гомдол гаргасан. Уг албан бичгийн агуулгаас үзвэл Орхон аймгийн татварын хэлтсийн АМНАТ төлөгчөөр бүртгэж, АМНАТ ногдуулсан үйл ажиллагааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн ба тус шийдвэрийг хянан үзэж, шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул гомдлын шинжийг агуулж байна. Тус гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т заасны дагуу Татварын ерөнхий газраас хянан шийдвэрлэх зохицуулалттай ба Татварын ерөнхий газар нь гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч татварын албаны шийдвэр үндэслэлтэй талаарх хариуг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнийг нотлох үйл баримт юм.
8.2.Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ өөрөө нягталж гомдлыг зөвшөөрөх, эсхүл үндэслэл бүхий тайлбар өгч татгалзсанаар шүүхийн үр ашиггүй маргаан үүсэхээс сэргийлэх явдал байдаг. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтыг хянан үзэж, дүгнэлт өгөлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
8.3.Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т заасны дагуу татвар төлөгч нь татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалттай ба мөн хуулийн 81.2-т гэж заасан. Гэтэл “М***” ХХК нь Татварын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 49/23 дугаар албан бичгээр гомдол гаргасан нь хуульд заасан гомдол гаргах журмыг зөрчсөн үйлдэл. Өөрөөр бол захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарсан шийдвэрийг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд гомдол гаргаж байгаа хэлбэр. Мөн татварын хууль тогтоомжид зааснаар Татварын ерөнхий газраас дээд шатны татварын алба гэж байхгүй.
8.4.Татварын ерөнхий газар нь дээрх албан бичгийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Том татвар төлөгчийн газарт шилжүүлсэн, учир нь тухайн асуудлаар татвар төлөгч өмнө нь хандсан ба зохих хариуг авсан байсан. Улсын байцаагч нарт цохсон ба тухайн байцаагч нар албан бичгийн шийдвэрлэлтээ утсаар болон уулзалтаар хариу мэдэгдсэн талаарх тэмдэглэлээ Teams программд үлдээсэн. Уг үйл баримтыг шүүхээс үзлэг хийж тогтоосон гэтэл шүүхүүд дээрх үйл ажиллагааг гомдолд эцэслэн хариу өгөөгүй эс үйлдэхүй гэж үзэж, “М***” ХХК-ийн гомдол гаргах, гомдлын хариугаа авах эрхийг зөрчсөн хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
8.5.Иймд дээрх шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж хуульчилсан.
12.Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзвэл, “М***” ХХК-ийг Орхон аймгийн Татварын хэлтсээс АМНАТ төлөгчөөр бүртгэснийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 35/23, 36/23 дугаар албан бичгүүдээр Татварын ерөнхий газар болон тус газрын Эрдэс баялгийн хэлтэст хаяглан гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2315 дугаар албан бичгээр “... үйлдвэрийн ил уурхай, хүдрийн овоолгоос туршилтын үйл ажиллагааны явцад хаягдал ус /хүчиллэг ус/-ыг цэвэршүүлэн гарган авсан “Черновый медь”-ийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр зэсийн баяжмал гэж тодорхойлсон, ... АМНАТ төлнө” гэх хариуг хүргүүлжээ.
13.Нэхэмжлэгчийн зүгээс Орхон аймгийн Татварын хэлтсийн АМНАТ төлөгчөөр бүртгэсэн захиргааны үйл ажиллагааг эс зөвшөөрч гаргасан 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагын шийдвэрийг дээд шатны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хянуулахаар гаргасан гомдолд тооцогдох бөгөөд уг гомдол хангагдаагүй бол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүсэж байна.
14.Гэтэл нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянуулсан (...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, АМНАТ төлөх хууль зүйн үндэслэлгүй) гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин гаргасан, энэ тохиолдолд хариуцагчийг өмнө хариу өгсөн асуудлыг дахин хянаж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.
15.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно: 3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасан.
16.Иймээс хариуцагчийг нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гаргасан гомдолд бичгээр хариу өгч, шийдвэрлээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
17.Анхан болон давж заалдах шатны шүүх “өргөдөл, гомдолд хариу өгөөгүй” гэж хуулийг хэлбэрийн талаас хэт явцууруулан тайлбарласан нь буруу. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдээс нэг асуудлаар дахин гаргасан гомдол бүрд хариу өгөх үүрэгтэй гэж тайлбарлах нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын агуулгад нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
18.Харин нэхэмжлэгчийн хувьд Орхон аймгийн Татварын хэлтсийн шийдвэр (АМНАТ төлөгчөөр бүртгэсэн) нь түүнд чиглэсэн анхдагч захиргааны акт бөгөөд энэхүү маргааны үүсэл болсон тус АМНАТ төлөгчөөр бүртгэсэнтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
19.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0288 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0357 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М***” ХХК-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “М***” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН