Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

А.Анужинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Энхтуул,

хохирогч Ж.Очирхуяг,

ялтан А.Анужин, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, Б.Дамба,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч С.Батжаргал, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Очирхуяг, ялтан А.Анужин, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, Б.Дамба нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар А.Анужинд холбогдох 201725030115 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Алтанхуягийн Анужин, 1998 оны 7 дугаар сарын 3-нд төрсөн, 18 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, ахын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УЗ98070309/;

 

А.Анужин нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 9 дүгээр гудамжны 120 тоот хашаанд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Ж.Очирхуягийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Анужинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Алтанхуягийн Анужинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар А.Анужинд 3 жил, 4 сар, 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Анужингийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Анужин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариулын урт 11 см, ажлын хэсгийн урт нь 15 см, өргөн нь 2,5 см, нийт 26 см-ийн урттай цэнхэр, цагаан, хар алаг өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Анужинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Анужин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие доорх үндэслэлүүдийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Тухайн өдөр найз Очирхуяг нь бидний амьдарч байсан байранд намайг гаднаас орж ирмэгц надад уурласан. Намайг янз бүрээр хэлж, уурлаж байхад би юу ч хэлээгүй, дуугүй орон дээр сууж байхад над руу тамхины ишээ хийж байсан варений шилээ аваад шидсэн. Шидсэн шил нь орны толгойг цохиж хагарч, хагархай нь миний толгойг онож толгойд шилний хэлтэрхий шигдэн орж цус гарсан. Мөн тэр үед миний бүх биеэр шилний үүрмэг бутарч, тэрийгээ босож гөвөөд “чи яаж байгаан бэ” гэхэд над руу дахиж ойртож ирээд цайны аягаар миний толгой руу дахиад цохисон. Миний толгой эргээд яаж байгаан бэ гээд айж балмагдаж, цочирдсон байсан. Гэтэл дахиад барьсан аягаараа намайг цохих гэж далайхад биеэ хамгаалах гээд орны хажуугийн шүүгээн дээрээс нэг юм шүүрээд авсан. Тэр нь хутга байж таарсан. Ж.Очирхуяг надад уурлахдаа эхлээд варений шил шидэж, 2 дахь удаагаа аягаар, 3 дахь удаагаа дахин аягаараа цохих гэж байхад нь айж, цочирдож, өөрийгөө хамгаалах гээд гарт тааралдсан зүйлээ барьсан нь хутга байсан болохоор буруутан болж байгаад гомдолтой байна. Надад биеэ хамгаалахаас өөр арга байгаагүй. Гэтэл намайг санаатайгаар бусдын биед хохирол учруулсан гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хохирогч өөрөө эхэлж над руу дайрч гэмтэл учруулснаа мэдүүлдэг. Намайг хамтран амьдрагчаа хардасны улмаас биед нь гэмтэл учруулсан гэж буруутгасан. Бид хоёрын дунд бие биеэ хардаж сэрдэх зүйл болоогүй. Ингэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Очирхуяг уурлаж бухимдахаараа хурц, ширүүн зан авир гаргадаг. Урьд нь хэд хэдэн удаа надад гар хүрч байсан. Үүнийгээ шүүхэд мэдүүлсэн байдаг. Мөн энэ байдлыг манай ах, найз нар гэрчилсэн мэдүүлэг хэргийн материалд байдаг. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн биеэ хамгаалсныг анхаарч үзнэ үү. Миний бие улсаас томилж өгсөн өмгөөлөгчтэй нэг ч удаа байцаалт өгөөгүй. Тэр өмгөөлөгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийн зөвлөгөө өгөөгүйд гомдолтой байна. Миний гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр, эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Ялтан А.Анужингийн өмгөөлөгч Ц.Батхүү, Б.Дамба нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримт тухайлбал хохирогч Ж.Очирхуяг, гэрч Т.Мөнхзул нарын мэдүүлэгт хэт явцуу дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий ба хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь А.Анужингийн үйлдэл нь гадаад илэрсэн хэлбэр, агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн, шинжийг агуулж байгаа боловч хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тэрээр уг үйлдлийг өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгын үүднээс хийсэн нь хэргийн баримтаар нотлогдож байна. Тухайлбал:

Хохирогч Ж.Очирхуягийн “...Яагаад гэрт янз бүрийн хүн авчраад байгаа юм бэ гэж би Анужинд уурлаад тэгээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Би бухимдахдаа тамхины үнсээ хийж байсан варений шилийг Анужин руу шидсэн. Дараа нь цагаан өнгийн, шаазан бариултай аяга ширээн дээрээс авч, Анужинг давуулан шидэх гэснээ түүний толгойн хэсэгт аягаар цохисон. Анужинг цохиход Анужин намайг хутгаар дүрсэн...”,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Очирхуягийн “...Би анх мэдүүлэг өгөхдөө бие муутай байсан. Ямар мэдүүлэг өгснөө санахгүй байна. ...Энэ хэрэг миний буруугаас болсон. Би муухай араншин гаргаснаас найз охин маань намайг хутгалсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Мөнхзулын “...Очирхуяг Анужин руу варений шил шидтэл шил орны толгой оноод хагарсан. Тэр үед Анужин яаж байгаа юм бэ гэтэл Очирхуяг цайны аяга гартаа бариад би чамайг энэ аягаар цохино шүү гэхэд Анужин ширээн дээрээс хутга аваад намайг цохих юм бол би чамайг хутгална шүү гэтэл Очирхуяг баруун гартаа барьсан аягаараа Анужингийн толгойн зүүн чамархайн хэсэгт 1 удаа цохитол Анужин Очирхуягийн зүүн тал руу 1 удаа хутгалсан. ...Очирхуяг нилээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Анужин нь хохирогч Ж.Очирхуягийн довтолгоон, гэмт халдлагыг няцаах, түүнээс өөрийгөө хамгаалах зорилгоор Эрүүгийн хуульд заасан үйлдэл хийсэн нь нотлогдсон байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх, эдгээр эрхэд нь халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах тухай заасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...шүүх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заавал биелэгдэх зарчмыг хуульчлан заасан. А.Анужин нь амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй бөгөөд мөн амьдрахын төлөө тэмцэх эрхээ эдлэх нь хууль ёсны юм. Гэтэл анхан шатны шүүх гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулаад байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох ажиллагааг дутуу хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч Очирхуягийн халдлага, довтолгоон нь эхэлсэн, дуусаагүй, мөн бодитой байснаас гадна А.Анужингийн амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага байсан. Тэрээр Анужин руу чиглүүлж, варений шил шидсэн аягаар толгой руу нь цохисон, дахин цохих гэхэд аргагүйдээ өрсөж, Анужин өөрийгөө хамгаалан хутга мэс хэрэглэн халдлагыг зогсоож, амьдрахын төлөө тэмцсэн нь аргагүй хамгаалалт хийхийг шаардсан цаг үеэ олсон хууль ёсны үйлдэл гэж үзэж байна. Учир нь Очирхуягийн шидсэн варений шил Анужинг оносон бол, мөн Анужин өөрийн толгой руугаа дахин аягаар цохиулсан бол түүний амь нас нь хохирч болзошгүй нэн аюултай үр дагавар гарахыг үгүйсгэхгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэл хийгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар А.Анужин нь аргагүй хамгаалалтын байдалд Эрүүгийн хуульд заасан үйлдэл хийж, халдагч этгээд Ж.Очирхуягт гэм хор учруулсан нь хэргийн баримтаар нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Анужинг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан А.Анужингийн өмгөөлөгч Ц.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон. Хохирогч Ж.Очирхуяг А.Анужинг цохисон үйлдлийг шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99, 181 дүгээр зүйлүүдийн аль тохирох хэсгээр нь шалгаж тогтоох байтал энэ нөхцөл байдлыг шалгаагүй нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Иймд хохирогчийг үйлдлийг зайлшгүй шалгах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан А.Анужингийн өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Гэрч Т.Мөнхзул, хохирогч Ж.Очирхуяг, шүүгдэгч А.Анужин нарын мэдүүлгээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдлийг хохирогч үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэл хэргийн баримтаар агуулагдаж байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим хангагдаагүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь тодорхой биш, зөвхөн нэг талыг барьж хэргийг шалгасан. А.Анужин нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ гэмт халдлагаас хамгаалах, түүнийг няцаах бодит нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нарийн шалгалгүй. А.Анужин хамтран амьдрагч Ж.Очирхуягийг хардаж хутгалсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Хэргийг бодитойгоор бүрэн гүйцэд шалгах, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ж.Очирхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байх үедээ өөрийн хамтран амьдрагч А.Анужинтай маргаж, улмаар Анужин руу варений шил шидсэн. Анужинг онолгүй орны толгой онож хагарахаар нь аяга авч, түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж, уурлаж бухимдсандаа дахин аягаар цохих гэж далайтал Анужин намайг хутгалсан.

Би тухайн үед согтуу байснаас эхэлж хэрүүл маргаан өдөөсөн, улмаар хамтран амьдрагч Анужинг зодож, гэмтээсэн нь үнэн. Догшин ширүүн авирлаж, хүч хэрэглэсэн миний үргэлжилсэн үйлдлийг Анужингийн зүгээс өөрийгөө хамгаалах зорилгоор хутга мэс хэрэглэн зогсоосонд нэг талаар би гомдолгүй, нөгөө талаар Анужингийн хувьд аргагүй байдалд хүрч, хутга мэс хэрэглэн өөрийгөө хамгаалсан нь хууль ёсны үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн хэрэв миний гэмт үйлдлийн эсрэг Анужин өөрийгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүй байсан бол тэрээр надаас илүү хохирох байсан болов уу гэж бодох юм. Тийм ч учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Учир нь би Анужин руу шил шидсэнээс гадна түүний толгойн хэсэгт аягаар цохисон, дахин цохих гэж далайсан, хэрэв дахин цохисон бол түүний эрүүл мэнд, амь насанд аюул учрахыг үгүйсгэхгүй юм. Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, А.Анужинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...А.Анужингийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Очирхуяг, гэрч Т.Мөнхзул, шүүгдэгч А.Анужин нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд хохирогч болон шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг... яаж үйлдсэн болон бусад байдал/...”, 80.1.3 дахь заалтад заасан “...гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр...”-ийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлон тогтоогоогүй байна:  

Насанд хүрээгүй хохирогч Жаргалсайханы Очирхуягийн хууль ёсны төлөөлөгчөөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13 заалтад заасан “...“хууль ёсны төлөөлөгч” гэж хуулийн дагуу тогтоогдсон, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг;...” этгээдийг тогтоох.

Хохирогч Ж.Очирхуяг нь “1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн” гэж мэдүүлж байгаа боловч хохирогчийг байцаасан тэмдэглэлд 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн гэж бичсэн, хохирогч Ж.Очирхуягийн биеийн байцаалтыг гэрчлэх баримт хэрэгт байхгүй байх тул хувийн байдлыг нь тогтоох.

 

Гэмт хэргийг ямар нөхцөлд үйлдсэн, гэмт хэргийн сэдэлтийн талаар шаардлагатай бүхий л ажиллагааг хийх. Тухайлбал, гэмт хэрэг болсон цаг хугацаанд А.Анужингийн гадаад байдал ямар байсан, гэмт хэрэг болсон газар варьений шил хагарсан байсан бол хэргийн газрын үзлэгээр яагаад илрээгүй, А.Анужинг Ж.Очирхуяг яаж цохисон, А.Анужин яг хэзээ нь Ж.Очирхуягийн хутгалсан зэргийг нарийн тогтоох. 

 

Дээр дурдсан ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Анужинд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол А.Анужинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

 

                                               

ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.ДАВААСҮРЭН

 

                       ШҮҮГЧИД                                                             Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ