Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 634

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр баг, Гурван жигэртэйд оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОБ66101207, Зуутраг овогт Оргодолын Түвшинжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч О.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1983 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч О.Түвшинжаргал нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Оргодолын Түвшинжаргалын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Оргодолын Түвшинжаргалын Төрөлтийн түүх №26 түүний тогтмол хаяг Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р баг, албан тушаал хэсэгт малчин гэж бичигджээ,

3. Гэрч Ц.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн: “Би 1979 оноос Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд малчнаар 1992 он хүртэл ажилласан юм. О.Түвшинжаргал нь нэгдлийн 2 дугаар бригадад амьдарч байгаад 1980 оны эхээр Д.Чимэддоржтой гэр бүл болсноор манай 1 дүгээр бригадад шилжин ирж гэр бүлийн хамтаар мал маллах болсон юм. Түүний нөхөр манай нөхөр хоёр найзууд байсан учраас бид гэр бүлийн найзууд болцгоож олон жил “Тэмээний хашаа” гэх газар айл хоршоо амьдарч байлаа. О.Түвшинжаргалынх гэр бүлээрээ адуу хариулж, манайх тэмээ хариулдаг байсан юм. Миний санаж байгаагаар 1992 онд нэгдэл тарах хүртэл бид хамт ажилласан юм” гэх мэдүүлэг,

4. Гэрч П.Эрдэнийн шүүхэд өгсөн: “Би 1970 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд бригадын дарга, агент, хоршооны нярав зэрэг ажлуудыг хийж байсан. О.Түвшинжаргал нь тухайн үед илгээлтээр малчин болж 2 дугаар бригадад аав, ээжийн хамт мал маллаж байгаад Д.Чимэддоржтой гэр бүл болж 2 дугаар бригадад шилжин 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Би “Бадрал” нэгдлийн 1, 2 дугаар бригадын дарга, агент хийж байсан учраас түүнийг сайн танина, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдлийн даргаар С.Эрдэнэ, С.Сайжрах, Ч.Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ц.Оюунцэцэгийн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 52/1205 тоот болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 195 тоот шийдвэрүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, П.Эрдэнийн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

        Нэхэмжлэгч О.Түвшинжаргал нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн О.Түвшинжаргалын цалингийн тодорхойлолт, төрөлтийн түүх, гэрч Ц.Оюунцэцэг, П.Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч О.Түвшинжаргалын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхбаярмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие С.Мөнхбаярмаа нь Бөхмөрөн сумын иргэн О.Түвшинжаргалын ажилласан жил тогтоолгох шүүх хуралд орох байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний хооронд Прокурорын байгууллагын дунд дунд зохион байгуулагдаж байгаа спортын бага наадамд оролцох туд намайг оролцуулахгүйгээр хэргийг хурлыг хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Оргодолын Түвшинжаргалын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР