Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 524

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Ч.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бэрсүүд овогт Чойжинбаагийн Ч.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911005560606 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 508-18 тоотод оршин суудаг, урьд өмнө нь 1996 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 289 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Бэрсүүд овогт Чойжинбаагийн Ч.З /РД: ВС73082912/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ яллагдагч Ч.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.З нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 3 дугаар гудамж 280 тоотод хашаан дотор иргэн С.Мөнгөнсүхийг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би Энхбаатарын унтаж байхад 14 цагийн үед Золоо ирж сэрээгээд ажилдаа явахаар болсон. Энхбаатарын түрээсэлж буй байрнаас Энхбаатар Золоо бид гурав гарах гэж байтал байрны эзэн болох эмэгтэй өрөөнөөс нь хөөгөөд байхаар нь Золоо бид хоёр ямар ч байсан ажилдаа явлаа Энхбаатарыг өөрөө учраа олоорой гэж хэлээд өрөөнөөс нь гараад байшингийн гадаа гартал байрны эзэн гэх эрэгтэй надруу хүрч ирээд учир зүггүй, үгийн зөрөөгүй зодож эхэлсэн. Тэр залуу эхлээд намайг хавсарч унагаагаад толгой руу дэвсэлж эхэлсэн. Хэдэн удаа яаж өшиглөж, цохисонг санахгүй байна. Нэг мэдсэн чинь хоромхон зуур ухаан алдчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24х/,

гэрч О.Ч.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байшингаас гараад явж байтал араас байрны эзний нөхөр бололтой ойролцоогоор 180 см орчим өндөр, махлаг залуу ирээд Энхбаатарыг цохих шиг болохоор нь би тэр залууд хандан "та одоо болио чээ наад залуугаа аллаа" гэтэл тэр залуу "чи яасан олон үгтэй юм бэ, чамайг ч гэсэн зодчихож чадна" гэж хэлээд намайг зодох гээд хөөсөн. Би хашаанаас гараад зугатаачихсан. Би хашааны булангаас хараад байж байтал нөгөө залуу буцаад хашаа руугаа орчихоор нь би буцаад хашаа руу очтол Мөнгөнсүхийг зодчихсон, Мөнгөнсүхийн нүүрний зүүн тал нь нил цус болчихсон блокон дээр толгойгоо тавьчихсан хэвтсэн байдалтай дэргэд нь нөгөө өндөр махлаг залуу зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41х/,

гэрч Н.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Мөнгөнсүх өврөөсөө 0.75 литрийн шилтэй архи гаргаж ирээд хөл рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Цэрэндэжид хөлөө бариад суучихсан, тэгтэл хашааны гадаа байсан Наранцэцэг эгчийн дүү Жаргал гэх залуу ирээд "чи муу яаж байгаа юм бэ хүүхэд" гэж хэлээд Мөнгөнсүхийг түлхээд унагаасан. Унахад нь л Наранцэцэг эгч хоёр давхараас гарч ирээд Мөнгөнсүх дээр ирсэн. Мөнгөнсүх газар зүүн талаараа уначихсан босохгүй, хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Наранцэцэг эгч очоод дээш харуулж хэвтүүлсэн, хамарных нь доод хэсэгт нь дараад сэргээсэн. Мөнгөнсүх мөлхөж явж байгаад босоод хашаанаас гараад яваад өгчихсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 13-16х/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 17-20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1911 дугаартай шинжээчийн дүгнэлт -С.Мөнгөнсүхийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн чихний дэлбээний шарх, духны шарх, зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. -Дээрхи гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 47х/

Шинжээч Н.Энхцолмонгийн.Мөнгөнсүхийн биед учирсан гэмтэл нь том гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэж болно...” гэх мэдүүлэг. /хх-ийн

54х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Зыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.