Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 4990

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,1-р хороо, Их эзэн Чингис хааны талбай-5 байранд байрлах, Голомт банкны,

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны хороолол, 4-р байрны 158 тоотод байрлах, Баялаг коллект ХХК-д холбогдох,

 зээлийн гэрээний үүрэгт 65 832 642.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 12 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 17 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк хариуцагч  Баялаг коллект ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 65 832 642.63 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баялаг коллект ХХК-ны захирал Б.Оюун-Эрдэнэ нь 2014 оны 01 сарын 10 өдөр Голомт банктай ЗГ2205045971 тоот зээлийн гэрээ, БГ/2205045971-1, БГ/2205045971-2 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 47 сарын хугацаатай, жилийн 7,0 хувийн хүүтэй 100 000 000 төгрөгийн зээлийг ЖДҮХ зориулалтаар авч зарцуулсан.

Зээлдэгчтэй байгуулсан ЗГ2205045971 тоот гэрээнд зээлдэгчийн хүлээсэн үүргийн харилцааг тусгасан тодорхой заалтууд зөрчигдөн, гэрээний хавсралтад заагдсан зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ зээлдэгч биелүүлэхгүй, банкны үзэж байгаагаар зээлдэгч зээлийн хөрөнгийг эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн нөхцөл байдал үүссэн байдлыг үндэслэн, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Барьцааны гэрээнд тусгагдсан хөдлөх хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй, зарим хөрөнгө нь устаж үгүй болсон тул зээлдэгчийн өмчлөлийн бусад үл хөдлөх, хөдлөх хөрөнгөнөөс зээлийн хүүгийн төлбөр нийт 65 832 642.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Зохигч 2016 оны 08 сарын 30 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн 65 832 642.63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 2017 оны 03 сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Дээрхи хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй, дутуу төлөгдсөн нөхцөлд Зээлийн гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болсон дугаар БГ/2205045971-1, БГ/2205045971-2 барьцааны гэрээнд заагдсан Volvo ХС90 маркийн 77-31 УНГ улсын дугаартай, YVICZ91H841095820 арлын дугаартай, 00503277 гэрчилгээтэй суудлын автомашин болон бусад хөдлөх эд хөрөнгүүдийг шуурхай худалдан борлуулж төлбөрийг төлөхөөр тохирч, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч  Баялаг коллект ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 65 832 642.63 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын дотор буюу 2017 оны 03 сарын 01 өдрийн дотор 65 832 642.63 төгрөгийг төлөхөөр, дээрхи хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй, дутуу төлөгдсөн нөхцөлд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болсон БГ/2205045971-1, БГ/2205045971-2 барьцааны гэрээнд заагдсан Volvo ХС90 маркийн 77-31 УНГ улсын дугаартай, YVICZ91H841095820 арлын дугаартай, 00503277 гэрчилгээтэй суудлын автомашин болон бусад хөдлөх эд хөрөнгүүдийг шуурхай худалдан борлуулж төлбөрийг төлөхөөр эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй,  хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 487 113.21 төгрөгөөс 243 556.56 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 243 556.56 төгрөгийг, хариуцагчаас 243 556.56 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зээлийн гэрээний үүрэгт 65 832 642.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баялаг коллект ХХК төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 06 сарын хугацааны дотор буюу 2017 оны 03 сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрхи хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй, дутуу төлөгдсөн нөхцөлд Зээлийн гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болсон дугаар БГ\2205045971-1, БГ\2205045971-2 Барьцааны гэрээнд заагдсан Volvo ХС90 маркийн 77-31 УНГ улсын дугаартай, YVICZ91H841095820 арлын дугаартай, 00503277 гэрчилгээтэй суудлын автомашин болон бусад хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж төлбөрийг төлөхөөр тохирч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 487 113.21 төгрөгөөс 243 556.56 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 243 556.56 төгрөгийг, хариуцагчаас 243 556.56 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                          Д.НАРАНЦЭЦЭГ