Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00279

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05109 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 120,760,759 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ШЗ-20210816-14 тоот Зээлийн шугамын гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 22 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусах байсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй.

1.2. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар 2023 оны 6 дугаар сарын 05, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус тус албан бичгээр, 2023 оны 6 дугаар сарын 14, 2023 оны 6 дугаар сарын 21, 2023 оны 8 дугаар сарын 16, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд и-мэйлээр тус тус мэдэгдэж байсан боловч зээлийг төлөөгүй гэрээний хугацаа дууссан. Зээлдэгчээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 11 удаагийн төлөлтөөр төлсөн төлбөрийг зээлийн гэрээний 2.16-д зааснаар нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллын дагуу хасаж тооцсон болно.

1.3. Фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагаасаа татгалзаж, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр гаргуулахаар нэхэмжлэлээ дэмжиж байна.

 

1.4. Иймд үндсэн зээлийн төлбөр 100,000,000 төгрөг, хүүний төлбөрт 19,828,760.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 914,498.63 төгрөг нийт 120,743,259.28 төгрөг, нотариатын зардалд 17,500 төгрөг нийт 120,760,759.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ШЗ-20210816-14 тоот зээлийн гэрээ, мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УМ-20210319-03 тоот фидуцийн гэрээ байгуулж, ******* арлын дугаартай, ******* ******* улсын дугаартай, ******* маркийн автокраныг *******-ийн өмчлөлд шилжүүлсэн.

2.2. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 120,760,759.28 төгрөгийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу *******-ийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө буюу автокраныг бодитойгоор шилжүүлэн өгч, ШЗ-20210816-14 тоот зээлийн гэрээ болон УМ-20210319-03 тоот фидуцийн гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 120,743,259 төгрөгийг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлээс 17,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн УМ-20210319-03 тоот Фидуцийн гэрээний зүйл болох ******* арлын дугаартай, ******* ******* улсын дугаартай, Автокранаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 831,954 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 761,666 төгрөгийг гаргуулж *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2, 235.3 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээ байгуулагдан, өмчлөлд шилжсэн ч түүнийг ашиглах эрхгүй байх, захиран зарцуулах эрхгүй байх үр дагаврууд нь уг хөрөнгийн өмчлөх эрх хийсвэр байх агуулгыг илэрхийлж байна. гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т зааснаар шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болох ба талуудын хооронд байгуулсан УМ-20210319-03 тоот фидуцийн гэрээний 1.7-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн хөрөнгийг бусдад худалдах болон бусад хэлбэрээр борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан. Энэ талаар тус анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.2 дахь хэсэгт мөн бичсэн байгаа болно.

Иймд шийдвэрийн үүрэг гүйцэтгэгч зөрчлийг арилгаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд хэрхэх талаар талууд гэрээнд тодорхой зааж өгсөн байх тул тухайн заалтыг хийсвэр гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм.

4.2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй тохиолдолд ашигладаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээнээс татгалзах үндэслэлийг тодорхойлоогүй, тодорхой заагаагүй, талуудын хооронд байгуулсан УМ-20210319-03 тоот гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэлт хөрөнгө барьцаалах шаардлага зээлдэгчид тавьсаны дагуу хариуцагч нэхэмжлэгчид нь ******* ******* улсын дугаартай, ******* маркийн автокраныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тул үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзнэ.

4.3. Тус хэргийн шүүх хуралдааны үеэр даргалагч шүүгч нь нэхэмжлэгчээс Фидуцийн гэрээнээс татгалзах уу? гэж асуухад нэхэмжлэгч үгүй гэж хариулсан. Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнээс татгалзаагүй байхад шүүх үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч татгалзсан гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн болоод агуулгын алдаатай шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулахаар заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг шаардсан бөгөөд энэ мөнгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дурдсан.

2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үүргийн гүйцэтгэлээр буюу фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахгүй, зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр шаардсан, уг нэхэмжлэлийн дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн байхад хариуцагч тал фидуцийн зүйлийн талаар ярьж байгаа нөхцөл байдлыг огт ойлгохгүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох төлбөр тооцооны асуудалд огт маргаагүй, төлнө гэж хэлдэг атлаа одоо фидуцийн зүйлийг ав гэж нэхэмжлэгчийг шахдаг. Бид фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс фидуцийн гэрээ байгуулаагүй гэж маргаагүй ба фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авахгүй гэж татгалзсан. Анх гэрээ байгуулахад маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөл нь шилжсэн боловч тухайн автокран одоо хариуцагч *******-ийн хашаанд байгаа бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс барьцааны зүйлийг бодитоор гаргуулж аваагүй.

5.3. Нэхэмжлэлийн үндэслэлийг анхан шатны шүүх хуралдааны үеэр хангалттай сайн тодруулсан буюу танайх зөвхөн зээлийн гэрээний төлбөрийг шаардаж байна уу, нэхэмжлэлийн шаардлага чинь зөвхөн зээлийн гэрээний үүргийг шаардаж байна, зөв үү гэж анхан шатны шүүхийн шүүгч асуухад бидний зүгээс зөв гэж хариулсан бөгөөд нэхэмжлэгч тал фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй бөгөөд уг шаардлагаасаа татгалзсан гэдэг тайлбараа хэлсэн.

Зээлийн гэрээний үүргийг шаардахын тулд заавал фидуцийн зүйлээс татгалзсан эсвэл зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан тохиолдолд зээлийн гэрээний үүргийг зөвхөн фидуцийн зүйлээр хангах ёстой гэх хуулийн зохицуулалт байхгүй.

5.4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэдэг боловч ямар хуулийн, аль заалтыг яаж буруу хэрэглэсэн талаар тайлбарладаггүй. Мөн хариуцагч талын зүгээс 120,000,000 төгрөгийн зээлийг төлөхөд маргаан бүхий автокран хүрэлцэнэ гэж хэлдэг боловч тухайн хөрөнгийн үнэлгээг хийлгээгүй ба үнэхээр хүрэлцэх үү гэдэг нөхцөл байдалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120,743,259 төгрөг, нотариатын зардалд 17,500 төгрөг нийт 120,760,759 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээсээ татгалзсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ШЗ-20210816-14 дугаартай Зээлийн шугамын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.83 хувь, жилийн 22 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь зээл, хүүгийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүү төлөх, мөн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

3.1. Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч нь дээрх гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагүй үйл баримтад маргаагүй бөгөөд ийнхүү гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй зөрчлийн улмаас үүсэх нэмэлт үүрэг буюу хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус нийцсэн.

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээс үзвэл хариуцагч байгууллага нь гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр төлөөгүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 45,774,482 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэл гаргасан 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, хүү 19,828,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 914,498 төгрөг нийт 120,743,258 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.

Түүнчлэн, нэхэмжлэлээс нотариатын зардалд 17,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдэлд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

4. Нэхэмжлэгч байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн УМ-20210319-03 дугаартай фидуцийн гэрээний дагуу фидуцийн зүйл болох автокранаар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан УМ-20210319-03 дугаартай фидуцийн гэрээгээр 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан УМ-20210319-03 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохирчээ. Өөрөөр хэлбэл, дээрх фидуцийн гэрээний зүйлээр маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцоогүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь УМ-20210319-03 дугаартай фидуцийн гэрээгээр 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн фидуцийн гэрээний зүйлээр 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,753 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА