Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 5011

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, Буянт-Өргөө СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, 24-р байрны 37 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧМ58110704, Гэндэн овогт Дашийн Баярсайханд холбогдох,

нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 336 900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 05 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 12 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Буянт Өргөө СӨХ хариуцагч Д.Баярсайханаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 336 900 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч Д.Баярсайхан 2014 оны 11, 12 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-7 саруудад нийтийн зориулалттай орон сууцны  дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал 336 900 төгрөгийг төлөлгүйгээр СӨХ-г хохироож байна.

Иймд Д.Баярсайханаас 366 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Буянт Өргөө СӨХ-ны нэхэмжилсэн 336 900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2016-09-15 өдөр 168 450 төгрөг, 2016-10-15 өдөр 168 450 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Буянт Өргөө СӨХ-ны нэхэмжилсэн нийтийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2014 оны 11,12 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-7 саруудын зардал 336 900 төгрөгийг хариуцагч Д.Баярсайхан бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10 757 төгрөгөөс 5 378.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5 378.5 төгрөгийг, хариуцагчаас 5 378.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний үйлчилгээний 2014 оны 11,12 сар, 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-7 саруудын зардал 336 900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Буянт Өргөө СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баярсайхан 2016 оны 09 сарын 15 өдөр 168 450 төгрөг, 2016 он 10 сарын 15 өдөр 168 450 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10 575 төгрөгөөс 5 378,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5 378,5 төгрөгийг, хариуцагчаас 5378,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ