| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/02546/И |
| Дугаар | 210/МА2025/00307 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00307
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/04970 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Төрийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 65,634,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор *******, ын төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Монгол Улсад покерын спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын чөлөөт спорт покерын үйл ажиллагаа явуулж, 2022 оны 2 дугаар сард Олон Улсын олимпын хорооны дэргэдэх Олон Улсын биеийн тамирын хороонд бүртгүүлж, спортын үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. 2023 оны 2 дугаар сарын 22-24-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах Азийн аваргын тэмцээнд шигшээ багийн тамирчид бүрдүүлэх зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр спорт покерын тэмцээнийг зохион байгуулж байх үед Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн бүрэлдэхүүн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх шалтгаанаар манай үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүгийн хэрэг нээж шалгасан.
1.2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн магадлалаар *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
1.3. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохирол нөхөн төлөх заалтыг үндэслэн дараах хохирлыг шаардаж байна. Үүнд:
Тус хэрэгт өмгөөлөгч авах шаардлагатай болсноор *******, *******, ******* нарт өмгөөллийн хөлс 13,000,000 төгрөг төлсөн, хэрэгт баримтуудыг өгсөн.
Мөн тэмцээн явуулах зорилгоор төвийн 3 давхарт байрлах талбайг сарын 3,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, эхний 3 сарын төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн байсан. Ингээд цагдаагийн байгууллагас үйл ажиллагааг зогсоосны улмаас байрыг ашиглах боломжгүй болсноор нэг сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлж хохирсон, уг хохиролд 4,000,000 төгрөг шаардаж байна. Мөн тус байранд тэмцээн явуулах зорилгоор засвар, тохижилт хийсэн бөгөөд уг зардалд 1,415,000 төгрөг гарсан, байрыг ашиглах боломжгүй болж хүлээлгэн өгснөөр ашиглаж чадахгүй дээрх хохирол учирсан.
Олон улсын тэмцээнд тамирчин бэлтгэн явуулахдаа тэмцээний хураамжаар тамирчдын замын зардлыг бүрдүүлдэг байсан боловч 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 1 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн тэмцээнийг зогсоосноор тамирчдын замын зардлыг бүрдүүлэх боломжгүй болсон тул өөрөөсөө болон найз нөхдөөсөө зээлж, уг зардалд 9 хүний онгоцны тийзний үнэ 19,619,900 төгрөг, зохид буудлын төлбөр 7,600,000 төгрөгийг зарцуулсан.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар яллагдагчаар татсанаар 7 сар хугацаанд шүүх, цагдаагийн байгууллагаар явж, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг нэртэй болж найз нөхөд, таньдаг хүмүүсийн дунд нэр хүнд унасан. 2022 оны 10 дугаар сард зохион байгуулсан тэмцээнд 400 хүн орж байсан бол хэрэг цагаатгасны дараа 2023 оны 6 сард зохион байгуулсан тэмцээнд 50 хүн оролцсон нь надад итгэх тамирчдын итгэл байхгүй болсон, хэвийн үйл ажиллагаа алдагдаж олох ёстой орлого алдагдахад хүрээд байна. Иймд нэр хүнд унаснаас үүссэн сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулна.
Иймд нийт 65,634,900 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс цагаатгах шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон учраас нэхэмжлэгчид гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрх үүссэн. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан учраас Иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлтэй боловч 13,000,000 төгрөг төлсөн эсэх нь эргэлзээтэй, тогтоогдоогүй байна.
2.2. Бусад зардал болох түрээсийн төлбөр, тэмцээн уралдаанд тамирчид явсан талаарх зардал, түрээсэлж байсан эд хөрөнгийг засварласан зардлууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасан гэм хорын хохирол нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй.
2.3. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй. Энэ хэрэгт холбогдсоноос хойш нэр хүнд унасан, зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд хүмүүс орохоо больсон зэрэг тайлбаруудыг гаргаж байгаа ч энэ талаар нотлох баримт байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 65,634,900 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Прокурорын гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан 65,634,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирол нөхөн төлүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзсэн байна. Гэтэл тус хэсэгт ...тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн... гэж заасныг урьдчилсан нөхцөл гэж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас манай үйл ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагаа явуулж байсан байр, эд мөрийн баримтаар хурааж авсан тэмцээний бүхий л эд зүйлс, бичиг баримт, оролцогчдын мэдээлэл зэргийг хураан авч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож шүүхийн шийдвэр гартал дахин ямар нэгэн тэмцээн уралдаан явуулахгүй гэж мөрдөн байцаагчийн мэдэгдэл нь үйл ажиллагааг явуулахыг түдгэлзүүлсэн үйлдэл мөн болно.
5.2. Мөн анхан шатны шүүх тус хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2-т тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан бол хохирол төлүүлэх эрх үүснэ гэдгийг авч хэлэлцэлгүй хэт хөнгөн хуумгай шийдвэр гаргасан байна.
Иймд шударгаар шүүгдэх боломжийг олгож шүүхийн цагаатгах тогтоол гарч цагдаагийн байгууллагын эс үйлдлээс болж хохирсон миний хохирлыг барагдуулж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд хэрэг хянан хэлэлцэх явцад прокурорын зүгээс гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчид холбогдуулан хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэсэн агуулгаар гарсан. Өөрөөр хэлбэл, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн, цагдан хорьсон, баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эрүүдэн шүүсэн үндэслэлүүд байхгүй байсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Өмгөөллийн хөлс төлсөн баримтын тухайд өмгөөллийн хөлсийг нэхэмжлэгч өөрөө тухайн өмгөөлөгчид шилжүүлээгүй болох нь дансны хуулгаар тогтоогддог, бусад зардлын хувьд прокурорын тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь түүнд холбогдох хэргийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэлээр хууль зүйн туслалцаа авсан хөлс 13,000,000 төгрөг, түрээсийн байрны хөлс болон ашиглалтын зардал 4,000,000 төгрөг, уг байрны засварт зарцуулсан 1,415,000 төгрөг, олон улсын тэмцээн уралдаанд оролцсон тамирчдын онгоцны тийз болон буудлын зардал 27,219,900 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг нийт 65,634,900 төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр шаардаж нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөрчлийн улмаас үүсэх үүргийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.
3.1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ДШМ/497 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн, уг тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 6-18 дугаар тал/
3.2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.6 дахь хэсэгт хуулийн этгээдийн орлого, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг төр хариуцан арилгахаар заажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт ...эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх-ээр шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Иймд анхан шатны шүүх гэм хорын хохирол нөхөн төлүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон.
3.3. Хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч *******, *******, ******* нар нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна. Улмаар , нарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 26-ны хооронд Өнөрбаярын өмгөөллийн хөлс утгаар 12,800,000 төгрөг шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацаанд хамаарч байхаас гадна Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэсэнд тооцох зохицуулалтад нийцсэн байх тул хууль зүйн туслалцаа авахад нэхэмжлэгчийг дээрх хэмжээгээр хөлс төлсөн гэж үзнэ.
Иймээс дээрх хохиролд хэргийн баримтаар 12,800,000 төгрөг тогтоогдсон, үлдсэнийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан гэх *******-ын үйл ажиллагаа явуулж байсан байрны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд төлсөн гэх 4,000,000 төгрөг, байрны засвар үйлчилгээнд зарцуулсан төлбөр гэх 1,415,000 төгрөг, тус төрийн бус байгууллагаар дамжуулан олон улсын тэмцээн уралдаанд оролцсон гэх тамирчдын онгоцны тийз болон буудлын зардалд гарсан гэх 27,219,900 төгрөг нийт 32,634,900 төгрөгт холбогдох хохирлын тухайд нэхэмжлэгчид учирсан хохиролд хамаарахгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төр хариуцан арилгах хохиролд хамаарахгүй байна.
Мөн гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсаны улмаас мөрийтэй тоглоом зохион байгуулдаг нэртэй болж найз нөхөд, таньдаг хүмүүсийн хүрээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээр хохирсон гэх үндэслэлээр хохиролд 20,000,000 төгрөг шаардсан боловч хэргийн баримтаар нэхэмжлэгчид өөрт нь дээрх хэмжээний хохирол учирсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
4. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчид учирсан хохиролд хууль зүйн туслалцаа авахад төлсөн 12,800,000 төгрөгийг олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/04970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын нөөц сангаас 12,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,834,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА