| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06534/И |
| Дугаар | 5012 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 5012
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 байранд байрлах, РД-5055873, Жи-мобайл ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн наран 14-р гудамж, 53 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДД84071011, Жалайр овогт Шархүүгийн Эрдэнэбаярт холбогдох,
төхөөрөмжийн үнэ 90000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 11 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 17 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК хариуцагч Ш.Эрдэнэбаяраас төхөөрөмжийн үнэ 90 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ш.Эрдэнэбаяр манай компанитай 2015-01-13 өдөр төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч Ш.Эрдэнэбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 60 000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна.
Иймд хэрэглэгч Ш.Эрдэнэбаяраас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60 000 төгрөг, гэрээний дагуу алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн төхөөрөмжийн үнэ 60 000, алданги 30 000 төгрөгийг хариуцагч Ш.Эрдэнэбаяр төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төхөөрөмжийн үнэ, алдангид 90 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Эрдэнэбаяр 2016-09-10 өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ