| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/07835/И |
| Дугаар | 210/МА2025/00315 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00315
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2025/00014 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ******* тоот орон сууцыг худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн.
1.2. Уг орон сууцыг худалдаж авах үед өмнөх өмчлөгчтэй тохиролцон тус орон сууцанд амьдарч байсан иргэн ******* болон түүний гэр бүлийн гишүүдэд түрээсийн гэрээ хийж түрээслэх, эсхүл орон сууцыг суллаж өгөхийг мэдэгдсэн. Гэтэл ******* нь одоог хүртэл хууль ёсны өмчлөгч болох *******той түрээсийн гэрээ байгуулаагүйгээс гадна, тус орон сууцыг суллаж өгөхгүй, хууль бусаар эзэмшсээр байна.
1.3. Иймд Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 73 дугаар байрны ******* орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* инвест ХХК-тай тохиролцож захирал ******* болон инженер ******* нартай тохиролцож, 2019 онд худалдаж авахаар гэрээ байгуулсан. Гэрээний үнийг 9 жилийн хугацаанд хэсэгчлэн хуваан төлөхөөр тохиролцсоны дагуу сар бүр төлбөрийг төлсөөр ирсэн.
2.2. Гэтэл ******* инвест ХХК нь байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад ******* гэх хүнтэй хувайлдан 2023 оны 6 дугаар сард түүнд худалдсан мэтээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсныг 2024 оны 10 дугаар сард шүүхээс дуудахад мэдсэн. Дээрх орон сууцанд 2019 оноос хойш одоог хүртэл миний эхнэр, 6 өнчин ач нарын хамт 5 жилийн турш амьдарч байна. Уг орон сууцанд бид гэрээний дагуу хууль ёсоор оршин сууж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, 108.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч ******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч талаас анхан шатны шүүхэд хурал хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээж авалгүй шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3.10 дахь хэсэг болон хуулиар олгогдсон өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн.
4.2. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд уг ажиллагаанууд дуусаагүй, хариуцагчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэг явуулах хангалттай баримт бүрдээгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг үл харгалзан хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой.
4.3. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсгийг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.
4.4. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын дугаар 23-ны өдрийн 101/ШШ2025/00014 дугаартай шийдвэрийн дугаарыг 2025 онд авсан атлаа шүүхийн шийдвэрт шүүхийн нэршлийн хуучнаар буюу буруу тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
4.5. ******* нь 2019 оны хавар ******* тоот хаягт байрлах 154 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар ******* инвест ХХК-тай тохиролцож захирал ******* болон инженер ******* нартай гэрээ байгуулж, гэрээний үнийг 9 жилийн хугацаанд хэсэгчилж төлөхөөр, урьдчилгаа 6,000,000 төгрөг, үлдэл төлбөрийг сар бүр 1,500,000 төгрөгөөр төлөх, 2028 онд үлдэх төлбөрийг бүхэлд нь төлж дуусгахаар тохиролцсон. Тохиролцооны дагуу төлбөрийг цаг тухайд нь төлсөөр нийт 70,000,000 орчим төлбөрийг төлсөн, уг орон сууцанд 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл эхнэр, 6 өнчин ач нарын хамт 5 жилийн хугацаанд амьдарч байна.
Гэтэл дээрх 3 өрөө орон сууцыг ******* инвест ХХК нь *******тай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад 2023 оны 6 дугаар сард ******* гэх хүнд худалдсан мэтээр өмчлөх эрхийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулж, орон сууцыг хууль бусаар авах гэж оролдож байгаа гэмт хэргийн шижтэй үйлдлийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасныг хүлээн авч 240609188 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй байтал анхан шатны шүүх ******* нь ******* инвест ХХК-ийг залилсан гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно гэж буруу дүгнэлт хийсэн.
Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэн зөв, бодитой дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд орон сууцыг хууль бус эзэмшлээс шаардаж байгаа учраас 70,200 төгрөг төлсөн. 2024 оны 9 дүгээр сард иргэний хэрэг үүсэж, манай талаас бүх баримтуудаа гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид татгалзлаа баримтаар нотолж, эсвэл хүсэлт гаргаж энэ асуудлыг шүүх шийдэх ёстой. Хариуцагч нь хүсэлт гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй, тайлбар гаргаад яваад байсан. Би хариуцагч талд гэрээ байгаа бол гаргаж өгөөч гэж хэлсэн. Гэрээгээ гаргаж өгвөл би эсрэг тайлбар гаргахад бэлэн байна гэж шүүх хуралдаан дээр ярьсан. Хариуцагч эрхээ хэрэгжүүлээгүй, хуулийн дагуу шүүх хуралдаан явагдаж, хэргийг шийдсэн.
5.2. 2024 оны 6 дугаар сард нэхэмжлэгч ******* уг байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч өмчлөх эрхээ бусдаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, 108.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Хариуцагчийн өмгөөлөгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт гаргаж, хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэл зориг илэрхийлжээ. Харин анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг удаа дараа хангасан, өмгөөлөгч ******* Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дахь хуралд оролцох талаараа шүүхэд мэдэгдэх боломжтой байсан, ийнхүү мэдэгдээгүйгээс шүүх хуралдаан давхцаж товлогдсон нь шүүхээс шалтгаалаагүй гэж дүгнэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэл бүхий болоогүй байна.
Учир нь, анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч *******г эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9 цаг 30 минутад товлосон байх ба хариуцагчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд оролцоогүй байхад шүүх хуралдааны товыг давхацуулахгүй байх боломжтой байсан гэж буруутгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10, 34.3.12 дахь хэсэгт нийцээгүй.
4. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2025/00014 дугаартай шийдвэрийн дугаарыг 2025 онд авсан атлаа шүүхийн шийдвэрт шүүхийн нэршлийг хуучнаар буюу буруу тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт нийцэхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Тодруулбал, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Шүүхийн байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр журамласан тул энэ өдрөөс шүүхийн нэршил өөрчлөгдөнө.
5. Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. Иймд материаллаг эрх зүйн гомдолд дүгнэлт өгөхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2025/00014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн 1,403,515 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.ГАНДИЙМАА