Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 532

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч У.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Туг шавь овогт Уранбатын У.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016290681 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 17-ны Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, Мөнгөн гүүр эмнэлэгт компьютерийн инженер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 11-161 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Туг шавь овогт Уранбатын У.Ч /РД: УК96011715/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ У.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 12 дугаар гудамжинд Т.Балжиннямтай маргалдаж, улмаар газарт унагаан нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун доод зовхи, зүүн эрхий хурууны төвгөрт цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Т.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад 18 цагийн үед Чингэлтэй дүургийн 11 дүгээр хороо Нуурын 12-р гудамжинд байрлах гэртээ орохынхоо өмнө манай гудамжинд байдаг танил ах Мягмарсүрэнгийн гэрт орохоор болж дэлгүүр орж лаазтай 0,5 граммын 6-н ширхэг пиво аваад орсон юм. Тэгээд Мягмарсүрэн ахтай юм ярьж суугаад авсан пивонуудаа ууж дуусгаад орой 19 цаг болж байх үед Мягмарсүрэнгийн хамтаар гудамж руу гарсан юм.Ингээд гудамжаар явж байтал манай гудамжинд амьдардаг У.Ч гээд залуу гудамжны үзүүр дээр зогсож байсан бөгөөд Мягмарсүрэн бид хоёр таарах үед У.Ч Мягмарсүрэн ахын шилэн хүзүүн дээрээс нь авсанаа толгойн ар хэсэгт нь цохиод авсан тул би уурлаж чи яахаараа жаахан юм байж ах нартаа гар хүрдэг юм бэ гэж уурласан. Энэ үед У.Ч шууд намайг хавирч унагаад нүүр лүү 4-5 удаа цохиод авсан. Энэ үед миний хамраас цус гоожоод байх үөд би довжоон дээр суугаад одоо больё гэхэд миний нүүр лүү цохиод, алгадаж аваад байсан ба мөн нүүр лүү маань өшиглөсөн юм. Тэр үед манай гудамжны Ганбаяр гээд запуу болсон үйл явдлыг харж байсан бөгөөд энэ үед би нэгнийх нь гар утсыг аваад цагдаагийн 102 утсанд зодуулчихлаа гэж дуулага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

гэрч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний хувьд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед би Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 12-198 тоотод гэртээ байж байтал миний танил Т.Балжинням манайд эрүүл байдалтай орж ирсэн. Ингээд Т.Балжинням юм ярьж сууя гээд дэлгүүр ороод 0,5 граммын лаазтай Сэнгүр пиво 6-н ширхэгийг авч манай гэрлүү орж хоёулаа хувааж ууж дуусгаад 17 цаг болж байх үед Т.Балжиннямын хамтаар манай гэрээс гараад гудамжинд гараад явж байтал манай гудамжинд амьдардаг У.Ч гээд залуу явж байхаар нь Балжинням сонин юу байна гээд мэндэлсэн чинь У.Ч ирэнгүүтээ та нар ийм атаман болчихсон юм уу гэснээр миний толгой руу алгадаж авсан чинь Балжинням чи миний найзыг яаж байгаа юм бэ гэтэл шууд У.Ч Балжиннямыг хавирч унагаад хөлөөрөө дээрээс нь дэвсээд мөн доошоо сууж байгаад нүүр лүү нь 4-5 удаа цохьсон... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6978 дугаартай дүгнэлт: "...Т.Балжиннямд баруун доод зовхи, зүүн эрхий хурууны төвгөрт цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..." /хх-ийн 30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч У.Чыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч У.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.