Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00357

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/05783 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байрлах, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 тэрбум төгрөгөөр үнэлгээ өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээч томилон 1,037,113,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

Учир нь *******-ийн үнэлгээ нь дээрх үл хөдлөх хөрөнгийг маань 1,037,113,000 төгрөгөөр үнэлж байгаа нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, бодит үнэлгээг бууруулж, цаашлаад дуудлага худалдаанд уг үнийн дүнгийн 70 болон 50 хувиар үнэлэгдэн дуудлага худалдаагаар худалдан борлогдож, хөрөнгөө алдах эрсдлийг бий болгож байна.

Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд оршдог, үйл ажиллагаа нь тогтворжсон, иргэдэд танигдсан, цаашид ч үнэлгээ нь тогтмол өсөх, үнэ цэнтэй байршилтай бөгөөд зах зээлийн одоогийн ханшийг худалдаа, зарын сайтуудаас бүрэн судалж үзсэн тул зах зээлийн үнээс доогуур үнэлж, үнийг бууруулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд *******-ийн *******ийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,037,113,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаартай тогтоолоор -иас 187,540,674 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,095,558 төгрөгийг тус тус гаргуулж, ******* -д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүсгэж, тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч -ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байрлах, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өдөр битүүмжлэн, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хурааж, үнийн санал өгөхийг талуудад мэдэгдэхэд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2,000,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ******* хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/433 дугаар тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлэхэд 1,037,113,000 төгрөгөөр үнэлсэн, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-144/24616 дугаар үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу нэхэмжлэгч *******ийн хууль ёсны төлөөлөгч *******д 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо хугацаандаа гаргаагүй 11 хоног хэтэрсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн тайлбарын агуулга:

3.1. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хөрөнгийн үнэлгээг танилцуулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 1,037,113,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хөндлөнгийн шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлын талаар хөрөнгийн үнэлгээний тайланд дэлгэрэнгүй тусгаж, зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. ******* ХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгааг харгалзан төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******т холбогдох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байрлах, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,037,113,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөг гаргуулан -д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2 тэрбум төгрөгөөр үнэлгээгээ өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээч томилон 1,037,113,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой.

Уг үнэлгээг *******-иас ийнхүү үнэлэхдээ хэт ерөнхий байдлаар буюу хэтэрхий цөөн тооны, мөн харьцуулагдахааргүй байршил дахь хөрөнгүүдтэй харьцуулан жишиж, дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс уг асуудлаар огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, маргаж байгаа *******-иас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн үнэлгээний 7 дугаар хуудсанд зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээг хийсэн гээд, 8 дугаар хуудсанд харьцуулалт хийсэн хөрөнгүүдийн мэдээллийг оруулсан байгаагаас үзэхэд хэт цөөн тооны, байршил болон талбайн хэмжээний хувьд эрс ялгаатай зэрэг харьцуулагдахааргүй хөрөнгүүдтэй харьцуулан дүгнэж, түүнийгээ зах зээлийн бодит ханшийг тогтоосон мэтээр дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцэхгүй байгаа талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарлан маргасан байхад уг асуудлаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна.

5.2. Мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийлгэсэн нь хэрэгт авагдсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд үнэлгээг улам бүр бууруулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байгааг мөн шүүх хуралдааны явцад тайлбарлан маргасан боловч шүүхээс тодорхой үндэслэлгүйгээр уг баримтыг үндэслэлтэй мэтээр дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, тус хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд оршдог, үйл ажиллагаа нь тогтворжсон, иргэдэд танигдсан, цаашид ч үнэлгээ нь тогтмол өсөх, үнэ цэнэтэй байршилтай бөгөөд бидний зүгээс зах зээлийн одоогийн ханшийг худалдаа, зарын сайтуудаас бүрэн судалж үзсэн тул зах зээлийн үнээс доогуур үнэлж, үнийг бууруулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл зах зээлийн жишиг үнийн арга гэдэг бол зах зээл дээрх харьцуулалт хийж болох бүх объектуудын үнийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр бодит дундаж ханшийг тодорхойлох аргыг ойлгохоор байхад дээр дүгнэлтүүд нь хэт цөөн буюу 2-3 ширхэг хөрөнгөтэй харьцуулсныгаа зах зээлийн бодит ханшийг тогтоосон мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

5.3. Иймээс анхан шатны шүүхийн дүгнэлт хийгээгүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь хууль зөрчиж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлсэн асуудал болох тул зохигчдын маргаж байгаа асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсний үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдын гол маргаж байгаа *******-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний талаар хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай огт тусгаагүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлт зөв эсэхийг хянаж, хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7, 168.3-т тус тус заасны дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гараагүй болно.

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. ******* маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 1,037,113,000 төгрөгөөр үнэлж байгаа нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, бодит үнэлгээг бууруулж, цаашлаад дуудлага худалдаанд уг үнийн дүнгийн 70 болон 50 хувиар үнэлэгдэн дуудлага худалдаагаар худалдан борлогдож, хөрөнгөө алдах эрсдлийг бий болгож байна гэж нэхэмжлэгч тал маргасан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүх -ийг шинжээчээр томилоход тус үнэлгээний компани маргаан бүхий хөрөнгийг 1,020,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- ******* дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК нь хариуцагчийн байр суурийг дэмжсэн тайлбар гарган оролцжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоолоор -иас 187,540,674 төгрөг гаргуулж ******* -д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******, *******, ******* нарын өвийн журмаар хүлээн авсан ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6-26, 52-72 дугаар тал/

3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн *******ийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22370131/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22370131/05 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн. /хх-ийн 77-83 дугаар тал/

3.3. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авсан, энэ талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/433 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр *******-ийн үнэлгээчин ******* томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 93 дугаар тал/

3.4. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1,037,113,000 төгрөгөөр тогтоож, мөн өдөр үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна. /хх-ийн 88-92, 93-100, 101-114 дүгээр тал/

Үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-144/24616 дугаартай албан бичгээр *******ийн хууль ёсны төлөөлөгч *******д мэдэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл үйлджээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. /хх-ийн 115-116 дугаар тал/

4. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай танилцаж, хөрөнгийн зориулалт, хийц, ашиглалтад орсон хугацаа, байршил, дэд бүтэц зэргийг үндэслэн зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, дээрх үзүүлэлтээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн хандлагын арга нь үнэлж буй хөрөнгөтэй ижил төстэй болон орлож чадах хөрөнгийн борлуулалт, зах зээл дээр санал болгож байгаа үнийн санал буюу өгөгдлүүдийг үндэслэн хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд тохируулга хийж, харьцуулалт хийх замаар үнэ цэнийг тогтоодог. Энэхүү аргаар хөрөнгийн үнэлгээг тогтооход хөрөнгийн талбайн хэмжээ болон жиших хөрөнгийн тоо хамаарахгүй бөгөөд зохих журам, аргачлалын дагуу хийсэн байх нь хуульд нийцнэ.

5. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор -ийг шинжээчээр томилсон, шинжээч 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хөрөнгийн үнийг 1,020,000,000 төгрөг гэж тогтоожээ. Уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул тус дүгнэлтийг шүүх үнэлсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд хэт цөөн тооны, байршил болон талбайн хэмжээний хувьд эрс ялгаатай зэрэг харьцуулагдахгүй хөрөнгүүдтэй харьцуулсан, энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй, шинжээчийн дүгнэлтийг тодорхой үндэслэлгүйгээр үндэслэлтэй мэтээр дүгнэсэн гэх гомдлыг хангахгүй орхино.

6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хэргийн баримтаар хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хэт бага тогтоосон гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/05783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА