| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06503/И |
| Дугаар | 5022 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 5022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Япон улс, Ёкохама хот, Канагава муж, Минамай нака дүүрэг, Ямашита-Чо Прайм тауэр, 89-6-6 тоотод байрлах Автоком жапан ХХК-г төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 64-р байр, Наран билэг төвийн 601 тоотод байрлах, Автоком Карс ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Ц.Даваадоржийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, Автоком карс ХХК-ийн захирал Н.Цэвээнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас 4 545 200 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн хариуцагчаар оролцвол зохих Ц.Даваадоржийг эрэн сурвалжлуулахаар хүссэнийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Ц.Даваадорж нь Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд Автоком Жапан ХХК-иар дамжуулан оролцож, үнийн саналыг нь хүлээн зөвшөөрч 2014 оны 01 сарын 14 өдөр NHW20-7874586 арлын дугаартай 2008 оны PRIUS автомашиныг 456 000 иенээр худалдан авахаар тохиролцож тухайн үедээ 346 000 иенийг төлж, 2014 оны 02 сарын 18 өдөр Монгол руу ачуулан, гаалиас уг машиныг эзэмшилдээ хүлээн авсан байдаг.
Мөн 2014 оны 01 сарын 21 өдөр NHW20-3502544 арлын дугаартай 2008 оны PRIUS автомашиныг 450 500 иенээр худалдан авахааар тохиролцож тухайн үедээ 340 500 иенийг төлж, 2014 оны 02 сарын 18 өдөр Монгол руу ачуулан гаалиас эзэмшилдээ шилжүүлэн авсан.
Ц.Даваадорж дээрх 2 машины нийт үлдэгдэл тооцоо 220 000 иенийг 2016 оны 08 сарын 01 өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ манайд бичгээр илэрхийлэн, өөрийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн баримт үйлдсэн боловч төлбөрийг төлөөгүй.
Иймд манай компани Ц.Даваадоржоос 220 000 иен буюу 4 545 200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч хариуцагч Ц.Даваадорж нь Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 52-р байрны 28 тоот хаягтаа амьдардаггүй болохыг хорооны Засаг дарга шүүхэд тодорхойлж ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчаар оролцвол зохих Ц.Даваадоржийг эрэн сурвалжлуулахаар хүсч байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Ц.Даваадоржоос 2 автомашин худалдан авсан үнийн үлдэгдэл төлбөр болох 4 545 200 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 52-р байрны 28 тоот хаягаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тус хороонд бүртгэлгүй болохыг хорооны Засаг дарга шүүхэд тодорхойлж ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн оршинэ суугаа газрын мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй болсноос нэхэмжлэгч төлбөрийн нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчаар оролцвол зохих Ц.Даваадоржийг эрэн сурвалжлуулахаар гаргасан түүний хүсэлт тус шүүхэд харьяалагдах тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 87 673 төгрөгөөс нэхэмжлэлийн өөрчилсэн шаардлагад төлөх үүрэгтэй 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас17 473 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Олон хоньт овогт Цэрэндоржийн Даваадорж /РД-ЧЖ79051416/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Хариуцагчаар оролцвол зохих Ц.Даваадоржийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 17 473 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ